Categories
мэдээ цаг-үе

“Volume Plus” телевизийн хөтлөгч Battery: “Хэдийнбээ” нэвтрүүлгийн гол санаа нь загварын талаар боловсрол олгох

ҮНЭТЭЙ ХУВЦАС ӨМССӨНД НЬ УУРЛАЖ, ХЯМДХАН ХУВЦАСТАЙГ НЬ ЧИЧЛЭХИЙН ОРОНД ТАРХИА ЦЭНЭГЛЭЖ АМЬДРААСАЙ

Монголын хөгжмийн контентын зах зээлд шинэ өнгө төрх болж буй телевиз бол “Монгол HD”-гийн хоёрдугаар суваг “Volume Plus” юм. Тэгвэл бид энэ удаагийн “Залуус” буландаа тус сувгийн “Хэдийнбээ” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Э.Бат-Эрдэнэ буюу Battery-г онцолж байна.


-“Хэдийнбээ” нэвтрүүлгийн гол санаа нь юу юм бэ. Зарим хүмүүс хийх юмаа олж ядсан гээд л шүүмжилж харагддаг?

-“Хэдийнбээ” нэвтрүүлгийг 2018 оны гуравдугаар сараас хийж эхэлсэн. Анх өөрсдийнхөө влогт жижигхэн дугаар маягаар оруулъя гэж төлөвлөсөн л дөө. Тэгсэн цаашлаад нэвтрүүлэг болоод илүү хөгжсөн гэх үү дээ. Энэ нэвтрүүлэг ямар учиртай вэ гэхээр хувцас үнэтэй байна уу, хямд байна уу тэр огт хамаагүй. Чухал зүйл нь нэгдүгээрт, орж байгаа хүмүүс. Хоёрдугаарт, хүмүүс хямд ч бай, үнэтэй ч бай өөрт зохисон ямар гоё хувцас өмсөж байна, түүнийгээ хаанаас авсан нь чухал. Нэг талаааа сая дурдсан зүйлсийг бусдадаа хуваалцаж нөгөө талаар загварын талаар боловсрол олгох нэвтрүүлэг. Сүүлийн жилүүдэд манай “Хэдийнбээ” нэвтрүүлэг нэлээн эрчийг авч байгаа. Төлбөртэй ч хийгддэг болсон.

-“Хэдийнбээ” нэвтрүүлгийн хөтлөгч Battery гэхээр залуучууд анддаггүй шүү дээ. Ингэхэд нэрнийхээ тухай тайлбарлаач. Яагаад заавал Battery гэж?

– Манай авга ах намайг тавдугаар ангид байхад нэг удаа Battery гэж дуудаад л түүнээс хойш хүн болгон тэгж дууддаг болсон(инээв). Хөтлөгч Б.Мандуул ах “Монголд байдаг хамгийн их нэр Бат-Эрдэнэ, харин хамгийн өвөрмөц нэр Battery” гээд байдаг. Ер нь Бат-Эрдэнэ гэхээр хэн ч мэдэхгүй. Battery гэдэг нэрээр минь сайн мэднэ. Манай телевизийн хөтлөгч Кай-ийг ч Билгүүн гэвэл хэн ч мэдэхгүй байх.

-“Хэдийнбээ” нэвтрүүлгээс өмнө мэдээний хөтлөгч хийдэг байсан гэв үү. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

-“Volume Plus” телевизд ажиллаад гурван жил болж байна. Анх мэдээний хөтлөгч хийж байгаад удалгүй “Хэдийнбээ” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн. Би Улаанбаатар их сургуулийг англи хэлний багшаар төгссөн л дөө. Гэхдээ хэзээ ч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Багаасаа дизайнер талдаа сонирхолтойгоос гадна тэр чиглэлээр ажиллаж ирсэн.Би 1995 оны тавдугаар сарын 20-нд төрсөн. Сая 25 хүрсэн. Үнэмлэхээ сунгуулдаг юм билээ./инээв/

-Найз охинтой юу?

-Аравдугаар сард аав болно. Найз охинтойгоо үерхээд хоёр жил болж байна.

-“Хэдийнбээ” нэвтрүүлгийн санааг багаараа гаргасан уу?

-Тэлэлгүй яахав. Бид нар дундаасаа санаагаа гаргасан. Долоо хоног бүр хурал хийдэг. Ер нь тухайн нэвтрүүлгийн эвлүүлэг нь их чухал шүү.

-Ер нь хүн гэдэг их хэрэгт дурламтгай амьтан шүү дээ. Тэр ч утгаараа хүмүүсийн өмсөж зүүсэн эдлэл, хувцасны үнийг их сонирхдог байх?

– Тийм шүү. Ер нь хүний сайн мууд дурладаг чанар чинь өөрөө хүн төрөлхтний бичигдээгүй хууль юм уу даа. Юм хөгжиж байгаа газар ч тэр уруудаж байгаа газар ч муу муухайгаар, эсвэл сайнаар хэлэх хүмүүс зөндөө бий.

-“Хэдийнбээ” нэвтрүүлгийн доор сөрөг комментууд бас байдаг шүү?

-Хараад байхад хүний өмнөөс их нервтдэг юм болов уу. Үнэтэй хувцас өмссөн бол уурладаг. Хямдхан байвал бас үг шиддэг. Гол нь үнэ цэнэдээ чухал биш. Яахав, хүмүүс сүүлийн үед өнгө мөнгө их хардаг болсон байна. Түүнээс бусдаараа “Хэдийнбээ” гоё нэвтрүүлэг шүү дээ.

-Нэвтрүүлэгээ хөтлөх явцад сонирхолтой зүйл их тохиолдоно биз?

-Би нэг орой машинаа гаргах гэж байтал нэг машин хаагаад тавьчихаж. Тэр хавьдаа тог тасарчихсан хав харанхуй байлаа. Тэгээд машин дотор нь хүн байхаар нь “гарах юм уу” гээд асуусан чинь урдаас “Battery мөн үү” л гэж байна. /инээв/. Би “тийм байна аа яаж таниад байгаа юм бэ” гэсэн “Хоолойгоор чинь таньж байна аа хэдийнбээ” гээд л орилж байна лээ. Тэгээд л энэ тэрүүгээр явж байхад арван жилийн хүүхдүүд “хэдийнбээ” гээд л орилно. Бас олны танил хүнээс “хэдийнбээ” гээд асуухаар миний микрофоныг авангуутаа надаас “за Battery цамц, куртика, өмдөө хэдээр авсан бэ” гээд л асуудаг. Тэр нь их хөгжилтэй.

-За тэгвэл үргэлж хүмүүсээс “Хэдийнбээ” гэж асуудаг хөтлөгчийн өөрийнх хувцасны үнэ, брэндийг сонирхъё?

-Аан за. Би өөрийн брэндийн футболка өмссөн байна. “Yuniku” гэсэн япон нэртэй брэнд. Энэ футболка 50 мянган төгрөг. Өмд болохоор Converse брэндийнх. Хямдралтай байхад нь 100 мянган төгрөгөөр авч байсан. Оймс “Хандгай” гээд комик зурдаг залуусын гаргасан 15 мянган төгрөгний үнэтэй. Пүүзээ найзынхаа онлайн дэлгүүрээс 300 мянгаар авсан. Шил хамгийн үнэтэй нь, 150 мянгаар хийлгэж байсан гэсэн. Тухайн үед ээж надад хийлгээд бэлэглэж байсан. Хамгийн сүүлийнх нь, Samsung-ийн А6 утас байна. Энэ утсыг 750 мянгаар авсан. Машин авах гээд цалингийн зээл авсан юм л даа. Тэгсэн тэр мөнгөнөөс маань илүү гараад тэгээд утас авсан.

-Өөрийн гэсэн брэндтэй юм байна. Брэндээ яагаад заавал япон нэрээр нэрлэсэн юм бэ?

-Ажлынхаа хажуугаар давхар орлоготой байх ёстой гэж бодоод брэндээ гаргасан. Найз охинтойгоо танилцаад удаагүй байхдаа оймсны брэнд хийх үү, машин угаалга хийх үү гээд баахан ярьж төлөвлөж байлаа. Тэгээд ярилцаж байгаад л хувцасны брэндтэй болсон. Яагаад япон нэр өгсөн бэ гэхээр дэлхийд гарч ирж байгаа хувцасны брэндүүд ихэвчлэн Японоос гаралтай байдаг.Манай найз охины гэр бүл япон школтай. Би ч өөрөө япон хэв маягт дуртай.

-“Хэдийнбээ” нэвтрүүлгээ цаашдаа ч хөтөлсөөр байх уу?

– Мэдээж “Хэдийнбээ” нэвтрүүлэг хөлөө олчихсон шүү дээ. Хамгийн гол нь залуучууд маань өөрсдөө хийж бүтээгээд тэр хүмүүстэй адилхан өөрсдийгөө хувцаслаад явах бүрэн боломжтой. Яагаад түүнийгээ ашиглахгүй сөрөг коммент бичээд байдаг юм бэ гэж л хэлэх байна. Үнэтэй хувцас өмссөн хүнд уурлаад юу хожих вэ. Бас хямдхан хувцас өмссөн хүнийг чичлээд юу хожих вэ, тийм ээ. Тэгэхээр тарихаа цэнэглэж амьдраасай л гэж хүсч байна.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *