Categories
гадаад мэдээ

Венесуэлийн сөрөг хүчин болон эрх баригчид хэлэлцээнийхээ шинэ үе шатыг эхлүүлжээ

Венесуэлийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид хэлэлцээнийхээ шинэ үе шатыг баасан гарагт Мексик улсад эхлүүлжээ.

Эхний уулзалт болсныг Венесуэлийн Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлж байгаа, тус улсын парламентын дарга Хорхе Родригес баталсан байна.

“Бид ажиллаж байна. Мэдээж хэцүү байх болно, гэхдээ улс оронд ашиг тусаа өгнө гэдэгт бид бүгд итгэлтэй байна” гэж тэрбээр хэлсэн байна. Родригесийн хэлсэн үгийн дүрс бичлэгийг Венесуэлийн Харилцаа холбооны сайд Фредди Ньаньес твиттер хуудсандаа нийтэлжээ.

Засгийн газар эдгээр хэлэлцээгээр улс орны эдийн засаг, цар тахалтай тэмцэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхийг зорьж байгааг Родригес онцлон хэлжээ. “Энэ амаргүй ажил үр дүнгээ өгнө гэж бодож байна” гэж парламентын дарга нэмж хэлсэн байна.

Өмнө нь мэдэгдсэнээр төлөөлөгчид есдүгээр сарын 6-ныг хүртэл Мексикт байх аж.

Венесуэлийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид урьд нь Норвеги улсын зуучлалтайгаар Мексикт хэд хэдэн удаа уулзсан байна. Талууд яриа хэлцээ хийхэд бэлэн байгаагаа нотлохын тулд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, есдүгээр сарын эхээр хэлэлцээний шинэ үе шатыг эхлүүлэхээр тохиролцжээ.

Эдгээр уулзалтын дараа сөрөг хүчний намуудын эвсэл 11 дүгээр сарын 21 -нд товлогдсон бүс нутгийн сонгуульд оролцохоо мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *