Categories
мэдээ нийгэм

Явган хүний болон дугуйн замыг өргөтгөхөд саад болж буй 14 аж ахуйн нэгжийн 7740 ам метр талбайг чөлөөлнө DNN.mn

Иргэдийн аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн 18 байршилд явган хүний замыг шинэчлэхээр болсон.

Уг ажил Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Хүннү гудамжинд тавдугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд явган хүний зам, талбайг шинэчилнэ.

Тус гудамжны 13 мянган ам метр талбай бүхий явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц буюу 1.5-5 метр болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчлэх ажил үргэлжилж буй.

Явган болон дугуйн зам шинэчлэх ажилд саад учруулж буй 23 аж ахуйн нэгж, байгууллагын хашаа, хайсыг буулган, шат чөлөөлөх шаардлага үүссэн. Ингэхдээ эзэмшил талбайгаа хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл, шаардах хуудас хүргүүлсэн.

Харин зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй тохиролцон ажиллаж буйг албаныхан мэдээлсэн. Тэгвэл уг ажил эхэлснээс хойш Хүннү гудамжинд үйл ажиллагаа явуулдаг есөн аж ахуйн нэгж шаардах хуудсыг хүлээн авч, өөрсдийн хөрөнгөөр нөлөөлөлд өртсөн талбайгаа чөлөөлж, хашаа хайсаа буулгажээ. Тодруулбал:

  1. “Сэнтури лэндмарк” ХХК,
  2. “Трю Эл Менежмент” ХХК,
  3. “ЦМС” ХХК,
  4. “Ай Би Эй Групп” ХХК,
  5. “Олимп Виллаж” СӨХ,
  6. “Сүрэг Агт” ХХК,
  7. “Илсон девелопмент” ХХК,
  8. “Си Си Эм Жи” ХХК,
  9. “Дунд Мандал” ХХК гэх есөн аж ахуйн нэгж нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтыг дэмжин, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр замын нөлөөлөлд өртсөн талбайгаа чөлөөлөөд байна.

Явган болон дугуйн замыг өргөтгөхөд саад болж буй 14 аж ахуйн нэгжийн 7,740 ам метр талбайг чөлөөлөхөөр ажиллаж байгаа. Дээрх аж ахуйн нэгжүүдийн барилгын түр хашаа, блокон суурьтай төмөр хашаа, шат, довжоо, сэндвичэн барилга зэрэг нь явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж байгаа тул яаралтай чөлөөлж, стандартад нийцсэн замыг байгуулах юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн бие даасан байдал хангагдаж, нийслэл болон дүүргүүд нийгэм, эдийн засгийн хувьд хөгжих боломж бүрдсэн. Үүний үр дүнд нийслэлээс түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эхлүүлж, гудамж, зам шинэчлэх, авто зам болон гүүрэн байгууламжийг шинээр барих, өргөсгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг ийнхүү үе шаттай хийж байна хэмээн Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *