Categories
мэдээ нийгэм

Векселийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардлаа

Сангийн сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Төсвийн байнгын хорооноос вексель бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгааг мэдэгдсэн билээ.

Тэрбээр мэдэгдэлдээ Улсын Их Хурлын Төсвийн байнгийн хорооны өнөөдрийн 17 дугаар тогтоолоор Векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд санхүүжилт гаргахгүй байхыг Засгийн газарт даалгасан тухай хэлсэн.

Тэгвэл өнөөдөр векселиэр санхүүжих ААН-үүдийн төлөөлөл “Ус-Эрдэнэ” ХХК-ий удирдлагууд энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Тус компани нь 1991 онд байгуулагдсан бөгөөд худаг гаргах, засварлах, услалтын систем барих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. Тэд 2014 онд ХХААЯ-ны захиалгаар Увс аймгийн Түргэн сумын Колагийн услалтын систем шинээр барих ажилд 322.9 сая төгрөгийн барилгын ажил гүйцэтгэж, 2014 оны аравдугаар сард улсын комисст хүлээлгэн өгчээ. Гэсэн хэдий ч одоог хүртэл нийт санхүүжилтийнхээ 82 хувийг авч чадаагүй байгаа аж.

Улмаар тэдэнд үлдсэн санхүүжилтийг авах векселийг 2015 оны долоодугаар сарын 30-ны өдөр гаргаж өгсөн бөгөөд даруй гурав хоногийн дараа шийдвэр өөрчлөгджээ.

Тус компанийн захирал О.Пүрэвдорж “Тус ажлын санхүүжилтийг манай компани банкны зээлээр хэрэгжүүлсэн бөгөөд улсын комисст хүлээлгэж өгснөөс хойш есөн сар өнгөрч байна. Үүнээс үүдэн төслөөс олох нийт ашгаа банкны зээлийн хүүд төлж, 15 хувийн алдагдалд ороод байна.Манай компани нийт 60 ажилтантай. Ажилчдынхаа цалинг сүүлийн хоёр сар хугацаанд нь тавьж чадахгүй хүнд нөхцөл байдалд ороод байна. Хэрэв векселийн асуудал шийдэгдэхгүй удвал манай ажилчдын нийгмийн асуудал тун хүнд байдалд орж, компани цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно” гэв.

Тиймээс тэдний зүгээс векселийн асуудлыг маш яаралтай шийдвэрлэх шаардлагыг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яаманд тавьж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *