Categories
мэдээ цаг-үе

Японд алдаршсан хөдөлмөрч хүүхдүүдийн хотхонд өнжлөө

Дархан-Уул аймгийн төвд байрлах “Нарны хүүхдүүд” хотхонд зочилж, энэ удаагийн “Танайд өнжье”-гөө бэлтгэлээ. Энэ бол 20 шахам жилийн түүхтэй хүүхэд асрамжийн төв боловч хүүхдүүд өөрсдөө гэрээ цэвэрлэж, хоолоо хийж, оёж урлаж, ногоо тарьж, боорцог, талх хийж, дуулж бүжиглэж уран нугарна. Энд тогооч, цэвэрлэгч гэж тусдаа хүн байдаггүй онцлогтой. Ингэж хөдөлмөрлөж мөнгө олохын зэрэгцээ сайн суралцаж, олсон мөнгөөрөө сайхан амьдарч, гадаад дотоодын их дээд сургуульд суралцан шилдэг боловсон хүчин болдог бөгөөд хуримтлал ч үүсгэж ажил амьдрал дээр гарахаараа хэрэглэдэг байна. Ийм менежменттэй, жирийн нэгэн ажилч хичээнгүй айл шиг асрамжийн төв Монголд битгий хэл олон улсад ч байдаггүй гэж хэлэхэд болох аж.

Хүүхэд асрамжийн төв ямар байдгийг судлахаар манай төлөөлөгчид японд очсон байна. Тэгэхэд японы хүүхэд хөгжлийн газар болон төр засгийн төлөөллүүд нь “Монголын нарны хүүхдүүд”-ээс бид суралцдаг. Энэ бол хүүхдийг сурган хүмүүжүүлж, гайхалтай хөгжүүлдэг, асрамжийн төвийн шилдэг загвар гэж хэлжээ. Ингээд Монголоос очсон төлөөлөгчид эх орондоо ийм хүүхдийн хотхон байдгийг мэдэж аван тус төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж байсан аж. Гэхдээ төрийн бус байгууллагын нэрээр өөрөө, өөрсдийгөө санхүүжүүлэн авч явдаг бөгөөд улсаас хувьсах зардал, төсөв гэж огт олгож байгаагүй юм байна.

Биднийг очиход ажлын өдөр буюу баасан гариг байсан болоод ч тэрүү ихэнх хүүхдүүд хичээлдээ явчихсан, үдээс хойш хичээллэх зарим багачууд нь гал тогоондоо талх барьж, кекс, жигнэмэг хийцгээж байв.

Гурав, дөрөвдүгээр ангийн дүү нар нь гурилаа жинлээд адилхан хэмжээтэй жижиг, жижиг хуваагаад цааш дамжуулахад дараагийнх нь нухаж хивэнд оруулна, арай том нь элдэнэ, нэг нь жигнүүрт хийж шарх зуухныхаа галыг тохируулна гэх мэтээр тун завгүй байцгаана. Тэд өөрсдийнхөө идэх боорцог талх болон гэрээтэй хоёр ч цэцэрлэгийн үдийн цайны боов, боорцгийг бэлтгэж байгаа нь энэ. Цагаан хослол өмссөн бяцхан тогооч нарын ажил ийнхүү ид өрнөж байхад цаад гал тогоонд том ах эгч нар нь үдийнхээ хоолыг хийчихээд бусдыгаа “Хоолоо идээрэй” хэмээн дуудаж байх ажээ. Тэдний бэлтгэсэн хоол, талх боорцог ямар ч үйлдвэрийн бүтээгдэхүүний амтыг дагуулахааргүй тансаг амттай юм билээ.

Ингэж байтал өглөө хичээлдээ явсан зарим багачууд ирж, хоолоо идчихээд хичээлээ давтах аж. Харин оёдлын өрөөнд энэ төвийн багш нар японоос ирсэн захиалгын дагуу хувцас хэрэглэл оёж, хүүхдүүдийнхээ тоглолтын гоёлуудыг урлаж байх юм. Япончуудын санаанд таарахгүй л оёсон бол буцаагаад явуулчихдаг тул маш нямбай оёдог гэнэ. Багш нар нь хүүхдүүдээ уран нугаралт, дуу хөгжим, зураг, хайчилбар, бүжиг, оёдол зэрэг бүх л зүйлд сургаж, өөр өөрсдийнх нь чадварын дагуу хөгжүүлдэг байна. Авьяасгүй хүүхэд гэж байдаггүй тул ихэнх нь тоглолтын 3-4 номерт орчихдог гэж байна. Жил бүр Японы хотуудаар тоглолт хийж жилийнхээ төсөв, хэрэгцээнийхээ мөнгийг олдог уламжлал тогтжээ. Тун удахгүй тоглолтоор явах гэж байгаа тул багш нар нь хүүхдүүдийнхээ тоглолтын хувцсыг оёж байгаа энэ. Тэднийг очихоор японы NHK телевиз зэрэг томоохон хэвлэл мэдээллүүд урилгаар ярилцлага, нэвтрүүлэгт оролцуулж, асрамж, хүүхэд хөгжлийн төвүүд нь С.Эрдэнэчулуун багшийг урьж хүүхдийн авьяасыг хэрхэн хөгжүүлж, хүмүүжүүлэх, сайн сургах, яаж хөдөлмөрч үнэнч шударга болгох талаар зөвлөгөө авдаг, лекц уншуулдаг гэж байна. Тэдэнтэй хамтардаг японы түншүүд нь энэ хүүхдүүдийн хичээн бүтээснийг ихэд дэмжиж, тэдний урласан зураг, хайчилбар, хувцас хэрэглэл зэрэг бүтээлүүдийг нь борлуулж өгдөг бөгөөд тун төвөггүй зарагдчихдаг гэж байв.

Орц, хонгил зэргээр амьдардаг орон гэргүй , бүтэн болон хагас өнчин хүүхдүүдийг багаас нь энэхүү хотхондоо авчран сургуульд сургаж, оюутан болгоод, ажилд оруулж, эхнэр, нөхөрт гарахад нь хүртэл гуйлгыг нь өгч, хуримыг нь хийж, орон байр, машинтай болоход нь дэмжлэг үзүүлж, худ ургуудтайгаа үргэлж холбоотой байдаг энэ олон хүүхдийн ээж нь болсоор ирсэн хүн бол энэ хотхоны үүсгэн байгуулагч, дарга Монгол Улсын гавьяат багш С.Эрдэнэчулуун.

Оюутан болсон хүүхдүүд нь амралтаараа энэ төвдөө очно, сургуулиа төгсөөд гэр бүлтэй болоогүй бол мөн л эндээ ирцгээнэ. Гэр бүлтэй болсон ч цагаан сараар ирж золгоцгооно, тэмдэглэлт баяр ёслол бүрээр ирнэ. Энэ том гэр бүлээс нийт 40 хүүхэд нас биед хүрч гарсны 33 нь МУИС, ШУТИС, АШУИС, ХААИС зэрэг улсын томоохон их, дээд сургуулиудад суралцаж төгссөн бол хоёр нь магистр хамгаалж, таван хүүхэд нь МСҮТ төгссөн байна. Одоо хотхондоо 40 хүүхэдтэй байгаа бөгөөд арваад хүүхэд оюутан болсон байна.

Тухайлбал, АНУ-гийн Санфранцеско хотын их сургуульд Гэрэлтуяа, Японы Осака гадаад хэлний сургуульд Э.Уянга сурч байгаа бол СУИС-ийн төгсөгч Н.Баярбаатар Швейцарийн Балетийн их сургуульд суралцаж байгаа бөгөөд Германы урлагийн академийн балетчин болжээ. Харин төгсөгчид нь Бүжгийн сургуулиуд болон СУИС, гадаад хэлний сургууль зэрэгт багшилж, Хөх хотод ч бүжгийн багшаар ажиллаж, нэг нь загвар өмсөгч болж, нөгөөх нь Оюутолгойд инженерээр, Миний сүлжээ дэлгүүрт менежерээр гэх зэргээр тус тусын ажил хөдөлмөрөө хийж байгаа юм байна. Хамгийн том хүүхдүүдээ урлагаар явуулчихсан чинь ажлын байр хомс, цалин бага байдаг нь ажиглагдсан тул дараагийнхыг нь уул уурхай, инженер, эмч, багш зэрэг мэргэжлүүдээр суралцуулж байгаа гэнэ.

Энэ хотхоны бас нэгэн ажлын талбар бол авто угаалга. Төсөл бичиж, япончуудаас санхүүжилт авсан энэхүү угаалгын газар нь дархандаа л хамгийн шилдэгт ордог гэнэ. Японы угаалгын брэнд бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, япон технологиор угаадаг гэдгээрээ онцлог аж. Энэхүү угаалгын газарт бага ангийн хүүхдүүд нь алчуур угаадаг бол оюутан, их сургуулиа төгсөөд түр ажилгүй байгаа залуус зэрэг нь мөн ээлжээр ажиллачихдаг. Нэг сарын цалин нь 600 мянган төгрөг байдаг юм байна. Ажлын байр ховор тул тулгамдсан үед өөрсдийгөө ажлын байраар хангаж байгаа нэг хэлбэр аж. Угаалгаас ашиг гэж олдоггүй зөвхөн хүүхдүүдээ цалинжуулж, төслийнхөө зээлийг төлдөг гэж байна.

Анх Английн Хүүхдийг ивээх сан хуучин Дарханд айлын жижиг байр авч өгсөн бөгөөд тэндээс “Нарны хүүхдүүд” хотхоны үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй юм билээ. Япон хүний асрамжийн төв барих гэрээслэлийн дагуу мөн анх санхүүжүүлэгдэж байжээ. С.Эрдэнэчулуун багш хамгийн анх Америкийн байгууллага руу төсөл бичиж, төсөл амжилттай хэрэгжиж төвийн дулаанд холбогдсон түүхтэй юм байна. 2003 оноос хойш 18 удаа Японы хотуудаар тоглолт хийж, тоглолтынхоо орлогоор гурван байшинг шинээр барьжээ.

С.Эрдэнэчулуун багш ярихдаа “Энэ хотхондоо хүүхдүүд хамтдаа дутуугаа нөхөөд амьдрах нь асар их боломжийг олгож байгаа юм. Аливааг бэлэн өгөөд байвал хүүхэд зүгээр л бусдаар тэжээлгэдэг хүн болчихно. Хүүхдүүдээр нас, насны онцлогт нь тохирсон ажил хийлгэж, хөдөлмөрийг нь шударга үнэлэх хэрэгтэй. Ялангуяа бүтээл гарчихаар зүйлийг сайн үнэлэх нь зөв. Эцэг эхчүүд өөрсдөө бүх ажлаа хийчихээд манай хүүхэд үгэнд орсонгүй, гэрийн ажлаа хийхгүй байна гэдэг. Хүүхдийн сэтгэлээсээ хөдөлмөрлөх боломжийг олгож, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, өөрийг нь хайрлаж байж эргээд хүүхдүүдээрээ хайрлуулах ёстой шүү дээ. Багш, дарга удирдах албан тушаалтан гээд өөрөө зүгээр суугаад, тушаагаад байж болохгүй. Авьяасгүй, чадваргүй хүүхэд гэж бараг байхгүй. Хүн болгонд өөр, өөрийн чадах зүйл бий. Хүүхдийг хүмүүжүүлэх хөгжүүлэхэд л сайн анхаарах хэрэгтэй байдаг. Анх “Английн Хүүхдийг ивээх сан” хүүхдүүдээ нэг жил болгоод буцаагаад, дараагийн хүүхдээ авч байх ёстой гэдэг байсан ч насан туршийн гэр бүл байх нь зөв гэж энэ замыг сонгосон” гэж байлаа.

Тэрбээр энэ олон хүүхдийг сурган хүмүүжүүлж, хүн болгоход асар их зовлон бэрхшээл тулгарч байсан ч буцах, болих эрх байхгүй хэмээн зүтгэсээр ирсэн хүн ажээ. Тухайлбал, 2007 онд мөнгө санхүүгүй, хүүхдүүдийнхээ хоолыг яаж олох вэ гэж аргаа баран ихэд хямралд өртсөн гэнэ. 2006 оноос эхлэн 10 сарын турш ямар ч орлогогүй, энд тэндээс гуйлга гуйсан ч мөнгө олдохгүй хүнд үе тохиожээ. Тоглолтынхоо орлогоор байшин барилга барьчихсан чинь хүүхдүүдээр мөнгө олж байна хэмээн цагдаа нар шалгаад, байнга дуудаж байцаадаг болсон гэнэ.

Ингээд 10 гаруй багштай, тэднийгээ цалинжуулж чадахгүйд хүрсэн тул “Та нар өөр ажил олж хий. Би цалин өгч чадахгүй юм байна. Та нар минь амьдралаа бод. Та нар шиг сайн багш нарт ажил олдоно шүү дээ. Ажилд оруулж өгье” гэж хүртэл хэлжээ. Тэгэхэд багш нарынх нь хэн ч ажлаасаа гараагүй бөгөөд 10 сарын турш цалингүй шахуу ажилласан байна. Ингээд хямралаас гарахын тулд хэдэн хуучин оёдлын машин аваад, бүх багш нар нь өөр,өөрийн чадах зүйлээ оёж эхэлжээ. Оёсон дээл хувцас хэрэглэлээ зарж борлуулаад, эхний долоон сарын орлогыг бүтнээр нь нэг багшдаа, дараагийн долоон сарынхыг нөгөө багшдаа гэх зэргээр өгөөд, бие биедээ байрны урьдчилгаа бэлдэж өгч өөрсдийгөө орох оронтой болгосон байна. Энэ бол С.Эрдэнэчулуун багшийн гаргасан санаа. Тэрбээр бодохдоо бид хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж, сайн сургаж, сайн боловсон хүчин болгох ёстой, мөн сайн тоглолт уран бүтээл гаргаж байж тэрийгээ үнэлээд мөнгө олж хүнээс гуйхааргүй хоолоо олцгооно. Хүүхдүүдийг ингэж бэлддэг гол хүмүүс бол багш нар. Тиймээс яаж багш нараа авч үлдэх вэ гэдэг арга хэрэглэсэн нь энэ аж. Хүүхэд сурган хүмүүжүүлж, хөгжүүлэхэд гаршсан хэмээн том, том сургуулиуд эдний багш нарт өндөр цалин өгч уриад байх тохиолдол гардаг гэнэ. Одоо ихэнх багш нар нь байртай, машинтай болсон бөгөөд одоо ч хичээлээ зааж, хувцсаа оёж, цаг наргүй хөдөлмөрлөсөөр байна лээ. Багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгчихөөд, хүүхдүүдээ нэг нэгээр нь гэртээ аваачихдаа аваачиж, өвөртөлж унтаж, эрхлүүлж, хамгийн сайн сайхан аргаар хүмүүжүүлээд, дараа нь сургаад хөгжүүлээд өг гэдэг шаардлагыг багш нартаа хэлдэг гэнэ. Өнчин өрөөсөн, хайрлах хүнгүй их бэтгэрсэн хүүхдүүд цэвэр цэмцгэр байсан ч бөөстчихөөд байдаг гэнэ. Бэтгэрээг нь гаргаж, хамгийн сайхнаар хайрлаж, хүүхэд бүрийн сайн талыг нь олж харж магтаж, урамшуулахаас эдний хүүхдээ хүмүүжүүлэх ажил эхэлдэг гэнэ. Сэтгэлийн галыг нь бадрааж, амьдрах хөгжих их урам зориг олгодог гэсэн үг. Тиймдээ ч энэ төвийн хүүхдүүд их цовоо сэргэлэн, эрч хүчтэй, нүд нь гялалзсан байх ажээ.

“Нарны хүүхдүүд” хотхонд ирсэн ямар ч хүүхэд эндээс явахыг хүсдэггүй, буцаагаад явуулна гэхээс маш их айж, хичээдэг гэнэ. Гэхдээ асрамжийн төвд байдаг тул сэтгэлзүйд нь нөлөөлөх хэцүү зүйл ч тохиолддог аж. Тухайлбал анги, сургуульд хулгай гарвал хардах нь энүүхэнд, асрамжийн төвийн хүүхдүүд мөнгөгүй биз, мөнгө хураалгаж чадахгүй юм чинь цэвэрлэгээ хийж бай гэж ад үзэх гэх мэт тулгамдсан асуудал үүсдэг гэнэ. Зарим бүтэн өнчин, нялхаасаа хаягдсан хүүхдүүд нь ээж, аавынхаа регистрийг багш заавал олж ир гэсэн хэмээн уйлаад ороод ирэх тохиолдол ч их байдаг гэж байна. Хүүхдүүдийнхээ сэтгэл санааг өөдрөг байлгаж, өмнөх амьдрал зовлон бэрхшээлийг нь мартуулахын тулд нэлээд завгүй байлгадаг гэж байв. Гэхдээ хүүхэд завгүй байхад юу нь хэцүү байдаг, хүүхэдтэй ажиллахад багшид ямар зүйл тулгамддаг зэргийг олж илрүүлэхээр, нэг өдөр бүх хүүхэд багшаар ажиллаж, багш нар хүүхдүүдийнхээ хийдэг ажлуудыг хийж солигдож үздэг гэнэ. Ингээд багш нар нь хүүхдүүдээ өдөр унтуулж, амрааж байх нь зөв юм байна гэдэг шийдэлд хүрсэн байна.

Хүүхдүүдийнхээ дунд сургуулийн ангийн багш нарыг нь хүртэл авчирч нэг өдөр өнжүүлж, бүх үйл ажиллагаатайгаа танилцуулдаг. Ингэж танилцснаас хойш ангийн багш нар нь асрамжийн төвийн хүүхэд хулгайч, муухай бохир орчинд байдаг гэх сэтгэлгээ нь өөрчлөгдсөн гэж байв. Мөн бага ангийн нэг охины ээж нь нас барсан ч хамаатнууд нь ээжийг нь гадаад явсан гээд ойлгуулчихсан тул одоог хүртэл ээжийгээ хүлээдэг. Чихэр идэхээрээ тал чихрээ ээждээ өгнө гэж хадгалдаг, япон явж буй хүмүүст миний ээжийг хурдан ир гээд хэлээд өгөөрэй гэж захидаг гэнэ. Том болохоор нь л учрыг нь гаргаж хэлэхээс одоо хэлбэл хүүхэд шоконд орно гээд багш нар нь үнэнийг нь хэлж чадахгүй байгаа гэх мэт дотоод сэтгэлийн гуниг бишгүй байдаг болтой.

С.Эрдэнэчулуун багш “Хамгийн сайн чанар юу байна тэрийг нь олж илрүүлж урам өгч онгирооно, ингэж байж хүүхэд өөртөө итгэх итгэлийг олж авдаг. Манайд ирж байгаа хүүхдүүд өөртөө итгэх итгэлгүй, мөрөөдөлгүй болчихсон байдаг. Чи гоё хоол хийдэг юм байна. Гоё зураг зурж чадаж байна гэх мэтээр урам өгнө. Ингээд дараагаар нь за чи ямар мэргэжилтэй болох уу, ийм мэргэжил чамд зохих байх, тийм байвал ямар вэ гэж асууна. Ингээд мөрөөдлийнх нь мэргэжлийг зуруулна. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд ийм, ийм зүйлийг чаддаг болох ёстой гэх мэтээр зөвлөнө. Нэг хүүхдийг гурваас дөрвөн өөр урлаг, спортын төрлөөр хичээллүүлдэг. Авьяасгүй хүн гэж байхгүй шүү дээ” гэж байлаа. Бүх хүүхэд мөрөөдлийнхөө мэргэжлийн талаар зураг зураад ханандаа өлгөчихсөн байна. Тухайлбал нэг нь Ерөнхийлөгч, нөгөөх нь эмч, нэг нь багш, инженер, тогооч, загвар өмсөгч болно гэсэн байх жишээний.

С.Эрдэнэчулуун багшийн аав нь Санжаа хэмээх сайн эмч хүн байжээ. Тэрбээр 1939-1945 оны дайнд эмчээр оролцож явсан байна. 1945 оны байлдаанд оролцсон бүх хүн сүүлд ахмад зүтгэлтэн, улсын баатар партизан болсон аж. Харин Санжаа гуай нэг ч дайсан устгаагүй, харин ч дайснуудыг эмчилж байсан гэдэг шалтгаанаар бүх шагналаас хасагджээ. Аавынхаа энэ түүхийг санаандгүйгээр япончуудтад ярьж, аав минь япон цэргүүдийг эмчилж байсан гэчихэж. Үүнийг сонссон япончууд түүнийг ихэд хүндэтгэж, бусдадаа хэлж, өөр, өөрийн чадахаараа тусалж, хамтарч ажилладаг түүхтэй болсон юм байна. Аав нь япончуудыг эмчилж байсан болохоор энэ хүн япончуудаас дэмжлэг авч олон өнчин хүүхдүүдийг тэжээж байна гэж бусдадаа түүнийг танилцуулдаг гэнэ. Энэ үеэр “Нарны хүүхдүүд”хотхоны төгсөгч, ХИС-ийн оюутан Г.Энхгэрэлээс зарим зүйлийг тодруулахад “Энэ төвд бага байхдаа ирсэн. Анх ирээд аягаа угаагаад л уран нугаралт, дуу хөгжим, бүжгийн хичээлд орж байснаа мартдаггүй юм. Багш нар минь бидэнд зөвөөр үлгэрлэн зааж, сургаж хүмүүжүүлдэг. Маш сайхан орчинд ирж өдий зэрэгт хүрсэндээ их баяртай байдаг. Энд ирээд миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллана. Багш шигээ өнчин хүүхдүүдийг асардаг төвтэй болно. Гэр оронгүй хүмүүст хоол унд хийж өгөх хүсэлтэй. Одоо ч боломж олдвол өөрийн гараар боорцог хийж аарц буцалгаж, гэр оронгүй хүмүүсийг хааяа хооллодог” гэж ярилаа.

Тус хотхоны халамжийн төвийн багш Б.Хишигбаяр ярихдаа “Олон хүүхэд байдаг тул муу зуршилтай хүүхэд ч ирнэ. Энэ бүхнийг өөрчилж, хүмүүжүүлж, энэ орчинд дасгадаг юм. Урлагаар, хөдөлмөрөөр хүүхдийг зөв тийш нь чиглүүлж хөгжүүлж байна. Бид бүгдээрээ нэг гэр бүл шиг, бүгдээрэ миний, бидний хүүхэд юм шиг байдаг. Ангийн багш нар нь аав ээжийнхээ регистрийг аваад ир, мөнгө өгч чадах биш асрамжийн хүүхдүүд цэвэрлэгээ хий гэх зэрэг олон асуудал үүснэ. Тэр болгоныг зохицуулаад л явж байна” гэж байлаа.

Хүүхдүүд анх шинэ дэвтрүүдээ зарж чихэр авч идээд байхаар нь дэвтэргүй, цаас өгч явуулаад, орой ирэхээр нь бүх хичээлийг нь дэвтэр дээр нь хуулуулж бичүүлдэг болжээ. Үүүнээс хойш хашраад хэн ч дэвтрээ зардаггүй болсон гэнэ. Энэ мэт хүүхэд хүмүүжүүлж буй олон аргатай юм.

Биднийг очиход тэд Японд тоглох гэж буй үндэсний язгуур урлагийн тоглолтоо бүтнээр нь тоглож үзүүллээ. Яг л мэргэжлийн бүжигчид, дуучид шиг байх аж. Мөн уран нугардаг хүүхдүүд ч байна. Жил болгоны тоглолтоо өөр, өөрийг цогцоор нь бэлдэж, тоглолтын иж бүрэн шинэ хувцас хийж өмсөөд Японыг зорьдог байна. С.Эрдэнэчулуун багш залуудаа пионерийн удирдагчаар ажиллаж байсан нь их туршлага болдог ажээ. Японд алдаршсан хөдөлмөрч хүүхдүүдийн хотхонд ийнхүү өнжлөө.

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *