Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Үндсэн хуулийн төсөлд ирүүлсэн саналуудыг тал талаасаа хэлэлцээд ойлголцолд хүрнэ гэж бодож байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Ерөнхийлөгчөөр ахлуулсан Зөвшилцлийн ажлын хэсэг байгууллаа.Ийнхүү тусгайлсан ажлын хэсэг байгуулах нь зөв үү?

-УИХ-ын хаврын чуулганаас эхлээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, улмаар ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 1-нийг хүртэл зарлаад байна. Төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгч болон улс төрийн нам, бусад байгууллагуудаас тодорхой саналууд ирүүлсээр байгаа.Ялангуяа Ерөнхийлөгчийн зүгээс олон багц саналыг ирүүлсэн. Үндсэн хуулийг иргэд, улс төрийн бүх нам, эрдэмтэн судлаачдын саналыг тусгаж батлах ёстой. Парламентын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд бус нийгмийн хэлэлцүүлэгт үндэслэн батлах ёстой баримт бичиг юм. Тиймээс бид наадмын өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар шатны хэлэлцүүлэгт ирсэн саналыг үндэслэн уг шатны хэлэлцүүлгийг түр хойшлуулсан. Үүний дагуу өнгөрсөн 16-ны өдөр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өөрийн байр сууриа илэрхийлж, тодорхой саналуудыг гаргасан. Тухайн саналуудыг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлдэх ажлын хэсгийг бид байгууллаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын 63 гишүүн дэмжсэн. Гишүүд дэмжсэний дараагаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлдэх ажлын хэсгийг Шадар сайд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан. Харин Ерөнхийлөгчийн гаргасан саналтай холбогдуулан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг байгууллаа. Энэ нь парламентад хамгийн олон суудалтай байгаа хоёр нам, тэдний удирдлагууд, байнгын хороодын удирдлага, бүлэг болон зөвлөлийн дарга нараас бүрдэж буй ажлын хэсэг юм. Уг ажлын хэсэг наймдугаар сарын 9 гэхэд эцсийн байдлаар хэлэлцүүлгийн хувилбар гаргах ёстой.

Байнгын хороодоор УИХ-ын гишүүдийн өргөн барьсан саналуудыг хэлэлцээд хумьчихсан. Одоо Ерөнхийлөгчийн гаргасан санал дээр тэдгээр саналууд нэгтгэгдэнэ. Хэлэлцүүлгийн хоёрдугаар шатанд нэгдсэн төсөл дээр тэрхүү санал нэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Харин тэрхүү төслөө наймдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн парламент хэлэлцээд, хуулийн хугацаандаа батлаад явна.

-Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг ард түмнээр хэлэлцүүлэх үү?

-Наймдугаар сарын 9-ний өдрийг хүртэл парламентын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзана. Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн саналууд сүүлийн гурван парламент дамнаж яригдаж л байсан зүйлс. УИХ-ын гишүүдийн гэж хэлэгдэж байгаа хувийн төслүүдийг өргөх хүрээнд ч гэсэн бид энэ асуудлуудыг судалж байсан. Зарим нэг асуудал нь цаг хугацааны хувьд тохиромжгүй байсан бол нэг хэсэг нь хуулийн хүрээнд парламентын гишүүд өөрсдөө хөндөж болохооргүй хязгаарлалттай зүйлс байсан.Эдгээр шалтгааны улмаас л явахгүй байсан болохоос цоо шинэ зүйл биш юм. Өмнөх парламентуудын үед ч УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмье гэсэн саналууд гарч байсан. 2012-2016 оны хооронд Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, 99-д хүргэх саналыг гаргаж байсан. Тэр хүрээнд бид улс төрийн намын тодорхойлолтыг илүү нарийвчилъя гэж үзэж байсан ч сая ерөнхийд нь оруулж ирсэн байх жишээтэй.Байгалийн баялгийн дахин хуваарилалтын асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хамгийн их яригддаг сэдэв.Үүнийг тодорхой болгон илүү нарийвчилж оруулж ирж байна.Хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад дүүргүүдийг хотын статустай болгоё, сонгуулийн тогтолцоог тодорхой болгож тусгаж өгье, хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой асуудлаар Үндсэн хуулийн түвшинд гаргаж тавья, эдийн засгийн гол заалтуудыг Үндсэн хуулийн эдийн засгийн хүрээнд томьёолж оруулъя гэх мэт энэ саналууд ч яригдаж байсан. Энэ мэтчилэн хэлэлцүүлгийн үед яригдаж байсан зүйлс уг саналд багтсан. Эдгээр асуудлуудыг тал талаасаа хэлэлцэж, ойлголцож чадна гэж найдаж байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ҮАБЗ, Үндэсний хөгжлийн газар батламжлах нь зөв үү. Ард нийтээр дэмжигдэж, зөвшөөрөл авчихсан мөрийн хөтөлбөрийг Ерөнхийлөгч шүүх нь хэр зүйд нийцэх вэ?

-Ерөнхийлөгчийн санал болгож буй төсөл дотор авах зүйл ч, гээх зүйл ч байна. Иймээс авах гээхийн ухаанаар хандах байх гэж бодож байгаа. Ер нь бол байгалийн баялагтай, хот, дүүргийн статус, праламентыг улам боловсронгуй болгохтой холбоотой асуудлууд дээр гаргаж буй саналуудыг би хувь хүнийхээ үүднээс дэмжиж байгаа. Шүүхтэй холбоотой, хөгжлийн бодлого төлөвлөлт, улс төрийн намтай холбоотой зарим зүйл дээр санал нийлэхгүй байгаа. Тэгэхээр энэ бүхнийг хэлэлцүүлгийн явцад хэлэлцээд шийдээд явна гэж бодож байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дамжуулж Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрт нь оролцох буруу хандлага. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гүйцэтгэх засаглалын хоёр институт болох Ерөнхийлөгч, Засгийн газар байнга зөрчилтэй байж ирсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчийн институт тодорхой асуудлууд дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрийг барьж хил хязгаар давж орж ирдэг.Үүнээс үүдэж тухайн асуудал эзэн биегүй, тодорхойгүй болдог зүйл бий. Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан эрх үүргээсээ давсан бүрэн эрхүүдийг өөртөө хуулиар олгож, энэ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэх зэргээр шүүмжлэлтэй ханддаг зүйлүүд бий. Гэтэл үүнээс бүр давж Аюулгүй байдлын зөвлөлөөр дамжин Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хянахад орж ирэх нь буруу юм.

-Монгол банк, Үндэсний хөгжлийн газар гэх мэт байгууллагууд Үндсэн хуулийн байгууллага болох нь зөв үү. Тухайн газруудын үндсэн зарчмыг тэртэй тэргүй Үндсэн хуулиар зохицуулж байхад заавал ийм заалт оруулах шаардлагагүй талаар судлаачид хэлж байна л даа?

-Үндсэн хуулийн эрх зүй гэж хууль зүйн шинжлэх ухааны бие даасан салбар байдаг. Үндсэн хуулийн бичлэг гэж мөн нарийн зүйл бий. Бусад хуулиудыг бодоход арай өөр. Үндсэн хууль гэж байгаа боловч энэ нь үнэндээ нийгмийн зөвшилцлийн баримт бичиг юм. Нийгмийн, хөгжлийн бодлогын баримт бичиг.

Энэ утгаараа дээрх асуудлыг Үндсэн хуулийн төвшинд зохицуулах ёстой эсэх дээр судлаачид байр сууриа илэрхийлээд эхэлсэн байна лээ. Миний хувьд санал нэг байгаа. Ялангуяа Монгол банк, Үндэсний хөгжлийн газрын асуудлыг заавал Үндсэн хуулийн байгууллагын түвшинд авч хэлэлцэх шаардлага өнөөдөр үүсээгүй байна. Оруулж ирж буй тодорхойлолтыг харахад тэдгээр байгууллагууд саналаа өгөхдөө Ерөнхийлөгчийн институтэд уламжилсан байсан. Бид дэд ажлын хэсэг дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барих хүрээнд судалж байсан л даа. Тухайн үед бид Үндсэн хуулийн байгууллагын түвшинд тодорхойлж оруулж ирэх нөхцөл байдал үүсээгүй байна гэж үзсэн юм.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн. Тэгвэл тэрхүү төслийн хэдий хувьд нь Ерөнхийлөгч, гишүүд, улс төрийн намуудын саналыг оруулах вэ. Тодорхой журам байдаг уу?

-Бид өнөөдөр Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хийхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөж байна. Бид хууль, журмын дагуу явуулах үүднээс тухайн хууль дүрэмд заасан цаг хугацааг баримтлан ажиллаж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар 35 хувиас дээш өөрчлөлт хийгдвэл Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга буюу шинэ Үндсэн хуулийн асуудал руу орох болно гэж үздэг. Тиймээс бид энэ удаа нэмэлт, өөрчлөлтийн түвшинд буюу 35 хүртэлх хувьд өөрчлөлт оруулна гэсэн бодлого баримталж байгаа. Гишүүдийн өргөн барьсан төсөл Үндсэн хуулийн 28 хүртэлх хувьд өөрчлөлт хийгдсэн байна гэж бид үзсэн. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хориод зүйлийн саналыг бид нарийвчилж тусгавал 35 хувь дотор багтана гэж үзэж байгаа. Ерөнхийлөгчийн төсөл дотор гишүүдийн асуудлаас тусдаа хөндсөн зүйл нь харьцангуй ховор байна. Зөвхөн парламентын гишүүдийн тоо, тэдний бүрэн эрхийн хугацаа, Монгол банк, Үндэсний хөгжил, бодлого төлөвлөлттэй холбоотой зүйлс дээр л өөрчлөлтийн асуудал байна. Тиймээс 35 хувиас хэтрэхгүй гэж харж байгаа.

-Гишүүд төслөө өргөн мэдүүлэхийн өмнө Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хүлээж аваагүй, танилцаагүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Ерөнхийлөгч тун саяхан л төсөлтэй танилцсан болов уу. Үүнээс үзэхэд Ерөнхийлөгч өөрийн энэхүү төслөө хэр хугацаанд боловсруулсан байж таарах вэ?

-Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас асуух хэрэгтэй.

-Байгалийн баялаг нийтийн өмч байна гэдэгтэй та санал нийлж байгаа юу. Хэрэв тийм бол яагаад?

-Ерөнхийлөгчийн санал болгож буй төсөл дотор хамгийн нааштай, авууштай нэг зүйл байсан. Тэр нь өмчийн харилцаан дээр орж ирсэн томьёолол. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулийн хүрээнд байгалийн баялаг, газрын хэвлийн баялаг, ой, ус, мод зэрэг нь ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэсэн байдаг. Харин 6.2 дахь заалтаараа төрийн өмч байна гээд заачихсан байдаг. Харин энэ санал дээр төрийн өмч гэдэг ойлголтыг хоёр ялгаж үзэхээр байгаа юм. Заяагдмал өмчөө бид төрийн биш нийтийн өмч гэж үзэх нь. Байгалийн баялаг, ой, мод зэргийг бид бүтээгээгүй шүү дээ. Харин төрийн өмч гэсэн ойлголтод үүсмэл өмч буюу өнөөдөр бидний бүтээж буй бүтээн байгуулалтыг хамааруулан ойлгохоор байгаа. Энэ хоёрын зааг ялгааг энэ төсөл дээрээ нарийвчлан гаргаж ирсэн нь их олзуурхууштай. Өмнө нь манайд нийтийн өмч гэсэн ойлголт их учир дутагдалтай байсан. Цаашдаа нийтийн өмчийн хүрээнд стратегийн ач холбогдолтой орд газруудынхаа байгалийн баялгийг хэрхэн ашиглах, баялгийн хуваарилалтаа хэрхэн хийх, хэрхэн зөв зохистой ашиглах вэ зэрэг олон асуудлууд хөндөгдөж таарна. Харин стратегийн ач холбогдолтой ордтой холбоотой оруулж ирж буй заалтууд нь Үндсэн хуулийн төвшинд биш Органик хууль, Ашигт малтмал, Татварын холбогдох хуулиар зохицуулж болохоор юм. Баялгийн сан байгуулах, стратегийн ач холбогдолтой орд газруудад хувь эзэмшихтэй холбоотой заалтуудыг Үндсэн хуульд тусгах шаардлага байгаа эсэхийг гишүүд хэлэлцэн шийднэ гэж бодож байна. Миний хувьд үүнийг Үндсэн хуульд оруулах нь буруу гэсэн байр суурьтай байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *