Хятадын хэвлэл мэдээллийн корпораци ядууралтай тэмцэх асуудлаар туршлага солилцох зорилгоор олон улсын онлайн форумыг зохион байгуулжээ. Уг хуралд олон орны шинжээчид оролцсон байна. БНХАУ-ын дарга Си Жиньпин арванхоёрдугаар сарын 3-нд ядуурлыг бүрэн устгасан тухайгаа зарласан. Тэрбээр “Энэ нь хүн төрөлхтний түүхэнд ядуурлыг устгахтай тэмцсэн хамгийн өргөн хүрээг хамарсан, эрчимтэй кампанит ажил болсон” хэмээн тодотгожээ.
НҮБ тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 2030 онд дэлхий нийтийг ядуурлаас ангижруулах зорилго тавин ажиллаж буй. Харин Хятад улс энэхүү асуудлыг 10 жилийн өмнө урьтаж шийдэж чаджээ. 1.4 тэрбум хүн амтай тус улс туйлын ядуу өрх дундаж орлоготой давхаргад шилжсэн энэ юм.
БНХАУ-д суугаа ОХУ-ын элчин төлөөлөгч А.Денисовын онцолсноор дээрх хөтөлбөрийн хүрээнд Хятадын хөдөө, тосгонд амьдарч буй 700 гаруй сая иргэн ийн ядуурлаас ангижирч чадсан нь үлэмж тоо юм” гэж мэдэгдсэн байна.
1978 онд Хятадын нийт хүн амын 95 хувь нь нэн ядуу бүлэгт хамаарагдаж байв. 2012 онд хийсэн судалгаагаар 99 сая хүн ядуу байсан бол 2020 оны энэ сард тус улс ядуурлыг бүрэн устгаснаа ийн зарлажээ.
2019 онд НҮБ-аас гаргасан тайланд дурдсанаар “Хятад улс ядууралтай тэмцэх зорилгоор ийм төрлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн олон орны 100 гаруй төсөлд биечлэн оролцсон нь их дөхөм болсон” гэж тодотгосон удаатай. Харин өдгөө өөрсдийн туршлагаасаа хуваалцах зорилгоор дээрх асуудлаар форум, семинар зохион байгуулж байна. Мөн Лаос, Камбож зэрэг хэд хэдэн оронд практикт нэвтрүүлэх зорилгоор жишиг тосгодыг барьж үлгэрлэн харуулах гэнэ.
Д.ЦЭРЭНДОЛГОР