Categories
мэдээ улс-төр

Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүндэт зочныг жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дуулал эгшиглэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ли Наг Ён нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын зурсны дараа ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиров.

Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Энэ хүрээнд харилцаагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэн нэг шат ахиулж, алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэхээр болов.

Мөн эмч нарыг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад түлхүү хамруулах, ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой угтан соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахаар болов.

Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон олон асуудлыг энэ оны эхний хагаст болох Засгийн газар хоорондын комиссын IV хуралдаанаар нарийвчлан хэлэлцэнэ.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Ж.Занданшатар нарт бараалхана. Мөн “UB smart card” төсөлтэй танилцан, Монгол- Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн, Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочлох юм хэмээн Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *