Цагаа олж хэрэгжиж байгаа хөтөлбөр мөн. Валютын сан нааш гээгүй бол Монгол улс дефольт зарлах байсан байх аа. Дефольт зарлачихвал гадаадын хөрөнгө оруулалт баяртай. Тийм болохоор бидний хүсэн хүлээсэн үйл явц юм. ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ сарын 24-ний өдөр, Монголын цагаар 04:00 цагт хуралдаж гурван жилийн хугацаатай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталлаа. Ингэснээр Засгийн газрын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг 434.3 сая ам. долларын санхүүжилтээр дэмжих нь. Энэ хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон улс, БНСУ-ын зүгээс чамлахааргүй дэмжлэг үзүүлэхээ амласан. Үүн дээр Хятадын Ардын банк, Монгол банктай байгуулсан своп шугамын хугацааг сунгахыг зөвшөөрснөөр нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрджээ. Эхний ээлжийн 38.6 сая ам.доллар Монголбанкины дансанд өчигдөр үдийн хойно байршлаа гэсэн мэдээлэл цацагдав.
Ингээд ажил эхэллээ дээ. Ер нь бол эхний ээлжинд 100 сая ам.доллар орж ирнэ хэмээн яригдаж байсан юм. Гэвч 38.6 сая боллоо. Нөхдүүд эхлээд жоол жоолхоноор биднийг түншихээр шийдэж. Тэдний зөвлөмжөөр явбал дараагийн мөнгөө өгөөд явна. Үгэнд нь орохгүй, тэдэнтэй ярилцахгүй, өөрсдийнхөөрөө даналзвал эвгүйтнэ гэсэн үг.
Мөнгө эхнээсээ ороод ирэхээр монголчууд бүгдээрээ “Одоо тэгээд юунд эхлээд зарцуулах вэ” гээд асуух бололтой. Шууд Монгол банкны валютын нөөцөд энэ мөнгийг авах нь. Мэдээлэл хийсэн хүмүүс “ОУВС-гаас олгож байгаа ямар ч зээл нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд биш төлбөрийг тэнцвэржүүлэхэд зарцуулагддаг. Тийм учраас эхний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монгол банкинд байршина“ гэж албан ёсоор мэдэгдлээ. Үүний эхний үр дүн нь монгол төгрөг чангарч, долларын ханш бууж эхэлнэ гэсэн үг байх. Эхний нэг сарын дотор ам.долларын ханш 2300 руу орно гэсэн өөдрөг таамаглалыг мэргэжилтнүүд өчигдрөөс бичээд эхэллээ. Үнэн бол ирэх намар гэхэд хэд болсон байх вэ. Иймэрхүү эерэг мессежүүдээр Валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрийн сайн талуудыг бүгдээрээ эхлээд харъя.
Өчигдрөөс эхлэн гадны хөрөнгө оруулагчид “За монголд валютын сангийн хөтөлбөр хэрэгжээд эхэллээ” хэмээн нааштай хандлагаар хараад эхэллээ. Хэдийгээр зарим нэг хүн “Монголын төр засаг гадны мэдэлд орлоо, өр зээл нэмэгдлээ” гэж байгаа ч бодит үнэн бол төсөв, санхүүгийн сахилга бат чангарч, Монгол Улс эмхэрч эхэллээ гэсэн үг. Хар үгээр бол ОУВС нь “Төрийн сангийн их сургууль” гэж монголчилж болох юм. Учир нь ОУВС нь аливаа улсын төсөв ямар байх ёстойг, яаж бүрдүүлэх, яаж зарцуулах, орлого, ашиг, баланс ямар зөв зарчмаар явахыг л зааж зөвлөж, дэмжлэг үзүүлж буй хөтөлбөр шүү дээ. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг дөрөв дэхээ авч байна. Урьд гуравт нь амжилттай хэрэгжсэн гэж болно. Хамгийн сүүлд 2009 онд энэ хөтөлбөрт хамрагдахдаа ердөө 1.5 жилийн дотор хүндрэлээс гарсан юм. Зарим улс орон энэ хөтөлбөрт хамрагдаад сайнаа үзээгүй жишээ олонтой сонсогддог. Тэр нь ОУВС-тай тэдгээр улсууд хамтарч ажиллаагүй, нэг үгээр бол тэдний санал зөвлөмжөөр ажиллаагүй байдаг юм шиг билээ. Тэгээд дампуурсныг олон улсын мэдээллийн сувгуудаас харж болно. Бид өмнө нь амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа найдаж байгаа. Энэ талаар албан ёсоор өчигдөр мэдэгдэхдээ “Засгийн газар бол ОУВС-гаас боловсруулсан хөтөлбөрийг дэмжиж байгаа. Хөтөлбөрийн нөхцөл хүнд ч амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Төсвийн алдагдлыг бууруулна. Монгол Улсын нийт өр маш өндөр түвшинд байгаа учраас төсвийн алдагдлыг бууруулж байж, өрийн дарамтаас салах боломж бүрдэнэ. Засгийн газар шат шатандаа хэмнэлтийн тогтолцоог бүрдүүлнэ. Цаашид түүхий эдийн үнэ ханш дахин сэргэснээс Монгол Улсад маш их хэмжээний орлого төвлөрнө. Ингэхдээ өмнөх жилийн алдааг давтаж болохгүй. Хүнд хэцүү үед нийгмийн эмзэг бүлгийн баталгааг, амьжиргааг бууруулахгүй байхад анхаарч байна. Татварын нэмэгдлийн ачааллыг тэдэнд тусгахгүй байх хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадавхийг сайжруулж, уул уурхайгаас хараат байхыг салгаж, эдийн засгийг солонгоруулахад анхаарсан. Ингэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарсан. Энэ бүх нөөц бололцоондоо хүрэхийн тулд Засгийн газраас бас тохирсон хөтөлбөрийг тууштай, бүрэн хэрэгжүүлэх нь чухал байна” гэсэн юм.
Хөтөлбөрийн бас нэг сайн тал нь бидэнд хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт ирж байна гэсэн үг. Учир нь Монгол Улс шиг зээлжих зэрэглэл буурсан оронд олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоход хүндрэлтэй. Валютын сангийн тавьж буй нөхцлүүд дунд цагаа олсон, хийх ёстой зөв шаардлагууд цөөнгүй байгаа. Тансаг барааны татварыг нэмэх нь зөв. Том мотортой машин, архи тамхины татвар нэмэгдлээ гээд ард түмэнд айхавтар сөрөг нөлөө үзүүлэхгүй. Цадигаа алдсан төсвийн тэлэлтийг танахаас өөр яах юм. Сонгуультай холбоотой хавтгайрсан халамжуудыг ч цэгцлэх цаг нь болсон. Улсын төсөв бол угжтай сүү биш шүү дээ. Тэтгэвэр, цалингийн нэмэгдэл дээр тодорхой хугацаанд бүсээ чангалахаас өөр аргагүй. Валютийн сангийн хяналт дор л төсөв, халамжаа цэгцэлж авахгүй бол хувиа хичээсэн энэ хэдэн улстөрч яг цэгцэлж харагдаач. Ийм хүнд цаг үед, ийм эерэг, хийхээс өөр гарцгүй нөхцлийг тулгаж буй валютын санд зарим нэг хүмүүс талархахгүй юмаа гэхэд муухай харах хэрэггүй.
Аливаа шийдвэр бүхэн хоёр талтай. Мэдээж энэхүү санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр нийгэмд “өвдөлт” авчрах байх. Өнөөдөр ярьж байгаагаар бол хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доош давхаргынханд хүнд тусна гэх. Маш их хэмжээний татварын дарамт ирнэ гэх мэт. Манай улс 2008-2009 онд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад хамгийн их ажлын байр бий болгосон барилга, жижиглэн худалдааны салбараа хэвтүүлэх шахсан гэдэг юм билээ. Гадны жишээ ч байна. Украин улсад ОУВС-гаас тавьсан шаардлагууд тэднийг сөхрөөх шахсан гэдэг. Улсаас татаас авдаг эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөлтийг огцом хийснээс иргэд нь эрх баригчдынхаа өмнөөс босоход бэлэн болжээ. ОУВС-гийн нөхдүүд улирал тутамд 25 хувиар нэмсээр яах ийхийн зуургүй иргэдийн амьдрах итгэлийг алдуулсан гэж шинжээчид үздэг юм билээ. Манайд ч ийм зүйл болохыг үгүйсгэх аргагүй. Ер нь бол дундаж ангийг мөхөөдөг гэж судлаачид бичээд л байгаа. Бодох л асуудал. ОУВС хасч болох бүх зардлыг хасахыг хичээдэг. Төрийн өмчийг хувьчлах гэх мэт тухайн улсын дотоодын асуудалд оролцохоос гадна цалин, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль хамгааллын зардлыг хасч, тэр ч байтугай үгүй болгохыг шаарддаг. Тэгээд нийтийн тээвэр, эрчим хүч гэхчлэн стратегийн салбарын үнэ тарифийг нэмэхийг тулгадаг. Дундаж давхаргынхны цалинг хасч, өндөр татвараар дарамтлах гэдэг нь тэдний зарчим. Энэ бүхэн хэт мэдрэмжгүйгээр цааш үргэлжилж, хэрээс хэтэрвэл төр, ард түмний хооронд үл ойлголцох шалтгаан болдог ч гэх юм билээ. Гэвч түрүүн хэлснээр Монгол Улс өмнө нь ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай болохоор эцсийн үр дүн эерэг байх бизээ.
Нэгэнт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн болохоор ийм цаг үед монголчууд бид ямар байх ёстой, Монголын төр засаг, улс төрчид яаж ажиллах ёстой вэ гэсэн асуудал гарч ирнэ. Улсаа сөнөөчих шахаж буй популист улс төрчдийнхөө үнэн нүүр царайг иргэд маань таньж авах хэрэгтэй. Тэдний поп улс төржилт эх орны эдийн засаг, нийгмийн амьдралд гай тарьж ирсэн. Тэд дэлхийгээр нэг Монгол орноо шившиглэж, хөрөнгө оруулагчдыг нүүр буруулахад хүргэсэн. Монгол Улс одоо л нэр төрөө олон улсад эрхэмлэх цаг. Дахин сонгогдохоо бодсон улс төрийн намуудын хоосон амлалт, авлига, биесээ хэмэлсэн, биедээ хорссон, эв нэгдэлгүй байдал улс орныг туйлдуулж, дампуурлаа зарлах эсэхэд хүргэв. Сая нэг амь тариатай залгалаа. Одоо л хичээцгээе. Бид энэ л нутагтаа ясаа тавьж, үр хүүхэд минь цаашид амьдарна. Тэднийхээ сайхан ирээдүйг бодоцгооё.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжсэнээр дор хаяж зургаан тэрбум ам.доллар Монгол руу орж ирэх нь тодорхой болсон. Бид энэ их мөнгөөр хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ. Богино хугацаанд ашгаа өгөх төслүүдээ санхүүжүүлэх ёстой. Нефть нэрэх үйлдвэрээ барья. Зэс хайлуулах үйлдвэрээ байгуулъя. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ ган хайлуулах үйлдвэр болгоё. Занараа цаг алдалгүй боловсруулж дэлхийн зах зээлд гаргая. Хэрэв ингэж чадвал хоёрхон жилийн дараа ам.доллар 1000 төгрөгөөс доош бууж болно. Энэ бол үлгэр биш юм шүү. Бидний хүсч мөрөөдөж буй үсрэнгүй хөгжил юм.