Categories
гадаад мэдээ

Вашингтоны худалдааны түрэмгий бодлого: Гүтгэлэг ба андуурал

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо орших Цагаан ордон. 2019 оны 3 дугаар сарын 15-нд авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Лю Зе)

Худалдааны маргаанд Бээжингээр буулт хийлгэхийн тулд Вашингтон “худалдааны түрэмгий кампанит” ажил явуулж байна.

Шударга бусаар их хэмжээний гаалийн нэмэлт татвар ногдуулж буй Трампын засаг захиргаа “одоо болж буй худалдааны маргаанд Хятад улс буруутай” гэж олон улсын хамтын нийгэмлэгт итгүүлэх оролдлогыг ч мөн хийж байна.

Хятад улс зориудаар АНУ-ыг их хэмжээний худалдааны алдагдалд оруулж байна гэх худал мэдээллийг Вашингтон анх тараасан.

Дэлхийн нөлөө бүхий эдийн засагчид Вашингтоны энэ мэдэгдэлд хэдэнтээ няцаасан хариу өгсөн билээ.

Йелийн их сургуулийн ахлах судлаач Стефен Роачийн хэлснээр, АНУ 2018 онд 102 улстай алдагдалтай худалдаа хийсэн бөгөөд энэ нь дотоодын нийт хуримтлал эрс хомсдсоны илрэл юм.

Америкчууд чадлынхаа хэрээс хэтэрсэн их юм хэрэглэж, хуримтлал үүсгэхээсээ илүүтэйгээр үрж буй энэ цаг үед АНУ гадаад худалдааны ашгаасаа хуримтлал бий болгож, урсгал дансны алдагдлыг багасгах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, АНУ-ын гадаад худалдааны алдагдал нь гадны ямар нэгэн хуйвалдааны нөлөө бус дотоодын бодлого зохицуулалтаас үүдэлтэй байна.

Импортын бараа бүтээгдэхүүнүүдэд гаалийн нэмэлт татвар ногдуулснаар АНУын худалдааны алдагдал усанд хаясан чулуу шиг алга болчихгүй. Үнэн гэвэл энэ л байна.

2018 оны статистик мэдээнээс үзвэл, Вашингтон худалдааны “түрэмгий” бодлого хэрэгжүүлж эхэлсний уршгаар АНУ-ын бараа бүтээгдэхүүн ба үйлчилгээний худалдааны алдагдал өнгөрсөн онд өмнөх оны мөн үеийнхээсээ 12.5 хувиар буюу 621 тэрбум доллароор өссөн байна. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн их алдагдал амссан тохиолдол болжээ.

Хятадтай хийж буй худалдааны улмаас АНУ-д ажлын байрны тоо эрс цөөрч байна гэсэн нь АНУ-ын өөр нэгэн ор үндэслэлгүй гүтгэлэг юм. АНУ-Хятадын бизнесийн зөвлөлөөс гаргасан тайланд дурдсанаар, Хятад-АНУ-ын худалдаа нь АНУ-д өргөн цар хүрээг хамарсан салбарт бараг 2.6 сая хүнийг ажлын байраар хангаж байна.

Гаалийн татварыг нэмснээр нийлүүлэлтийн сүлжээ доголдох учир гаалийн татвар нэмэх шийдвэр нь АНУ-д олон хүнийг ажилгүй болгох магадлалтай байна.

Технологийг хүчээр шилжүүлэн авч, хулгайлж байна гэж Хятадыг Вашингтон мөн буруутгаж байна. Үүнд бүү итгэ. Энэ мэт гүтгэлэг нь АНУын улс төрчдийн оноо авах гэсэн оролдлогоос өөр юу ч биш. Хятадын компаниуд гадаад түншүүдтэйгээ харилцан зөвшилцлийн үндсэн дээр технологи солилцдог.

Сүүлийн жилүүдэд Хятад улс дэвшилтэт технологийн салбарт ихээхэн амжилт гаргасны сацуу инновацийг хөхиүлэн дэмжих, оюуны өмчийн эрхийг хамгаалах арга хэмжээнүүдийг эрчимжүүлж байна.

Хятад улс нь оюуны өмчийн тухай олон улсын бараг бүх конвенцид нэгдэн ороод байгаа юм. Тус улсын компаниуд патент ашигласныхаа төлбөрийг байнга төлдөг. 2017 онд Хятад улс патент ашигласны төлбөр гэж АНУ-д 7.13 тэрбум ам.доллар өгчээ. Энэ нь тус онд Хятад улсаас бусад улсад төлсөн патентын төлбөрийн дөрөвний нэг хувьтай тэнцэж байна.

Хятад улс нь гадаадын хөрөнгө оруулагчид бизнес эрхлэх орчныг сайжруулахаар шаргуу ажилласаар байна. Энэ оны нэгдүгээр сард АНУын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани Шанхай хотод байгуулах үйлдвэрийн шаваа тавьсан. Ингэснээр тус компани нь Хятадад үйлдвэр барих эрх авсан автомашин үйлдвэрлэгч гадаадын анхны компани болсон юм. Тус компанид үйлдвэр байгуулах эрх олгосон нь АНУ-тай харилцан итгэлцлээ бэхжүүлэх гэсэн Хятад улсын хүчин чармайлтын нэг хэсэг билээ.

АНУ-ын засгийн газрын тогтоосон гаалийн нэмэлт татварыг төлөхөөс өөр арга Хятадын талд байхгүй гэсэн Вашингтоны итгэл үнэмшил бол андуурал. Үнэндээ эдгээр нэмэлт татвар нь Хятадад бус америкчуудад ногдуулж буй татвар юм.

АНУ-ын хэрэглэгчид үүний горыг хэдийн мэдэрчэхлээд байна. Чикагогийн их сургуулиас саяхан явуулсан судалгааны тайланд дурдсанаар, гаалийн нэмэлт татвар ногдуулсны дараа Америкт угаалгын машины үнэ дунджаар 12 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, нэг угаалгын машины үнэ бараг 100 орчим доллароор өссөн гэсэн үг.

Хятадтай хийж буй АНУын худалдааны дайныг Америкийн аж үйлдвэрийн салбарынхан эрс эсэргүүцэж байна.

АНУ-ын аж үйлдвэрийн салбарын хэд хэдэн холбоо, тухайлбал Америкийн шар буурцгийн холбоо, Үндэсний жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо болон Мэдээлэл технологийн салбарынхны зөвлөлийн үзэж буйгаар, Трампын засгийн газрын бодлогогүй үйлдэл нь “америкчуудын ажлын байрыг аюулд оруулж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдий үнэ өсөхөд хүргэж байна.”

Хятад болон АНУ-ын эдийн засаг нь хоорондоо нягт уялдаатай учир худалдааны дайнаас Вашингтон өөрийгөө “цэвэрхэн” авч гарах боломжгүй юм.

Цаашлаад, Вашингтоны гаалийн нэмэлт татварын стратеги нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн хөрөнгийн биржүүд “галзуу хулганад суусан аятай л” байна. Хөрөнгө оруулагчид асар их эргэлзээтэй, дэлхийн эдийн засгийн цаашдын төлөв байдал ч маш их эргэлзээтэй байна.

Худалдааны түрэмгий, дээрэнгүй бодлого явуулах нь Бээжинтэй өдөөсөн худалдааны маргааныг шийдвэрлэх зөв арга зам биш гэдгийг Вашингтоны шийдвэр гаргагчид ойлгох хэрэгтэй. Хятадын бүрэн эрхт байдал, хууль журмуудыг хүндэтгэсэн худалдааны гэрээ хэлэлцээр л энэ маргааныг шийдвэрлэнэ.

Америкийн шар буурцаг тариалагч Жон Бойд 2019 оны 5 дугаар сарын 15-нд АНУ-ын Виржини муж улсын Васкервилл тосгонд ярилцлага өгөх үеэр авсан зураг. Тэрбээр дөрвөн үе дамжсан шар буурцгийн аж ахуйн эзэн бөгөөд энэ онд тарихаар төлөвлөсөн шар буурцгийнхаа ердөө дөрөвний нэг хүрэхгүй хувийг одоогоор тариалаад байна. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Лю Зе)

ХУДАЛДААНЫ МАРГААН АНУ-ЫН ШАР БУУРЦАГ ТАРИАЛАГЧДЫН ИТГЭЛ НАЙДВАРЫН “ЦОНХЫГ ХААЖ БАЙНА”

ВАСКЕРВИЛЛ. (Синьхуа)

-Худалдааны маргааны улмаас АНУ-ын шар буурцгийн аж ахуй эрхлэгчдийн сэтгэлийн түгшүүр нэмэгдэж, итгэл найдварын “цонх нь хаагдаж байна.”

АНУ-ын Виржини муж улсын шар буурцаг тариалагч Жон Бойд энэ онд тарихаар төлөвлөсөн шар буурцгийнхаа ердөө дөрөвний нэг хүрэхгүй хувийг л одоогоор тариалаад байна.

“Би маш их санаа зовж, бас бухимдаж байна. Үнэхээр сэтгэл дундуур байна” гэж Ж.Бойд ярив.

Энэ долоо хоногийн эхээр тэрбээр Виржини муж улсын өмнөд хэсэгт орших Васкервилл тосгонд орших дөрвөн үе дамжсан гэр бүлийн шар буурцгийн тариалангийн талбайдаа байхдаа “Синьхуа” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Бидний хувьд шар буурцаг тариалалтын цонх хаагдаж байна. Хэрвээ одоо нэг сарын дотор үлдсэн шар буурцгаа тариалахгүй л бол … миний хувьд бүх зүйл дуусна. Зөвхөн намайг ч биш Америкийн бусад шар буурцгийн аж ахуй эрхлэгчийг адил хувь заяа хүлээж байна” гэв.

Ж.Бойд нь газар тариалангийн зориулалтаар 283 га талбай эзэмшдэг бөгөөд үүний 161 га нь шар буурцгийн талбай бол үлдсэн нь эрдэнэ шиш болон улаан буудайн талбай аж. Өдгөө 53 настай тэрбээр өнгөрсөн онд тариалангийн аж ахуйгаа өргөжүүлэхээр төлөвлөж байсан боловч АНУ-ын Хятадтай өдөөсөн худалдааны маргаан сүүлийн саруудад хурцдаж буй нь түүнийг хүнд байдалд оруулж байна.

“Гаалийн татварын асуудал бидэн шиг тариаланчдад үнэхээр хүнд тусаж байна” гэж Ж.Бойд яриад “Хятад улс АНУ-ын шар буурцгийн хувьд хамгийн том зах зээл байсаар ирсэн. Ерөнхийлөгч (Дональд) Трамп … гаалийн нэмэлт татвар тогтоохоо зарламагц л шар буурцгийн үнэ “навс” унаж, бид үнэндээ ямар ч зах зээлгүй болсон гэхэд болно” гэлээ.

Өнгөрсөн зун АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд хэ – дэн тэрбум ам.долларын гаа – лийн нэмэлт татвар ногдуулсны хариуд Хятад улс адил хариу арга хэмжээ авсан нь АНУ-ын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд, түү – ний дотор шар буурцгийн экспортод ихээхэн сөргөөр нөлөөлж байна.

“Худалдааны маргаан дэгдэхээс өмнө шар буурцаг нэг бушель нь 11 ам.долларын үнэтэй байсан бол одоо 8 хүрэхгүй ам.доллар болоод байна. Өөрөөр хэлбэл, шар буурцгийн үнэ сүүлийн 10 жилд байгаагүйгээр, бидний орлого 50 хувиар буураад байна” гэж Ж.Бойд ярьсан юм.

Ж.Бойд хурааж авсан ургацаа тариалангийн талбайдаа хамгийн ойр орших Хятадын гахайн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “WH Group” компанийн Америк дахь охин компани “Smithfield Foods”-т худалддаг байна. Шар буурцгийн үнэ эрс буурахад Ж.Бойд алдагдал авчирсан бүхнээ зарж борлуулсан байна.

Саяхан эвдэрсэн нэг трактораа засварын газраар засуулах мөнгө байхгүй байсан учир Ж.Бойд уг тракторыг өөрөө засах гэж оролдохоос өөр аргагүйд хүрчээ. Шар буурцгийн үнэ өндөр байх үед тэрбээр эвдэрсэн техник хэрэгслээ мэргэжлийн засварчин дуудаж засуулдаг байсан аж.

“Шар буурцгийн үнэ эрс унасан нь бидэнд үнэхээр хүндээр тусаж байна. Бэлэн тоолоод өгчих мөнгөгүй болсон учир “маш их хэрэгцээтэй” техник хэрэгслээ ч засуулж чадахгүй байна. Манай шар буурцгийн аж ахуй санхүүгийн хямралд ороод байна” гэж зургаан хүнийг ажлын байраар хангадаг Ж.Бойд ярилаа. Шар буурцгийн аж ахуйн цаашдын төлөв байдал бүрхэг байгаа учир тэрбээр зээл авч зүрхлэхгүй байгаа аж.

“Бидэнд тохиолдож буй энэ бүх асуудал ерөнхийлөгчийн тогтоосон гаалийн татвараас үүдэлтэй. Түүний энэ шийдвэрийг би “маш муу” шийдвэр гэж үзэж байгаа. Энэ шийдвэрийн улмаас миний бизнесийн ирээдүй бүрхэг болоод байна” гэж шар буурцаг тариалагч Ж.Бойд ярилаа.

АНУ дахь африк гаралтай америк фермерчдийн холбоог үүсгэн байгуулагч бөгөөд өдгөө тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Ж.Бойд цааш нь ярихдаа “Гаалийн нэмэлт татвар ногдуулах нь АНУ болон Хятад улсын хоорон дахь аливаа асуудлыг шийдвэрлэх зөв арга зам, зөв шийдэл яавч биш. Үүний оронд “илүү дипломат арга зам”-аар асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Хэрвээ чи сайн ярьж чаддаг бол ямар ч муу зүйлийг сайнаар эргүүлж болно гэсэн үг байдаг шүү дээ” гэлээ.

АНУ-Хятадын худалдааны маргааны улмаас Ж.Бойдын сэтгэл санаа маш түгшүүртэй байна.

“Би өдөржин тариалангийн талбайд ажилласныхаа дараа гэртээ орж хурдхан шиг шүршүүрт орчхоод л мэдээ үзэх гэж яардаг. Шар буурцаг тариалагчид бид маш их сэтгэлийн дарамттай байна” гэж тэрбээр ярив.

Өөрт тохиолдож буй эрсдлийг саармагжуулахын тулд Ж.Бойд хэдийгээр ямар ч туршлагагүй ч олсны ургамал хүртэл тарьж эхлээд байна. Энэ ургамлыг тарихад цаг хугацаа их орохоос гадна цаашлаад ургамлыг борлуулах борлуулалтын сувгуудыг бий болгохоос эхлээд олон сорилт түүнийг хүлээж байна.

Америкийн шар буурцгийн холбооны тэргүүн Дэви Стефенс саяхан “Синьхуа”-д ярилцлага өгөхдөө “АНУ-ын фермерчид Хятадад шар буурцгийн зах зээл бий болгохын тулд 40 гаруй жилийн хугацаа зарцуулсан. АНУХятадын худалдааны маргааныг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол Америкийн шар буурцгийн аж ахуй эрхлэгчдийн энэ их хичээл зүтгэл юу ч үгүй салхинд хийсэх нь байна” гэв.

Түүний хэлснээр, 2019 онд шар буурцгийн үнэ улам бүр буурч, агуулах дахь шар буурцгийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. “Америкийн шар буурцгийн аж ахуй эрхлэгчид бид АНУын Хятадтай хийж буй эцэс төгсгөлгүй худалдааны маргааны “барьцаа” болмооргүй байна” гэж АНУ-ын Кентаки муж улсад шар буурцаг тариалдаг Д.Стефенс ярьсан юм.

АНУ-ын Засгийн газар өмнө нь шар буурцаг тариалагчдад 12 тэрбум долларын нөхөн олговор олгохоо мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл, шар буурцгийн нэг бушель тутамд 1.65 долларын нөхөн олговор олгоно гэсэн юм.

“Энэ нөхөн олговрыг би өнөө хэр нь аваагүй. Нөхөн олговор өгөх ажил маш удаашралтай байна” гэж Ж.Бойд ярив.

Ж.Бойд засгийн газрын холбогдох албаны хүмүүс, тэд – ний дотор Хөдөө аж ахуйн сайд Сонни Пердьютэй холбогдох гэж хичээсээр байна.

“Шар буурцгийн аж ахуй эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудаар би засгийн газрын олон хүнтэй уулзах хүсэлтийг удаа дараалан гаргасан. Харамсалтай нь, тэдний нэг нь ч миний хүсэлтэд хариу өгөөгүй, нүдэн балай чихэн дүлий царайлаад явж байна. Засгийн газрын олгоно гээд буй нэг удаагийн нөхөн олговор бидэнд ямар ч хэрэггүй. Бид тусламж хүсээгүй. Зүгээр л хөлс хүчээ зориулан тарьж буй шар буурцгаа урьдын адил боломжийн үнээр борлуулахыг хүсэж байна” гэж Ж.Бойд ярив.

Гаалийн нэмэлт татвар ног – дуулах тухай хамгийн сүүлийн мэдээг сонсоод Ж.Бойдын тэвчээр, итгэл найдвар алдарч эхэлжээ.

“Хэдийгээр сэтгэл санаа түгшүүртэй байсан ч энэ долоо хоногийг хүртэл би бизнесийнхээ ирээдүйг өөдрөгөөр харсан хэвээр байсан. Хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд ногдуулах гаалийн татварыг цаашид илүү нэмэх тухай АНУ-ын ерөнхийлөгчийн саяхан гаргасан шийдвэр нь худалдааны маргааныг шийдвэрлэхээр хоёр талын гаргаж байсан хүчин чармайлтыг юу ч биш болгож орхилоо. Фермерчдийн итгэл найдвар, горьдлогыг талаар өнгөрөөлөө” гэж тэрбээр ярив.

Тэрбээр цааш нь ярихдаа “Би одоо яг юу хийхээ мэдэхгүй байна. Энэ хэвээрээ шар буурцгийн аж ахуйдаа найдаад суух хэцүү боллоо. Фермерчид бид өдөр сараар бус жилээр ажлын төлөвлөгөөгөө гаргадаг. Гаалийн татвар ногдуулах тухай ерөнхийлөгчийн удаа дараагийн шийдвэр бидний төлөвлөгөөг орвонгоор нь эргүүлж орхилоо” гэв.

Гаалийн татвар ногдуулахыг болиулах нь шар буурцгийн аж ахуй эрхлэгчдэд тулгарч буй энэ бүх асуудлыг шийдвэрлэх гол арга зам гэж Америкийн шар буурцгийн холбооны тэргүүн Д.Стефенс үзэж байна.

“АНУ-ын шар буурцгийн аж ахуй эрхлэгчид Хятадтай “хэвийн худалдаа” хийхийг хүсэж байна. Бид нээлттэй зах зээлд чөлөөт худалдаа хий – мээр байна” гэж тэрбээр хэлэхийн сацуу яриа хэлэлцээ хийж, харилцан ашигтай шийдвэр гаргахыг АНУ болон Хятад улсад уриаллаа.

Шар буурцгийн аж ахуй эрхлэгч Ж.Бойд болон түүний хамтран зүтгэгчдийн хувьд цаг хугацаа маш хурдтайгаар урагшилж байна.

“АНУ болон Хятад улс хугацаа алдалгүйгээр яг одоо л маргаанаа шийдвэрлээсэй л гэж бид хүсэж байна” гэж Ж.Бойд ярьсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *