Categories
мэдээ нийгэм

Вакцинжуулалтын гэрчилгээг ТҮЦ машинаас авдаг боллоо

Вакцины гэрчилгээг E-mongolia.mn сайтаас авах боломжгүй иргэд төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаас авч болох юм байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 110 ТҮЦ машин ажиллаж байгаагаас 70 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт бий.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Уранцэцэг:

-Иргэд www.e-mongolia.mn сайт болон E-Mongolia гар утасны аппликейшнээс вакцинжуулалтын гэрчилгээгээ авах боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах ТҮЦ машинаас авч болно. Төв шуудангийн нэгдүгээр давхарт байрлах E-mongolia иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх төвд хандаж, вакцинжуулалтын гэрчилгээгээ авах боломжтой. E-Mongolia үйлчилгээг хурдан шуурхай хүргэх үүднээс иргэд, олон нийтэд үйлчлэх төвөө тавдугаар сарын 9-нд нээсэн.

Тус төвөөр ихэвчлэн цахим үйлчилгээг авах боломжгүй иргэд, ахмад настай хүмүүс их үйлчлүүлж байна. Иргэдийн ачаалал их байгаа тул Төв шууданд байрлах ТҮЦ машины тоог нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ, вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдэд цахим QR кодыг E-mongolia цахим системээс олгож байна.

Одоогоор android үйлдлийн системтэй гар утастай хэрэглэгчдэд энэ QR олгогдож буй. Тун удахгүй IOS үйлдлийн системтэй гар утастай иргэдэд олгогдож эхэлнэ. Үүний зэрэгцээ, тухайн QR шалгах систем маань хараахан бэлэн болоогүй байна. Бид apple болон google-с хариу хүлээж байна. Хэрэв вакцины QR шалгах систем маань бэлэн болчихвол иргэд вакцины QR кодоо гар утаснаасаа уншуулаад байгууллага, үйлчилгээний газраар үйлчлүүлээд явах боломжтой. Харин цахим үйлчилгээг ашиглах боломжгүй иргэд вакцины гэрчилгээгээ ТҮЦ машинаас авч, түүнийгээ үзүүлэн албан байгууллага болон үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ бид иргэний үнэмлэхийн ард байрлах QR-т вакцинжуулалтын мэдээллийг оруулах ажлыг хийж байна. Энэ ажил дуусах шатандаа явж байна” гэлээ.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *