Categories
мэдээ нийгэм

Япон Монголын “Аз жаргал нийгэмлэг”-ийнхэн 450 гаруй хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл бэлэглэлээ

Хичээлийн шинэ жилийг угтсан нэгэн сайн үйлсийн мэдээг онцолж байна. Япон Монголын “Аз жаргал нийгэмлэг”-ээс жил бүр бага ангид сурч буй бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд японы “Ландсэрү” брэндийн цүнхийг хичээлийн иж бүрэн хэрэгслийн хамт бэлэглэдэг уламжлалтай билээ. Тус нийгэмлэгийнхэн эмзэг бүлгийн багачуудад энэхүү халуун гараа сунгаад тав дахь намартайгаа золгож байгаа аж. Өнгөрсөн хугацаанд нийт 2500 хүүхдийн цүнх, дэвтэр ном, харандаа, бал гээдиж бүрдлийг бэлдэж, тэдний шинэ хичээлийн жилд баяр хөөр бэлэглэсээр иржээ. Өнөө жилийн хувьд нийслэлийн хэмжээнд нийт 450 гаруй бүтэн болон хагас өнчин хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэлтэй “Ландсэрү” брэндийн цүнхийг гардуулан өглөө. Сонирхуулахад, Японы алдарт “Ландсэрү” цүнх нь бага ангийн сурагчдын аюулгүй байдлыг хангаж, ачаалал даах чадварт нь бүрэн нийцсэн байдгаараа онцлог юм. Тухайлбал,хүүхэд үүрээд явахад, гүйхэд гарт нь ямар нэг саадгүй, хоёр тийш холхигнодоггүй. Хүүхэд хойшоо хальтарч савж унасан тохиолдолд толгойг нь гэмтэхээс сэргийлж жийргэвч болж өгдөг байна. Мөн хүнд жинтэй ном дэвтэр хийхэд нуруунаас хөндийрөхгүй, усны хамгаалалттай, багтаамж сайтай, халуунд хүүхдийн нурууг хөлрүүлдэггүй, элдэв нян бактер үржихээс урьдчилан сэргийлсэн материалтай. Энэ мэтчилэн “Ландсэрү” цүнхний давуу талыг дурдаад байвал олон. Хамгийн гол нь харанхуйд гэрэлтдэг товчтой энэхүү цүнх нь эдэлгээ урттай бөгөөд Япондоо дунджаар 30 мянган ений үнэтэй борлуулагддаг юм билээ.

Япон Монголын “Аз жаргалын нийгэмлэг” нь хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны нэгэн гүүр болсон төрийн бус байгууллага юм.Хүүхдийн боловсролыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг тус нийгэмлэг нь гол зорилгынхоо хүрээнд ядуу, нэн ядуу, бүтэн, хагас өнчин хүүхдэд тусалдаг байна. Тухайлбал, жилдээ нэг удаа Дархан-Уул аймаг дахь өнчин хүүхдүүдийн асрах төвийн багачуудыг Япон оронтой танилцуулж, урлагийн тоглолт хийлгэдэг аж. Энэ үеэрээ япончуудын сонирхолыг ихээр татдаг “Made in Mongolia” үзэсгэлэн худалдааг явуулж, Монголоо сурталчилсан арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байна.

Б.ТӨГӨЛДӨР


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *