Categories
гадаад мэдээ

Владимир Путин, Владимир Зеленский нар уулзахаар болов

ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар утсаар ярилцав. Германы Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, талууд ОХУ-тай цаашид хэлэлцээ хийх шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн байна. “Хоёр улсын удирдагчид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх дипломат хүчин чармайлтыг үргэлжлүүлэх ёстой гэсэн байна. Европын аюулгүй байдлын асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ эхлүүлэх, Минскийн гэрээг хэрэгжүүлэх, Герман, Францын дэмжлэгтэйгээр “Нормандын формат”-д ахиц дэвшил гаргах нь чухал” гэж Германы сайд нарын танхимын мэдэгдэлд дурджээ. “Үүний гол түлхүүр нь Москвад байна” гэж тус улсын эрх баригчид үзсэн байна. “ОХУ Украины эсрэг цэргийн хүчээр түрэмгийлэл үйлдэх эрсдэл хэвээр байгаа бөгөөд Орос улс цэргээ дорвитой татсан шинж тэмдэг одоогоор ажиглагдахгүй байна” гэж уг мэдэгдэлд дурджээ. Германы Засгийн газар Украины тусгаар тогтнолыг зөрчсөн тохиолдолд Орос улс “маш ноцтой үр дагавартай” тулгарах болно гэсэн Барууны орнуудын байр суурьтай хамт байгааг дахин сануулсан байна.

Москва Барууны түншүүдтэйгээ аюулгүй байдлын баталгааны талаар дипломат арга замаар хэлэлцэн тогтохоор төлөвлөж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдээд байгаа билээ. Германы Канцлер Олаф Шольц ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Москва хотноо Канцлерын хувиар анхны айлчлалаа хийж Орос-Украины хил дээр үүсээд буй хямралын талаар голчлон хэлэлцсэн. О.Шольц Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киев хотноо уулзсаныхаа дараа Москвад айлчилсан юм. Уулзалтын дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Германы Канцлер, “Европт хурцадмал байдал дайн болон даамжрахыг харахгүй байх нь Засаг тэргүүлж буй бидний гүйцэтгэх гол үүрэг юм” гэдгийг цохон тэмдэглэсэн. Мөн Орос, Германы Европын түншүүдийн хоорондын дээд түвшний яриа хэлэлцээ нь тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг нэмж хэлжээ. В.Путины хувьд хэвлэлийн бага хурлын үеэр “Бид цаашид хамтран ажиллаж, хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдээд, Герман улс нь Оросын хамгийн чухал түншүүдийн нэг болохыг дурдсан байна. Түүнээс “DW” агентлагийн сэтгүүлч Микаэла Кюфнер дайн гарах магадлалтай эсэх талаар тодруулахад “Бид Европт дайныг хүсэхгүй байна” гэж хариулжээ. Мөн “Европт дайн гарна гэж энэ цаг үеийн хүмүүст төсөөлөгдөх ч үгүй байгаа” хэмээн О.Шольцын урьд нь хэлсэн үгийг эш татсан байна. “Чухам тийм учраас бид бүх талын аюулгүй байдлын асуудлыг адил тэгш хэлэлцэх үйл явцыг эхлүүлэх саналыг тавьсан” гэдгийг тэрбээр онцолсон юм.

Энэ нь эцсийн эцэст дэлхийн том улсуудын тэргүүн нартай хамт Владимир Путин, Владимир Зеленский нар уулзахаар болсон гэсэн үг.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *