Categories
мэдээ цаг-үе

Я.Мөнгөнцэцэг: Цагдаа нар бүгдийнх нь нүдийг таглаж байгаад бусармаг хүчирхийллээ эхлүүлсэн

“Гэр хороолол” хөдөлгөөнөөс өнгөрөгч баасан гаригт Сүхбаатарын талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, хашааны газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Тэд гэр хороолол руу дэд бүтэц татаж, иргэдийг хашаандаа хаус хороолол барихад нь төрөөс дэмжлэг үзүүлж, үүнд чиглэсэн бодлого гаргах ёстой гэж үзэж байгаа юм. Тэдний жагсаал суултаар үргэлжилж, Сүхбаатарын талбайд майхнаа бариад нэг хонов. Гэвч тэднийг өнгөрсөн бямба гаригийн шөнө цагдаа нар хүч хэрэглэн тараажээ. Энэ талаар “Гэр хорооллын хөдөлгөөн”ий гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.


-Та бүхний жагсаалыг цагдаа нар хүч хэрэглэн тараажээ. Тэр үед болсон үйл явдлын тухай ярихгүй юу?

-Гэр хороолол хөдөлгөөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд жагсаал цуглаан хийж байна. Энэ хугацаанд хотын захиргаанд удаа дараа шаардлага өгсөн боловч хариу ирж байгаагүй. Энэ удаад мөн л шаардлагынхаа хариуг нэхэж, сайхан амьдрахыг хүсч байгаагаа хэлээд төв талбайд жагссан. Албан ёсоор бүртгүүлсэн жагсаал. Гэр хорооллынхон амьдралаа яриад л цугласан. Гэвч нэг ч дарга тоож хараагүй. Тиймээс бид жагсаалаа улс төрийн суултаар үргэлжлүүлэхээр шийдэж, улаан майхнаа барих гэсэн. Гэтэл цагдаа нар бариулаагүй. Хүч хэрэглэж, булааж авсан. Цуглаанд ирсэн иргэд тэмцэж байж үлдсэн майхнаа бариад суултаа үргэлжлүүлсэн. Ингээд бид Сүхбаатарын талбайд тэр шөнөө хоносон. Жагсаал хийх бүртгэлтэй хугацаа дууссаныг цагдаа нар үргэлж сануулж дарамталж байлаа. Бид хотын удирдлагуудыг гарч ирж уулзтал суултаа буулгахгүй гэдэг байр суурьтай байсан юм.

-Бүртгэлтэй хугацаа дууссан байхад суултаа үргэлжлүүлсээр байсан гэсэн үг үү?

-Өнгөрсөн өвөл эрх мэдэл булаалдсан УИХ-ын гишүүд Сүхбаатарын талбайд 40 гэр барьж, М.Энхболдыг огцруулахыг шаардаж жагссан. Ерөнхий сайд нь зарлигдаад гэрүүдийг нь гэрэл цахилгаанаар хангаж байлаа. Тэд бараг сар орчим Сүхбаатарын талбайд амьдарсан. Гэтэл гэр хорооллын иргэд аравхан майхан бариад суух гэхээр хууль яриад, зөвшөөрөл нэхээд дарамтлаад байдаг нь ямар шударга ёс вэ. Монголын хууль гуйлгачин ч бай, дарга ч бай алинд нь ч тэгш үйлчлэх ёстой биз дээ.

Үнэхээр хууль нь хууль байсан юм бол Их хурлын гишүүдийг гэр бариулахгүй байх нь яасан юм бэ гэдэг асуудлыг тавьсан. Мөн бид хотын дарга С.Амарсайханыг гарч ирж бидэнтэй уулзаж, юу хүсч, юу шаардаад байгааг минь сонсох хүртэл явахгүй гэдгээ л хэлсэн. Гэвч тэр үл ойшоосон. Гэр хорооллынхныг үнэхээр дорд үзсэн.

-Яаж?

-Суулт үргэлжилсэн хоёр дахь өдрийн орой 21:00 цагийн үед хотын Засаг дарга С.Амарсайхан гэр хорооллынхны суултыг албадан тараах тухай захирамж гаргасан. Түүний захирамжийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал гэдэг коммунист нөхөр танилцуулах гэж ирсэн. Ингэхдээ тэр “Энэ бол хотын даргын захирамж, та нар зөвхөн сонсох үүрэгтэй. Албадан тараах явцад хэн нэгний амь нас, эд хөрөнгө үрэгдвэл хариуцлагыг нь та нар өөрсдөө хүлээнэ шүү” гэж заналхийлсэн. Сайхан амьдрахыг хүсч шаардаж яваа гэр хорооллынхон цагдаа нарын гарт үрэгдвэл хохь нь шүү гэж хэлснээс өөрцгүй биз дээ. Нөгөө талаар цагдаа нарт гэр хорооллынхныг алсан ч болно гэж үүрэгдэж байгаа юм уу. Иргэдээ сонсч, гэр хорооллоор явж, айл бүрээр орж уулзаж, амьдрал ахуйтай нь танилцаад ямар бодлого шийдвэр хэрэгтэй байна гээд явж байх ёстой хотын Засаг дарга ийм увайгүй дарангуйлагчийн дүрээр иргэдээ заналхийлээд явж байна гээд бод доо. Тэгэхээр яаж гэр хороолол ядуурлаас гарах юм. Яаж дахин төлөвлөлт үргэлжлэх юм бэ.

-Дараа нь юу болсон бэ?

-Бямба гаригийн үдшийн 23:00 цагийн үед хотын дарга С.Амарсайханы захирамжийн дагуу цагдаа нар хүч хэрэглэж албадан тараах ажиллагаа эхэлсэн. Бид бууж өгөөгүй. Майхандаа ороод сууж байсан. Зарим жагсагчдын машин талбайн урд талын зогсоолд байсан. Тэр машинуудын цонхыг юмаар хааж, битүүлсэн. Дотор нь хүн сууж бичлэг хийх вий гэдгээс сэргийлж, бүгдийнх нь нүдийг таглаж байгаад бусармаг хүчирхийллээ эхлүүлсэн. Майханд сууж байгаа эмэгтэйчүүдийг орилуулж чирсэн. Нэг хүнийг дөрвөн цагдаа татаж, зулгааж байсан гээд бод. Үнэхээр гэр хорооллынхныг хүний ёсоор бус нохой шиг үзсэн. Толгой хоргодсон майхнуудыг нь хуу татаж, өмссөн хувцаснуудыг нь урж тасдаж зэрлэг балмад аашилсан. Майхнаасаа бариад тавихгүй нэлээд зуурсан учраас намайг дөрвөн цагдаа дороо хийгээд л нухчихсан. Ингээд гэр хорооллынхныг гэмт хэрэгтнүүд шиг бариад ачаад явсан. Очоод мэдүүлэг авч байгаа нь яг л ялтнуудтай харьцаж байгаа юм шиг байлаа. Ийм л дарангуйлал тогтсон байна. Хүний эрх, ардчилал устаж байна. Үнэхээр харамсалтай.

-Гэр хорооллынхон яг юу хүсээд байгаа юм бэ?

-Гэр хорооллын иргэд бид хашааны газраа үнэ цэнэд оруулъя. Халуун, хүйтэн устай, хар нүүрс түлдэггүй хауснууд барья. Дэд бүтэц татаад, газрыг минь барьцаалаад мөнгө зээлдэг болооч гэж л төрөөс гуйж байгаа. Бид анх жагсахдаа албан тушаалтнуудыг огцруулъя гэж ам ангайгаагүй. Амьдралаа ярьж Сүхбаатарын талбайд нэг хонолоо. Нэг ч дарга ирсэнгүй, тоосонгүй. Харин хотын дарга С.Амарсайхан захирамж гаргаж, цагдаа нараар баривчлуулан төв талбайгаас биднийг өшиглөөд хөөж гаргалаа. Өмссөн хувцсыг минь хүү татлаа. Орогносон майхныг минь хуу хамлаа. Эмэгтэйчүүдийг нь орилуулж, дахиад ирвэл хохино шүү гэж заналхийллээ. Амьдрал, ахуй орчныг минь сайжруулж өгөөч гэж нэхсэний төлөө ингэж дарамжталж байгаа бол харин одоо хотын дарангуйлагч Засаг дарга С.Амарсайханыг огцруулах тэмцлийг бид эхлүүлж байна. Сүхбаатарын талбайд зөвхөн дарга нар жагсах эрхтэй юм бол бид Ялалтын талбайд ирэх баасан гаригт дахиад жагсана. Тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид Монголын ядуучуудын төлөө тэмцэж байна. Бид үйл хэргийнхээ төлөө тэмцэж байна. Ядуурал чинь гэр хороололд л байгаа юм бол гэр хорооллоо хөгжүүлээч. Бодлого яриач, шийдвэр гаргаач л гэж шаардаж байна.

-Та бүхэн дөрөвдүгээр сарын 5-нд дахин жагсах юм байна. Тэр өдөр АН мөн жагсаал хийнэ. Та бүхнийг АН, Э.Бат-Үүлтэй холбож, ярьдаг шүү дээ. Энэ дээр тайлбар өгөхгүй юу?

-Гэр хорооллынхон халуун, хүйтэн устай байшин баримаар байна гээд хэлээд байхад өөдөөс нь Э.Бат-үүлийг яриад байх юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр энэ дарангуйлагчид биднийг гутаах, харлуулах, Э.Бат-Үүлийн жагсаал гэж харуулах үйл ажиллагаа явуулж, троллын арми хөлсөлж ажиллуулсан байна лээ. Төрийн албаныхныг ч оруулсан гэдэг мэдээлэл бий. Нэг л зүйн үнэн. Бид Э.Бат-Үүлийн эрх ашгийг хамгаална гэж жагсаагүй. Хотын дарга болго гэж шаардаагүй. Гэр хорооллынхон зүгээр амьдралаа ярьж байна. Энэ нь Э.Бат-Үүлд ямар хамаатай юм. Ер нь бол Э.Бат-Үүлийн үед гэр хорооллын дахин төлөвлөлт нүдэнд харагдаж, айлууд мянга мянгаараа орон сууцанд орж байсан. Өөр хэний үед, аль намын үед гэр хорооллынхон мянга мянгаараа орон сууцанд орж байсан юм бэ. Тиймээс энэ гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал нь яалт ч үгүй энэ хүний эхлүүлсэн, хийсэн ажил мөн. Тиймээс бидний жагсаал цуглаанд оролцоосой гэж хүсдэг. Хотын дарга асан Э.Бат-Үүл харин ч биднээс зайгаа бариад, “Та нарын тэмцлийг улстөржүүлмээргүй байна” гээд оролцож өгөхгүй байгааг нь гайхаад байгаа. Эцэст нь хэлэхэд гэр хорооллынхон минь хүчээ нэгтгээч, хүнээ нэмээд олуулаа дахиад тэмцье. Бүгдээрээ сайхан амьдралын төлөө жагсъя гэж уриалмаар байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *