Categories
гадаад мэдээ

“Victoria’S Secret” шоу 2015 онд Пуэрто Рикод болно

Дэлхий даяар олон мянган сүлжээ дэлгүүртэй, жил бүр 400 сая каталог гаргаж, тэрбум тэрбумын орлого олдог “Victoria’s Secret” үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг алдарт шоугаа ихэвчлэн Нью-Йорк хотноо зохион байгуулдаг ч энэ жилийн шоу анх удаагаа Лондон хотноо зохион байгуулагдсан юм. Харин загварын шоуг зохион байгуулагчид ирэх оны шоундаа Пуэрто Риког нүдэлжээ. Ингэснээр сахиусан тэнгэрүүд “Victoria’s secret”-н усны хувцасны загварын шоунд оролцохоор арлын орныг зорих болох нь.

Дотуур хувцасны зах зээлд тэргүүлэгчид саяхан шоугаа хийж дууссан хэдий ч аль хэдийнээ ирэх оны шоундаа бэлтгэн Пуэрто Рико дахь нэгэн зочид буудалд 428 өрөө захиалаад амжжээ. 2 сая орчим ам.долларын төсвөөр зохион байгуулагддаг энэхүү загварын шоу нь 190 гаруй оронд дамжуулагддаг бөгөөд, ойролцоогоор 120 сая үзэгчтэй болсон гэсэн судалгааг Пуэрто Рикогийн эдийн засаг, худалдаа хөгжлийн газраас гаргасан байна.

Олон сая ам.долларын үнэ бүхий хөхний даруулга, захиалгаар зохион бүтээсэн гутал, усны хувцсыг танилцуулдаг энэхүү шоуг “CBS” тэргүүтэй олон улсын телевизийн сүлжээнүүд үзэгчдэд дамжуулан үзүүлдэг юм.

2014 оны загварын шоу энэ сарын 2-нд Английн Лондон хотноо амжилттай зохион байгуулагдсан юм. Энэхүү шоун дээр сахиусан тэнгэрүүд Адриана Лима, Алессандра Амбросио нар тус бүр 2 сая ам.долларын үнэтэй тансаг дотуур хувцсыг танилцуулж, дуучин Тэйлор Свифт тэргүүтэй дуучид ая дуугаа өргөсөн юм. Дэлхийн олон хотуудад зохион байгуулагдаж байсан энэхүү шоу нь хөгжмийн тоглолтууд, ягаан хивсний ярилцлага, моделуудын сурвалжлага болон хөшигний ард явагдаж буй үйл явц гээд маш олон сонирхолтой хэсгүүдтэйгээрээ дэлхийн хамгийн алдартай загварын шоу болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *