Үндэсний түвшинд хүн ам, иргэдэд чиглэсэн зонхилон тохиолдох халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд, эрүүл дадал зан үйлийг хэвшүүлэх дархлаажуулалтын ач холбогдолын талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх “Дархлаажуулалтын дэлхийн долоо хоног үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ХӨСҮТ хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
Монгол Улс 1961 оноос эхлэн дархлаажуулалтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн, 1993 оноос үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлж, 2002, 2011 онд шинэчлэн хэрэгжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн нэгдүгээр зорилтод дархлаажуулалтын үйл ажиллагааг тусгасан нь хүүхэд, нялхасын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл эндэгдлийг бууруулахад дархлаажуулалт чухал ач холбогдолтойг тодорхой тусгасан.