Categories
мэдээ нийгэм

Яаруу зангаасаа болж галт тэргэнд дайруулжээ

Төмөр замын гарам дээр портер машинтай хоёр иргэн галт тэргэнд дайруулж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр орой гарчээ. Уг хэргийн талаар Улаанбаатар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан замын орлогч дарга Ч.Эрдэнэдалай мэдээлэл өгсөн юм.

Өчигдөр орой 20.00 цагийн үед Дархан өртөөний наана, Цайдам зөрлөгийн хажууд байрлах төмөр замын 143 дугаар гарам дээр осол гарчээ. Гармаар гарах гэж байсан портер машин дайруулж, дотор нь сууж явсан хоёр хүн газар дээрээ амиа алдсан байна.

Осол гарах үед гармын гэрлэн болон, дуут дохиолол бүгд хэвийн ажиллаж байсан бөгөөд хэргийн газар хамгийн түрүүнд замын мастер, холбооны инженер, зүтгүүрийн машинч, орон нутгийн цагдаагийн албан хаагчид очиж ажилласан байна. Жолоочийн амжиж гарах гэсэн яаруу зангаас эл хэрэг үүдэлтэй гэдгийг Ч.Эрдэндалай хэлэв.

Төмөр замын гармыг 1-4 зэрэглэлээр ангилдаг бөгөөд хот доторх хөдөлгөөн ихтэй, авто машины замтай огтлолцдог нэг, хоёрдугаар зэрэглэлийн гармуудыг хашилт, өргөгддөг хаалт, гэрлэн болон дуут дохиогоор тоноглодог аж. Харин хээр байгаа хөдөлгөөн багатай гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн гармууд дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон байдаг. Гэрлэн дохио нь галт тэрэг гарамд 800-1000 метр ойртмогц анивчиж эхэлдэг. Эдгээр дохиолол хамгаалалтуудыг ямар ч алдаа мадаггүй ажиллуулах үүргийг төмөр зам хүлээдэг юм. Уг гэрлэн болон дуут дохиолол ослын үед хэвийн ажиллаж байсныг актаар баталгаажуулжээ.

2015 он гарснаас хойш найман хүн янз бүрийн байдлаар төмөр зам дээр амиа алдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *