Categories
гадаад мэдээ

Япон Умард Солонгост хатуу хяналт тавина

Умард Солонгос руу илгээж буй мөнгөн гуйвуулгад өмнөхөөс илүү хатуу хянах тавихаар Японы эрх баригчид төлөвлөж байна.

Түүнээс гадна БНАСАУ-д очоод ирсэн Японд амьдардаг солонгос иргэдийн холбооны зарим гишүүдийг Япон улсад дахин ирэхийг нь хориглосон бөгөөд эдгээр хүмүүсийн нэрсийн жагсаалт улам зузаарах бололтой. Энэ талаарх зохих дүрэм журмын төслийг эрх баригч Либерал-Ардчилсан нам боловсруулж байна.

Дээрх хоригт Японд амьдардаг солонгос иргэдийн “Чонрён” гэдэг байгууллагын ахмад гишүүд болон удирдах тушаалтнууд болох хэдэн зуун хүнийг нэмж оруулахаар төлөвлөж байгаа аж. Өмнө нь, Умард Солонгосын тал 1 дүгээр сард цөмийн туршилт хийж, 2 дугаар сард пуужин хөөргөсний дараа уг жагсаалтад 45 хүнийг оруулаад байсан юм.

Нөгөөтэйгүүр, Умард Солонгос руу илгээж буй мөнгөн гуйвуулгад тавих хяналтыг улам чангатгах гэж байна. Тодруулбал, Японы Засгийн газар Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа Японд амьдардаг солонгосчуудын хувьд БНАСАУ-д амьдардаг хамаатан садандаа мөнгө илгээх цорын ганц боломж үлдсэн нь 100 мянган иен /970 доллар/-тэй тэнцэх хэмжээний мөнгийг “хүмүүнлэгийн зорилгоор” шилжүүлэх явдал байлаа. Гэтэл одоо энэ шилжүүлгийг ч мөн адил хатуу хянахаар болжээ.

Түүнээс гадна, Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрт ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүсийн дансыг битүүмжилж магадгүй байна. Мөн Умард Солонгосоос гуравдагч орнуудаар дамжуулан хийж буй худалдаанд тавих хяналтыг улам чангаруулах аж. Түүгээр ч зогсохгүй, Умард Солонгосыг терроризмыг дэмжигч орнуудын жагсаалтад оруулах тухай саналыг АНУ-д тавихаар эрх баригч Либерал-Ардчилсан нам төлөвлөж байна.

Ийм байдлаар олон тооны хориг арга хэмжээ авлаа ч гэсэн үр дүнд хүрэх эсэхэд тус намын зарим гишүүд эргэлзэж байна. Урьд нь ийм хориг тавьж байсан боловч 2014 онд цуцалсан учир нь, хоёр тал Умардын тусгай албаныханд хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг шийдвэрлэх талаар хамтран ажиллахаар тохиролцсонд оршино.

Тэгэхээр одоо нэмэлт хориг тавьсан тохиолдолд хулгайлагдсан иргэдийн асуудлаар Пхеньяны эрх баригчид илүү хатуу байр суурь баримтлах болно гэж Японы зарим улстөрчид болгоомжилж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *