Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Засгийн газрын таван гишүүн л давхар дээлтэй байхаар хуульчилж өгсөн

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавилаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Захиргааны ерөнхий хуулийг УИХ-аар хэлэлцэж хүрээг нь харьцангуй хумьсан. Одоо бол УИХ-ын чиглэл өгсөн асуудлаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны шүүх авч хэлэлцэхгүй. Ийм л ерөнхий агуулгаар гарсан хууль. Миний хувьд энэ нь зөв байх гэж бодож байгаа. Цэцээс 2007 оны үед Засгийн газрын хамтын шийдвэрийг Захиргааны шүүх авч хэлэлцэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шийдвэрийг ч гаргасан байдаг.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ сардаа багтаан өргөн барина хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн. Ямар өөрчлөлтүүд оруулахаар тогтов?

-Энэ удаагийн УИХ байгуулагдсан цагаасаа эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж, ажлын хэсэг байгуулж олон талт үйл ажиллагаа явуулж байгаа. Зөвлөлдөх санал асуулгыг хоёр шаттайгаар зохион байгуулсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар 300 мянган иргэнээс санал авч тодорхой саналуудыг нэгтгэсэн. Мөн ШУА, Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэн, мэргэд, судлаачдын санал бодлыг тусгасан. УИХ дээр үе үеийн парламентын бүрэн эрхийн хугацаанд ажлын хэсэг байгуулагдаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр гаргаж байсан саналуудыг ч харгалзаж үзсэн. Ингээд дөрвөөс таван чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэдэг дээр санал нэгдэж байгаа.

-Яг ямар чиглэлүүд байна вэ?

-УИХ-ын үйл ажиллагааг хариуцлагажуулж боловсронгуй болгох чиглэлээр эхний өөрчлөлтийг хийнэ. 2000 оны долоон өөрчлөлтийн зургаан өөрчлөлтийг нь хэсэгчлэн болон бүтнээр нь сэргээж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд 75-аас доошгүй хоног хуралдъя гэж байгаа юм. Одоо бол 50-иас доошгүй хоног хуралдахаар заасан. Мөн УИХ-ын хууль батлах босгыг өндөрсгөнө. 2000 оны өөрчлөлтөөс өмнө УИХ-ын 51 гишүүнээр хурлын ирц бүрдээд, тус гишүүдийн 50 хувь буюу 26 гишүүн хууль баталдаг байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа хуулиар 39 гишүүн буюу нийт гишүүдийн олонх ирээд түүний ердийн олонх болох 20 гишүүнээр хууль батлах боломжтой.

Бид хуулийн төсөлдөө ирц нь 39-өөрөө байг, гэхдээ хууль эцэслэн батлах босго нь 39 буюу нийт гишүүдийн 50 хувь байх ёстой гэж оруулсан. Үүнээс гадна УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэж байгаа. Хэрвээ хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууцаар санал хураалтыг явуулахаар заасан. Энэ бол 2000 оны өөрчлөлтийг хэсэгчлэн сэргээж байгаа хэлбэр юм.

-Давхар дээлний асуудал яригдаж байгаа гэсэн. Хэрхэн өөрчлөгдөхөөр хуулийн төсөлд тусгасан бэ?

-Энэ удаагийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад үл хамаарах ажил албан тушаалыг хавсрахыг хориглосон. Үүнийг Үндсэн хуульд Ерөнхий сайд, мөн дөрвөн сайд УИХ-ын болон Засгийн газрын гишүүнийг хамт хийж болох юм гэж үзэж байгаа. Үүнийг 2000 оны өөрчлөлтөөр нээлттэй болгосноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ парламентаас бүрдэх болсон. Хэдий тодорхой хязгаарлалт хийх ёстой гэдэг дээр санал нэгддэг ч гэсэн үндсэн чиглэлийн яам, эсвэл гуравны нэг нь гэх мэтээр органик хуулиар зохицуулах гэж оролдсон. Энэ нь амьдрал дээр бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа учраас Засгийн газрын таван гишүүн л УИХ-ын гишүүн байхаар хуульчилж өгсөн.

-Ямар салбарын сайд нар давхар дээлтэй байна гэсэн үг вэ?

-Түүнийг Ерөнхий сайд өөрөө шийд гэж байгаа. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ хоёр эрхээс татгалзаж байгаа. Нэгдүгээрт, сайд нарыг томилдог бүрэн эрхээсээ татгалзах нь зөв гэж үзсэн. Хэрхэн танхимаа бүрдүүлж, мөн өөрөөсөө гадна ямар дөрвөн сайдыг парламентаас авч ажиллуулах эсэх нь Ерөнхий сайдын эрхийн асуудал болно гэсэн үг. Хоёрдугаарт, төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн төслийг хэлэлцэн баталж байх үед зөвхөн Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр л зардлын шинэ төрөл үүсгэдэг болъё гэж байгаа. Үнэндээ жижиг мажоратори 76 тойргоор сонгогдож байгаа энэ үед тойргийн эрх ашгууд, жижиг зүйлүүд тусгагдсанаас болж төсөв танигдахын аргагүй болдог. Энэ нь эргээд улсынхаа эдийн засгийн тэнцлийг алдагдуулчихдаг. Үргүй зүйлд төсвийн мөнгийг урсгах үүд хаалга болчих гээд байдаг. Ялангуяа сонгуулийн урьд жил УИХ-ын гишүүд төсөв дээр их олон зүйл суулгаж, амладаг явдал гардаг. Үүнийг таслан зогсоохын тулд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зардал нэмэгдүүлэхийг хориглож байгаа юм. Энэ бол УИХ төсвийн талаарх бүрэн эрхээсээ татгалзаж, хязгаарлаж байгаа үйлдэл гэж ойлгож болно. Дараагийн чухал зүйл нь УИХ-ын бүрэн эрхийг дуусгавар болохтой холбоотой заалтуудыг нарийвчлан зааж өгсөн. Мөн УИХ-ын хяналтыг боловсронгуй болгох хүрээнд нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж болохоор тусгасан. Тэр тохиолдолд УИХ түр хороо байгуулна. Уг түр хороо нь ямар эрх үүрэгтэй байх, юу хэлэлцэх талаар хуульд нарийвчлан тусгаж өгнө. УИХ-тай холбоотойгоор ийм зүйлүүдэд өөрчлөлт оруулахаар ярьж байна.

-Засгийн газрыг тогтвортой үйл ажиллагаа явуулах талаар хуульд тусгасан зүйлүүд бий юу?

-Ерөнхий сайдад хэд хэдэн давуу тал олгож байгаа. Нэгдүгээрт, Засгийн газрыг эмхлэн байгуулах эрхийг олгож байна. Эрх мэдэл нь нэмэгдэж байгаа мэт боловч төдий чинээ үүрэг хариуцлага оногдох юм. Өмнө нь парламент нэг сайдад хариуцлага тооцоод явчихдаг байсан бол одоо нэг сайд алдаа гаргахад танхимаараа хариуцлага үүрдэг болно. Хариуцлагын тогтолцоог маш ойлгомжтой болгож байна гэсэн үг. Нөгөө талаараа гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх том алхам болно гэж харж байна. Засгийн газар хараат бус, зоригтой шийдвэрүүд гаргаж бүтээлч ажиллах боломж нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс ийм өөрчлөлт хийх юм. Ерөнхий сайдын өөртөө итгэл үзүүлэх байдлыг нь нарийвчлан зааж өглөө. Энэ нь Үндсэн хуульд байдаг ч Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх асуудлаар УИХ-д хандаж байгаагүй.

Ерөнхий сайд төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулж ирвэл УИХ гурав хоногийн дотор түүнийг хэлэлцэх ёстой. Энэ тогтоолын төсөл батлагдсанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлж байна гэж үздэг парламентын сонгодог жишээ юм. Япон, Англи зэрэг олон оронд Ерөнхий сайд албан тушаал, танхимаа дэнчин тавьж байгаад том бодлогын асуудал оруулж ирдэг. “Үүнийг дэмжиж өгөхгүй бол би Ерөнхий сайдаа хийхгүй” гэдэг гэсэн үг. Энэ нь өөрийн албан тушаалаа бодлогын асуудалтай уядгаараа их ач холбогдолтой байдаг юм. Тиймээс энэ асуудлыг ихээхэн нарийвчилж өглөө.

Харин Төрийн албаны шатлан дэвших буюу мерит зарчимд суурилсан томилгоотой холбоотой асуудлыг анх удаа оруулж байгаа. Энэ 27 жилийн хугацаанд улс төрийн сонгуулиа дагаад маш их улстөржилт явагдаж, халаа сэлгээ болдог болсон. Үүнийг дагаад төрийн бодлого алдагддаг. Төрийн албаны чадавх ч их суларч байна. Тиймээс энэ чиглэлийн өөрчлөлтүүдийг оруулж өгч байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх үүрэгт өөрчлөлт орж байгаа юу?

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн шалгуурыг өндөрсгөж, чиг үүргийг нь тодорхой болгож өгөх нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг нэмбэл яасан юм бэ гэх саналыг ч гаргаж байгаа. 1992 онд батлагдсан Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн чиг үүргийн хуулиар тогтооно гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор органик 43 хуулиар Ерөнхийлөгчтэй холбоотой эрх үүргүүд нэмэгдсэн. МҮОНРТ-ийн удирдлагыг сонгохоос эхлээд маш олон зүйлд төрийн тэргүүн оролцдог. Энэ нь өөрөө хоёр Ерөнхий сайдтай юм шиг байдлыг бий болгож байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн чиг үүргийг маш тодорхой болгож, зөвхөн Үндсэн хуульд заасан асуудлаар л чиг үүргийг нь өргөтгөхөөр нарийвчлан зааж өгсөн гэдгийг хэлэх хэрэгтэй.

Мөн 55 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгодог байх гэсэн санал явж байгаа. Энэ бол их чухал санал. Өнөөдөр 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн хоёр удаа Ерөнхийлөгчид сонгогдох боломжтой байгаа. Ерөнхийлөгчид хоёр дахь удаагаа сонгогдохын тулд ямар нэгэн ажиллагаа явуулдаг, дээрээс нь найман жилээр ажиллах нь үр дүнтэй биш байна гэдгийг ч иргэд хэлдэг. Тиймээс монгол хүний дундаж наслалт ч нэмэгдэж байгаа энэ үед Ерөнхийлөгчийн насны хязгаарыг авч үзэх нь зүйтэй гэдгийг хэлж байгаа юм. 45 настайдаа Ерөнхийлөгч болчихоод 50 нас хүрэхтэй үгүйтэй суудлаасаа буудаг. Буусан хойноо нам руугаа орж, улс төр үймүүлдэг хандлагууд бий л дээ.

-Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах чиглэлээр ямар өөрчлөлтүүд орох вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөл гэж байгуулан бүх шатны шүүгчийг томилох шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргэдэг байя гэж байгаа. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг 21 хоногийн дотор багтаан батламжилдаг байх юм. Ерөнхийлөгчийн зүгээс зөвхөн Үндсэн хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл батламжилахаас татгалзаж болно. Тодруулбал, нас, мэргэшилтэй холбоотой заалтаар л татгалзах эрхтэй. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдлийн томилгоо руу ордог байдлыг хязгаарлаж буй хэрэг юм. Шүүгчийн насны болон мэргэжлийн шаардлагуудыг өндөрсгөсөн. Шүүхийн ерөнхий зөвлөл нь 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Тэдгээрийг дөрвөн жилийн хугацаатай сонгоно. ШЕЗ-ийн таван гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хорооноос нэр дэвшүүлнэ. Мөн таван гишүүнд нь шат шатны шүүхийн байгууллагуудаас нэр дэвшүүлэх юм. Эдгээр 10 гишүүн нь ШЕЗ-ийн даргаа сонгох болно. Ингэснээр шүүгчийг томилоход хэн нэгэн улстөрч, Ерөнхийлөгчийн институци оролцохгүй. Нээлттэй, хараат бусаар шүүгч нар өөрсдөө томилох боломжийг олгож байгаа юм. Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг мөн байгуулъя гэж байгаа. Энэ хүрээнд шүүгч, шүүх засаглалтай холбоотой асуудлыг тэнд хэлэлцэх юм. Энэхүү Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь зургаан жилийн хугацаатайгаар сонгогддог есөн гишүүн байя гэх асуудлыг л тавьж байгаа.

-Нутгийн удирдлагын тогтолцоонд өөрчлөлт оруулж байгаа. Өөрчлөлтүүд ямар давуу талтай гэж харж байгаа вэ?

-Сум, дүүргийн засаг дарга нарыг ард нийт өөрсдөө сонгодог болчихъё гэж байгаа юм. Сонгогдсон сум дүүргийн Засаг дарга нь баг, хорооныхоо Засаг даргыг томилно. Мөн тухайн сум, дүүргийн ИХТ нь аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг дөрвөн жилийн хугацаагаар сонгодог болох юм. Ингэснээр орон нутгийн сонгуулийн нэг шат байхгүй болж байна гэсэн үг. Мөн сум, дүүргийн Засаг дарга нар ард иргэдийнхээ итгэлийг авч ажиллах, улстөржихгүй байх нөхцөл бүрдэнэ. Дээрээс нь Дархан, Эрдэнэтийг хот байх асуудлыг авч үзэж байгаа. Ерөнхийдөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлуудыг авч үзнэ. Мөн Үндсэн хуулий Цэц, намуудын үйл ажиллагаатай холбоотой зарим нэг заалтуудыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулж байгаа. Одоогоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах асуудлууд багцлагдаад дууссан. Хаврын чуулганд багтаан хэлэлцэх байх гэж бодож байна.

-Сонгуулийн тухай хуулийг хэдийгээр өргөн барих бол?

-Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж зарчмын хоёроос гурван зүйл дээр тохироод байгаа. Ардчилсан нам Засгийн эрх барьж байх үедээ гурван сонгуулийн тухай хуулийг нэг болгоод нэгтгэчихсэн. Энэ хууль нь өөрөө асар их зөрчилтэй. Уг хуулиар сонгууль явж дууссаны дараа Сонгуулийн Ерөнхий хорооноос маш том санал ирсэн. Орон нутгийн сонгууль, улс төрийн намын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн гурван өөр чиг үүрэгтэй сонгуулийг нэг хуулиар зохицуулж байгаа нь асар их зөрчилтэй байна. Тиймээс гурван тусдаа хууль болгож өгөөч гэсэн саналыг СЕХ-оос гаргасан. Иймд Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгээс гурван тусдаа бие даасан хуулийг боловсруулаад дуусч байна. Энэ гурван хууль дээр Засгийн газраас санал авч, ойрын үед өргөн барина. Энэ хаврын чуулганаар хэлэлцэж эхлэх байх гэж бодож байна. Сонгуулийн тухай хуулийг маш ойлгомжтой болгох хэрэгтэй байна. Тун саяхан л гэхэд уг хуулиас болоод Цэц дээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт сонгууль явагдаж чадахгүй хэмжээнд хүртлээ маргаан үүсч байна. Сонгуулийн тухай хууль тодорхой, ойлгомжтой байж л сонгогчдын эрх ашиг хамгаалагдана.

-“Жаст” компанийн төлөх ёстой Стандарт банкны өрийг Засгийн газар төлсөн. Энэ асуудлыг шийдэх ажлын хэсэгт та ажиллаж байгаа. Ажлын хэсэг дүгнэлтээ хэзээ танилцуулах вэ?

– УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан Эрдэнэтийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Ажлын хэсэг энэ долоо хоногт багтаан дүгнэлтээ гаргахаар ярилцаж байна. Ажлын хэсгийн хүрээнд “Жаст” компани Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж Стандарт банкнаас мөнгө зээлсэнтэй холбоотой асуудал олон жил яригдаж байна. Нийт 100 гаруй сая ам.доллар төлөх Арбитрийн шийдвэр гарсан. Засгийн газар тохиролцоо хийж 40 са ам.доллар болгон төлж, гадаад талдаа өрөө хаасан. “Жаст” компанид улсыг хохиролгүй болгох хэмжээний хөрөнгө бий. Урьдчилсан үнэлгээгээр “Жаст” компанид 200-гаад тэрбум төгрөгийн хөрөнгө байна гэж үзэж байгаа. Тэдгээрийг борлуулах замаар улс энэ хохирлоо эргэн барагдуулах ёстой. Энэ ажиллагаа хуулийн хүрээнд явах ёстой юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *