Categories
мэдээ цаг-үе

Ялтан ШШГЕГ-ын машин жолоодож яваад хүний аминд хүрчээ

-ТЭРБЭЭР УДАХГҮЙ СУЛЛАГДАХ ГЭЖ БАЙСАН АЖ-

ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид ял эдэлж байсан ялтан албаны машин жолоодож яваад хүн дайрч аминд нь хүрчээ. Энэ хэрэг өнгөрсөн пүрэв гаригийн орой гарсан байна. Болсон явдлыг тоймлон хүргэе.

ХҮН ДАЙРЧИХААД ЗУГТЖЭЭ

Цагдан хорих 461 дүгээр ангид ял эдэлж байсан Ч.Ганбуудал ШШГЕГ-ын “Hyundai-Starex” маркийн автомашинтай өнгөрсөн пүрэв гаригийн 18.00 цагийн орчимд хорих ангиас гарчээ. Түүнтэй хамт арав гаруй ялтан, хянагч н.Батболд нар явсан аж. Тэд 100 айлын орчимд ялтнуудыг буулгажээ. 461 дүгээр ангид ял эдэлж байсан иргэд тэр хавьд ажил хийдэг байсан бололтой. Ч.Ганбуудал ялтнуудыг ажиллаж байсан газарт нь хүргэж өгчихөөд хянагчтайгаа хамт буцаж явжээ. Оройн тоондоо бүртгүүлэх цаг дөхсөн учир нэлээд хурдтай явсан бололтой. Ингэж явахдаа Баянгол дүүргийн нутаг “ТЭЦ-4”-ийн зам буюу “Хүн-Од” хиамны үйлдвэрийн урд 50 шахам насны эрэгтэй хүнийг дайраад зугтсан байна. Тэрбээр зугтаж хорих ангидаа очиж төлөөлөгч, хянагч нартаа болсон явдлыг хэлжээ. Улмаар төлөөлөгч, хянагч нартайгаа нэлээд орой ослын газарт ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан аж.

Хэргийн газраас зугтахад нь хамт явсан 461 дүгээр хорих ангийн хянагч хориглоогүй бололтой. Тэд өөрсдийгөө цочролд орсон гэж мэдүүлжээ.

ХОХИРОГЧ СОГТУУ БАЙСАН УУ

Хохирогч осол гарах үед зам дээр дөрвөн хөллөөд мөлхөж байсан тухай гэрчүүд мэдүүлжээ.

Тэр хавийн байгууллагад манаач хийж байсан хүн “50 гаруй болов уу гэмээр насны хүн зам дээр мөлхөөд явж байсан. Бараг л зам дээр унтаж байна уу гэж харсан. Очоод сэрээхийн завдалгүй машинд дайруулсан” гэж мэдүүлжээ. Хохирогчийг дайрсан ялтан ч ийм зүйл ярьсан аж.

Тэрбээр “”Хүн-Од” хиамны үйлдвэрийн урд замаар зүүнээс баруун тийш явж байтал өөдөөс ирж явсан машины гэрлийн гялбаанд орчихсон. Өөдөөс ирж явсан машинтай зөрж өнгөртөл зам дээр гэнэт дөрвөн хөллөсөн хүн харагдсан. Би машиныхаа тормозыг гишгэсэн боловч зогсоож чадаагүй” гэжээ.

Ч.ГАНБУУДАЛ МАГАДЛАНГААР СУЛЛАГДАХ ГЭЖ БАЙЖЭЭ

Тэрбээр 40 настай. Эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдарч байгаад 2013 онд ял шийтгүүлжээ. Тодруулбал, 2013 оны нэгдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар гурван жил зургаан сар хорих ял сонссон байна. Ч.Ганбуудал 2011 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр гэртээ согтуу байхдаа эгчийнхээ хүүхэдтэй маргалдаж хэвлий тус газарт нь хутгалж хүнд гэмтэл учруулсан хэргээр ялтан болсон аж. Тухайн үед хохирогч гомдолгүй гэж мэдүүлж байгаад хоёр жилийн дараа гомдол гаргаж хэргийг шалгуулсан байна. Тэд модны захад хамт ажилладаг байжээ.

Ч.Ганбуудал ял сонссон цагаасаа хойш Цагдан хорих 461 дүгээр ангид ял эдэлсэн тухай эх сурвалж мэдээлсэн. Тэрбээр удахгүй магадлангаар суллагдах гэж байжээ. Цагдан хорих 461 дүгээр ангийн Аж ахуйн хэсэгт ял эдэлж байсан юм байна.

ЯЛТНААР АЛБАНЫ МАШИН ЖОЛООДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ

Шүүхийн шийдвэрээр ял эдэлж байсан хүнээр албаны машин жолоодуулж, хотын төвөөр явуулж байсан нь ШШГЕГ-ынхны хариуцлагагүй үйлдэл гэх олон хүн байна. Ял эдэлж байгаа хүнээр машин жолоодуулж, арав гаруй ялтан суулгаад хотын төвөөр явж байгаа нь эрсдэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтныг хорих байгууллага өөрийн болон өөрийнхөө хувь нийлүүлсэн, хамтарсан аж ахуйн нэгжид, эсхүл бусад аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно” гэсэн бол120.5-д “Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтныг гяндан, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, баривчлах ял эдлүүлэх болон сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ажиллуулж болно” гэж заасан байдаг.

Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Дахин гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлгүй, сайн хүмүүжсэн ялтнуудаар гадуур ажил хийлгэдэг. Суллагдах дөхсөн хүн дахиад хэрэг төвөгт оролцохыг бодохгүй шүү дээ. Харин албаны машин жолоодуулж, хотын төвөөр явуулсан нь асуудал дагуулах байх” гэсэн юм.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *