Categories
мэдээ улс-төр

Валютын нөөцөд санаа зоволтгүйг дуулгав

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Монголын эдийн засгийн хувьд сүлийн хоёр жил хүнд байлаа. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Нүүрсний үнэ буудсанаас валютын урсгал суларсан. Үүний эдийн засагт ирэх ачааллыг яаж зөөллөх талаар Засгийн газартай хамтарч бодлого хэрэгжүүллээ.  Ажилгүйдлээ хамгаалах, хувийн сектораа хамгаалах үүднээс эдийн засгийн өсөлтөө долоон хувьд нь барих бодлого барилаа. Засгийн газар, УИХ-ын зүгээс дорвитой арга хэмжээ авч байгаа учраас эерэг үр дүн гарах болов уу. Ер нь гадаадын хөрөнгө оруулал, Оюу толгойн төсөл дээр Засгийн газрын зүгээс идэвхтэй авах ёстой гэдэг зөвлөмж өгч байгаа. Дотооддоо үүнийг дэлгэрэнгүй ярьж байгаа. Мөнгөний бодлогын хүрээнд эргэж харах зүйлүүдийг ярьж байна. Эдийн засгийн сулралтыг бид урьчилж харж байсан учраас яаж зөөлрүүлэх вэ гэдэг бодлого явуулсан. Цаашид мөнгө, төсвийн бодлого дээр тодорхой өөрчлөлт хийх боломж бүрдлээ. Ханш дээр гол ачааллаа авлаа. Гэхдээ эрсдэл үүсгэхгүй байх талаар идэвхтэй ажилласан. Үр дүнд нь манай банкуудын муу зээлийн дүн 2.4 гэсэн тоотой байна. Энэ бол муу дүн биш. Цаашид үүнийгээ тогтвортой хадгална. Иргэдийн моргейжийн зээлийн түвшингээ аль түвшинд барих вэ гэдэг бодлого барьж байна. Энэ нь үерэг үр нөлөө авч ирнэ гэж найдаж байгаа. Валютын нөөцийн талаар хэдэн зүйл хэлье. Валютын нөөцийн хэмжээ Монголын эдийн засгийн худалдаа, хэрэгцээг хангахад бүрэн боломжтой. 1.6 миллярд долларын нөөцтэй байгаа нь хангалттай тоо. Дээрээс нь Хятад бол Монголын эдийн засаг, худалдааны том түншийн нэг. Тэдний төв банктай валют солилцох гэрээтэй. Ер нь хоёр талаасаа мөнгөний бодлого дээр бүрэн итгэлцэлтэй яваа нь үүгээр илэрхийлэгдэж байна. Гэрээгээ гурван жилээр сунгасан байгаа. Тэгэхээр манай валютын нөөцөд ирэх ачаалал буурна. Валютын нөөц Хятадын зах зээлээс шууд хамаардаг. Гэтэл сүүлийн хоёр жил Хятадын түүхийн эдийн зах зээл сул байлаа. Энэ байдал удахгүй сайжрах төлөвтэй байна. Эдийн засгийн асуудлаар товч хэлэхэд ийм байна. Японы хоёр том банк Монголд төлөөлөгчийн газраа жилийн дотор нээлээ. Үүний үр дүн удахгүй мэдрэгдэнэ. Монголын хоёр банк Японд төлөөлөгчийн газраа нээнэ. Энэ мэтчилэн санхүүгийн хамтын хамтын ажиллагаа амжилттай өрнөж байна” хэмээн ярив.  

Түүний дараа Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга салбартаа хийгдэж байгаа төсөл хөтөлбөр, эрдэс баялгийн талаарх бодлогоо танилцуулсан юм. Мөн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат шг хэлж,  Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга ч салбарынхаа бодлого, төслүүдийн талаар товч танилцуулга хийлээ. Энэ талаар дараагийн дугаарт дэлгэрэнгүй бичих тул ингээд орхие. Тэдний танилцуулгын дараа Японы зарим компанийн төлөөлөл өөрсдийн санаа бодол, явуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулсан юм. Тухайлбал, ноён Мицүй Сумитомо банкны гүйцэтгэх захирал Ф.Күрахара “Дэд бүтэц, ашигт малтмалын салбарт Японы талаас  дэмжлэг үзүүлэх сонирхолтой байна.  Япон Монголын харилцаа сайн. Гэхдээ Оюу толгой, Таван толгой зэрэг бодитой төсөлд  том төсөлд хөрөнгө оруулна. Тавдугаар цахилгаан станц, төмөр зам зэрэг төрийн хэмжээний томоохон төсөлд хамтарч ажиллана. Ер нь төслийн санхүүжилтийн хэмжээнд хамтран ажиллах саналтай байна. Томоохон хөрөнгө босгох шаардлагатай байхад тийм боломж нь Монголд  тааруу байдаг. Гэхдээ хууль эрх зүйшинэчлэглэгдэж орчин нь сайжирч байгаа юм байна. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч сая эрч, хүчтэй ярьж өглөө” гэсэн бол Японы Монголын эдийн засгийн хорооны дарга, Иточу корпарацийн захирал Ё.Кобаяши  “Монгол Улс өргөн уудам нутагтай, баялаг түүхтэй. Япон улстай дотно байдаг. Миний хувьд арав гаруй жил Монголын бизнест оролцсон. Монголын ашигт малтмал дэд бүтцийн асуудлаар идэвхтэй ярилцаж ирлээ. Нисэх онгоцны буудал, хот зохион байгуулалтын чиглэлээр ч ажилласан. Монгол бол уран зэрэг эрдэс баялгаар баялаг. Гэтэл энэ баялгийг бид гаднаас авдаг. Тиймээс Монголын ашигт малтмалыг төрөлжүүлэх чиглэлд ажилламаар байна. Ялангуяа Ган төмөрлөгийн үйлдвэрлэлд хэрэгтэй коксжих нүүрс Монголд байна. Олборлосон коксжих нүүрсийг тээвэрлэх төмөр замыг барих шаардлагатай. Транзит тээврийн асуудлыг шийдэх нааштай алхамууд Монголд хийгдэж байгаа талаар сая Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хэллээ. Энэ чиглэлд том найдлага тавьж байна. Япон улс зөвхөн нүүрс биш өндөр чанарын ашигт малтмал авах сонирхолтой байна. Энэ арвин баялгийн талаар мэдээлэл авч болдог боловч хуулийн талаар хөрөнгө оруулалтын орчин ил тод бус байдаг. Энэ нь япон компаниудын хувьд хаалт болж байна” гэв. Монголын хөрөнгө оруулалтын газарт Япон битгий хэл англи хэлгүй хүн ажилладаг тухай зарим бизнесийнхний амнаас гарч байв. “Түүхийнхээ хувьд бид нэг ард түмэн гэж хэлж болно. Япон бол  Монгол Улсад их дэмжлэг үзүүлж байсан. Монгол Улс асар хурдтай хөгжиж байгаа. Үүнийг бэхжүүлэхийн тулд хоёр улс хамтарч ажиллах ёстой. Монголд олон сайхан зүйл байна. Гэхдээ онгоцны буудлаас Улаанбаатар ороход зам нь маш муу байдаг. Боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ч анхаарах шаардлагатай зүйлүүд бий. Ер нь гурван жилийн өмнө энэ уулзалтыг хийсэн бол амжилттай  илүү сайн байх байжээ” гэх япон хүн ч энэ үеэр байлаа. Ийм яриа өрнүүлсэн бизнес форум өндөрлөж,  айлчлалын багийнхан дараа нь Японы Жетро байгууллагатай хамтран хийж байгаа арга хэмжээнүүдтэй танилцаж, Монгол, Япон компаниудын танилцах уулзалт боллоо. Жетро нь Японы гадаад худалдааг дэмжих байгууллага юм. Японы бараа бүтээгдэхүүнийг олон улсад танилцуулах, Японд хэрэгтэй импортын бүтээгдэхүүнийг судлах зорилготой юм байна. 

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эдийн засгийн форумын үеэр зарим төлөөлөгчдөөс авсан тодруулгын хамт дараагийн дугаарт уншигчдадаа хүргэе. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *