Categories
мэдээ нийгэм

Ямашита Маморү: Тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх учраас даатгалын тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй

Японы “Жайка” байгууллагын шугмаар манай улсад хэрэгжүүлж буй Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх “Шинрай” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморү манай улсад ажиллалаа.
Японы нийгмийн хамгааллын салбарт 20 гаруй жил ажиллаж буй тэрээр сэтгүүлчидтэй уулзах үеэр хэлэхдээ, “Нийгмийн хамгааллын тогтолцоо нь тодорхой бүлэг хүний эрх ашгийг хамгаалах бус, нийт иргэдийг төр дэмжиж хамгаалах үндсэн зорилготой байдаг. Нийгмийн хамгааллын салбар хөгжиж сайжрахын хэрээр тэгш байдал бий болж, улс орон хөгждөг. Үүнд манай төсөл хувь нэмрээ оруулах юм. Одоо Монгол Улсад 20 хүн тутмын нэг нь 65-аас дээш насных байна. 50 жилийн дараа таван хүн тутмын нэг нь 65-аас дээш настай болно. Тиймээс ирээдүйгээ харж, даатгалын тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй. Нийт хүн амд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх учраас одооноос бэлтгэлээ хангах нь зүйтэй. Япон улс ч ялгаагүй 60-аад жилийн өмнө залуучуудын орон байсан бол өнөөдөр дөрвөн хүний нэг нь 65-аас дээш буюу тэтгэврийн насных болсон. Ийм нөхцөл байдал үүссэн үед тэтгэврийн тогтолцоогоо сайжруулж, шинэчилнэ гэвэл амжихгүй учир асуудал үүсэхийг урьдчилан тооцоолсон учраас Япон улс хүн амын насжилт хараахан эхлээгүй 60 жилийн өмнөөс иргэдээ тэтгэврийн даатгалд хамруулах системд шилжсэн. Ирээдүйд Монголд өндөр настнуудын тоо нэмэгдэх учраас одооноос үүнд тохирсон бодлого хэрэгжүүлэх, залуучууд олон байгаа энэ үед НДС-нд хуримтлал үүсгэх, дундаж давхаргын тоог нэмж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн үндсэн гурван чиглэлээр зөвлөгөө өгч байгаа. Тэтгэврийн даатгалын сан зарлагаа нөхөхөөс гадна хуримтлал үүссэн байх ёстой. 50 жилийн дараа Монголын хүн ам зүйн өөрчлөлтийг тооцох боломжтой.

Монголд хүн амын огцом өсөлт ажиглагдахгүй байна. Тиймээс иргэн бүрийг тэтгэврийн даатгалд хамруулах нь чухал. Даатгалын тогтолцоо гэдэг тухайн орны онцлог, ёс заншилтай холбоотой байдаг. Үндсэн зарчмын дагуу л явах ёстой. Японы даатгалын тогтолцооны гол зарчим нь бүх хүнийг албан журмаар даатгалд хамруулдаг үндсэн зарчмыг Монгол Улс хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Малчин болон хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс өөрийнхөө амьдралыг болгоод явах хэмжээнд байх юм бол заавал даатгалд хамруулах шаардлагагүй. Гэвч хөдөлмөрлөх боломжгүй тохиолдолд орлогын эх үүсвэр нь юу байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хэрэв даатгалд хамрагдсан бол нийгмийн даатгалын сангаас эрсдэлээ даалгах боломж бүрдэнэ.
Япон хөгжиж буй үедээ хуримтлалын мөнгийг банкинд зүгээр хадгалах бус, ажлын байр нэмэгдүүлэхэд ашиглаж, аж үйлдвэрийн том бүс байгуулж, үйлдвэрлэлээ дэмжсэн. Газар тариаланд ажиллаж байсан залуус тэнд ажиллах болсон. Хуримтлалын сангийн мөнгөө бага багаар тэтгэвэрт авагчдад зарцуулж байна. 50 жилийн дараа залуучууд тэтгэвэр авагчид болно. Иймд одоогоос хуримтлалын сан үүсгэх хэрэгтэй. Японы туршлагаас харвал мөнгийг хадгалаад байх бус, хөрөнгө оруулах замаар өсгөж болно. Мөн дундаж орлоготой өрхийн тоог нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулан нэмэгдүүлэх нь чухал. Манай улс орлого багатай өрхийн орлогыг нэмэх тал дээр ихээхэн анхаарч ажилласан. Дундаж орлоготой давхарга нэмэгдэхээр худалдан авалт өсөж, дагаад үйлдвэрлэл хөгжиж, үйлдвэрлэл нэмэгдэхээр ажлын байртай болж, иргэдийн орлого өснө. Японд ажилгүй иргэдийн хувьд Тэтгэврийн байгууллагадаа хүсэлт гаргаснаар төрөөс шимтгэлийн 50 хувийг хариуцдаг. Японы даатгалын системийн онцлог нь тухайн үед авч байсан цалингийн хэмжээг өнөө үед шилжүүлж тооцдог. Тухайн үед мөнгөө төлсөн хүн одоо 50 хувийн тэтгэвэр авах нь шударга бус. Тиймээс цалингийн дундаж хэмжээг жил бүр тооцон одоогийн тэтгэврийн хэмжээг тогтоодог. Улмаар цалин нэмэх, амьжиргааны түвшин дээшлэхтэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчилдөг. Монголд дундаж цалингийн хэмжээг өөрчлөж байгааг тэтгэврийн хэмжээнд тусгахгүй болохоор тухайн үед төлсөн шимтгэлийн үнэ цэнээ алдаж байна. Мөн улстөрийн сонгуулийн үеэр тэтгэвэр нэмэх, шимтгэл бууруулах арга хэмжээ авч байгаа нь үнийн хөөргөдөл үүсгэхээс тэтгэврийн бодит хэмжээг бий болгож чадахгүй. Японд үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр олгодог. Жилийн дундаж цалинг тооцон тэтгэврийн хэмжээтэй уялдуулж тооцох боловсон хүчин, мэргэжлийн баг Монголд хэрэгтэй” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *