Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төлөвлөгөөний дагуу хэд хэдэн газарт томоохон шалгалт хийсэн байна. Тухайлбал, Вьетнам авто засварын газар, Туул голын сав газраас элс, хайрга олборлож байгаа компаниуд, тусгай зөвшөөрөл бүхий элс, хайрга, дайрга олборлож байгаа компаниудад хяналт шалгалт хийжээ. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дотоодын эмийн үйлдвэрүүдээс ноцтой хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Авто тээврийн улсын байцаагч нар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 150 гаруй Вьетнам авто засварын газраас 55 газарт нь шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад 904 зөрчил илрүүлжээ. Вьетнам авто засварын газрууд Монгол Улсын хууль журам, тогтоолыг огт хэрэгжүүлэхгүй байгаа нийтлэг зөрчил илэрсэн байна. Тухайлбал,”Вьетнам кузов засвар”-ын газрын үйл ажиллагаанд авто үйлчилгээ эрхлэх талаар харьяа дүүргийнхээ Засаг даргын дэргэдэх “Зөвлөл”-тэй гэрээ байгуулж, үйлчилгээний мэдээллийн санд бүртгүүлээгүй зөрчил зэрэг олон илэрчээ. Өөрөөр хэлбэл хууль бусаар үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн авто үйлчилгээний бүтээгдэхүүний үнэ тарифыг тогтоож батлаагүй, хийсэн засвар, үйлчилгээндээ баталгаат хугацаа олгодоггүй, эрх бүхий байгууллагаар үйлчилгээний ангиллаа тогтоолгоогүй, аж ахуйн нэгжийн дотоод хяналт шалгалт хийх журмыг боловсруулаагүй байна. Мөн ажилчдынхаа хөдөлмөр аюулгүй ажиллагааг огт хангаж ажилладаггүй болох нь тогтоогджээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан багаж хэрэгсэл, хувцас хэрэглэл байхгүйгээс гадна ажлын байрандаа галын аюулгүй байдлын талаар дүгнэлт огт гаргуулаагүй, галын аюулгүйн багаж хэрэгслээр бүрэн хангагдаагүй нийтлэг зөрчил илэрчээ. Мөн ажилчид нь ажлынхаа байран дээр байрлаж, хоол унд хийж иддэг, хийн баллоныг журмын дагуу ажиллуулаагүй, орон сууцны доод хонгилд үйл ажиллагаа явуулж байсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Осолд орсон автомашиныг засахдаа кузовыг нь залгадаг хүртэл ноцтой зөрчил гарсныг Мэргэжлийн хяналтын байцаагч хэлж байсан юм.
“ДАБЛЬМӨНХ” ХХК-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН ГЭВ
Туул голын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, нөхөн сэргээлтийн байдалд НМХГ болон бусад холбогдох байгууллагаас хяналт шалгалт хийжээ. Шалгалтад үйл ажиллагаа явуулж буй 37 аж ахуйн нэгж хамрагдсан байна. Тэднээс цуцлагдсан тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөлгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан “Баясгалант Өргөө” ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн дагуу нэг сая 920 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Олборлолтын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоожээ. Харин баримт бичгийн бүрдүүлэлтийг гүйцээж, нөхөн сэргээлт хийн зөрчлөө арилгасан “Монстрой” ХХК, “Тэсийн хурд” ХХК-ийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар сэргээж, зөрчлөө арилгаагүй “Дабльмөнх” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг ажлын хэсэг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн аж. Мөн “Бүти” , “Цагаан ташаа” , “Илчит металл” , “Монстрой” , “Тэсийн хурд” , “Намобридж” компаниуд нь уурхай дээр байх бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, уулын ажлын тайлан төлөвлөгөөгүй зэрэг зөрчилтэй байна. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ батлуулаагүй зөрчил илэрсэн нь “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийг зөрчсөн байна. “Гравел Стоун”, “Сигма бетта”, “Баялаг бийлд” ХХК-иудад “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийг үндэслэн зургаан сая 250 мянган төгрөгийн, ажлын байрны ариун цэвэр эрүүл ахуйн стандарт шаардлага хангаагүй зөрчилд нь “Мон-элс” , “Мерсү” компаниудад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу нийт 400 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
“ШИЖИР ХАЙРГА” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг дэх элс, хайрга, тоосгоны шавар олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд НМХГ-ын байцаагчид холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран хяналт, шалгалт хийжээ.Шалгалтад тоосгоны шавар олборлогч 21, хайрга олборлогч 22, элс олборлогч таван аж ахуйн нэгж буюу нийт 48 тусгай зөвшөөрөл эзэмшигч хамрагдсан байна. Хяналт шалгалтын явцад удаа дараа зөрчил гаргасан “Шижир хайрга” ХХК-ийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, зөрчлийн газраас зугтаасан улсын дугаар бүхий долоон автомашины жолооч нарыг саатуулж арга хэмжээ авах тухай албан бичгийг Нийслэлийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн газарт хүргүүлсэн тухай мэдээлэв.”Ашигт малтмалын тухай” хууль зөрчсөн 16 аж ахуй нэгжид 11 сая 364 мянган төгрөгийн, нэг албан тушаалтанд 400 мянган төгрөгийн торгууль оноосон бол “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль зөрчсөн нэг аж ахуйн нэгжид дөрвөн сая 800 мянган төгрөгийн, “Төрийн хяналт шалгалтын тухай” хууль зөрчигчдийг мөн дөрвөн сая 800 мянган төгрөгөөр торгожээ. Түүнчлэн “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хууль зөрчсөн таван аж ахуйн нэгж, 58 иргэнд 29 сая 688 мянган төгрөгийн, Барилгын материалын тусгай зөвшөөрлийн эрх аваагүй, бүтээгдэхүүнээ тохирлын баталгаажуулалтад хамруулаагүй, технологийн заавар боловсруулж мөрдөөгүй есөн аж ахуйн нэгжид “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Барилгын тухай” хуулийн холбогдох заалтын дагуу 13 сая 384 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
27 ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН 838 НЭРИЙН ЭМ
УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙСАН ГЭНЭ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эм үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн 27 эмийн үйлдвэрийн давхардсан тоогоор нийт 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 71.3 хувь буюу давхардсан тоогоор 838 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан зөрчил илэрчээ. Эмийн үйлдвэрүүдийн 2.,6 хувь нь эмийн түүхий эдийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, 24 хувь нь тухайн үйлдвэрлэл эхлэхээс өмнө эмийн түүхий эд, эмийн туслах бодисыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулдаггүй. Долоон эмийн үйлдвэрийн 33 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслээс дээж аван шалгахад таван нэрийн эм чанарын шаардлага хангахгүй болох нь тогтоогджээ.
Э.БААТАР