Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр өчигдөр тохиосон билээ. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын байранд “IPDCtalks: Mongolia” чуулганыг Монголд анх удаа зохион байгууллаа. Чуулганд 15 сэтгүүлч болон иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлөн 15 хүн “Тогтвортой хөгжлийн зорилт” сэдвийн хүрээнд хэд хэдэн чиглэлээр илтгэл тавьсан юм. Энэ үеэр мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан В.Удвалтай ярилцлаа.
-Мэдээллийн ил тод байдал болон мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
-Энэ хууль батлагдсан нь хүний мэдэх эрхийг баталгаажуулахад том түлхэц болсон. Гэвч энэ хуулийг тууштай мөрдөхгүй, бодлогоо дандаа өөрчилж байдгаас болоод хуулийн хэрэгжилт тийм ч сайн биш байна. Тухайлбал, мэдээлэл авах эрхийн тухай хуулиар зохицуулагдаж байгууллагын төсвийн асуудал шилэн дансны хууль руу шилжсэн. Үүнээс болоод хуулийн хэрэгжилтэд тодорхойгүй байдал үүссэн. 2011 онд батлагдсанаас хойш төрийн бус байгууллагууд энэ хуулийн хэрэгжилтийг хангуулж, нээлттэй ил тод байдлыг дэмжих, хүний мэдэх эрхийн хэрэгжилтийг хангах талаар нэлээд ажлыг зохион байгуулж байна. 2014 оноос “Ил тод байдлыг дэмжих иргэний нийгмийн түншлэл”-ийг хүртэл бий болгоод ажиллаж байна.
-Мэдээлэл авах эрх нь зөрчигдсөн хэмээн гомдол мэдүүлсэн иргэн танд хандаж байсан тохиолдол бий юу?
-Надад хандсан тохиолдол байхгүй. Тэр талаар судалгаа хийгээгүй болохоор сайн мэдэхгүй юм. Манайхан мэдэх эрхийнхээ талаар түгээмэл сайн ойлголттой болоогүй учраас хангалттай мэдлэг мэдээлэлгүй байдаг, миний мэдэх эрхийг ингэж зөрчиж байна гэсэн иргэдийн гомдол одоогоор бага байгаа гэж бодож байна. Мэдэх эрх бол хүний амьд явах эрх, үзэл бодолтой байх эрхтэй адил хэмжээнд байх үндсэн эрхийн нэг. Хэрвээ мэдэх эрх нь зөрчигдсөн иргэн байвал миний үндсэн эрх зөрчигдөж байна гээд Хүний эрхийн үндэсний комисст хандах ёстой. Хуулийн байгууллагуудад ч хандаж болно. Үүгээр ч зогсохгүй шүүхээр эрхээ сэргээлгэх боломжтой. Иргэн хүн биш мэргэжлийн сэтгүүлчид энэ чиглэлээр мэдээлэл авч чадахгүй байна гэдэг бол манайд энэ тухай ойлголт хэр зэрэг байгааг харуулж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг тодорхойлсон бөгөөд түүний 17-д “Төр, түүний байгуулагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэсэн байдаг. Иймээс иргэд маань мэдэх эрхийнхээ төлөө ухамсартайгаар ажиллах ёстой болоод байна.
-Иргэд мэдээлэл хомс, мэдэх эрхийн талаар хангалттай ойлголтгүй байдаг. Үүнийг мэдүүлэх үүрэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бий. Гэтэл сэтгүүлчид өнөөдөр мэдээлэл олж авч чадахгүй байх асуудалтай тулгарсаар байна?
-Монгол Улс мэдээллийг нууцлах тогтолцоонд олон жил явсан. Үүнээсээ салж чадахгүй байна. Төрийн байгууллагууд иргэдийг ч, сэтгүүлчийг ч нууцын зэрэглэлд ороогүй бүх төрлийн мэдээллээр хангах ёстой. Мөн төрийн албан хаагчид иргэн болон сэтгүүлчдэд өгөх ёстой мэдээллийг өгөөгүй тохиолдолд хариуцлага хүлээх зохицуулалт ч байгаа. Өөрөөр хэлбэл мэдээлэл өгөхөөс татгалзсан тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн дагуу шаардах эрхтэй. Иргэн, сэтгүүлч аль аль нь авах ёстой мэдээллээ авч чадаагүй бол тухайн захиргааны байгууллагыг шүүхэд өгөх бүрэн боломжтой байх ёстой. Зөрчлийн тухай хуульд мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг зөрчвөл ямар хариуцлага байх ёстойг тусгаагүй харагдсан.
-Манай сонины хувьд саяхан Авлигатай тэмцэх газрын даргаас цаг үеийн асуудлаар ярилцлага авах гэж хэд хэдэн удаа хүсэлт хүргүүлсэн боловч зөвшөөрөл авч чадаагүй юм. Энэ тохиолдолд яах ёстой вэ?
-Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулинд байгууллага ямар мэдээллийг ил тод байлгах юм бэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Үүнд: байгууллагын үндсэн зорилго, зорилт, чиг үүрэг, нийгэмд хийж байгаа ажил, төсвийн зохицуулалт, боловсон хүчний бодлого зэргийг мэдээлэх ёстой. Авлигатай тэмцэх газрын хувьд ямар мэдээллийг нууц мэдээлэл гэж үзэж буйгаа тодорхой болгох хэрэгтэй.
-Төрийн албан хаагчид мэдээлэл өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг юм бэ?
-Байгууллагын, хувь хүний, төрийн нууцын тухай хуулиуд бий. Иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл чөлөөтэй мэдээлэл авах эрхтэй. Гэхдээ өнөөдөр эдгээр нууц болон түгээмэл мэдээлэл авах эрх хоёрын хоорон дахь зөрчилдөөнийг аль болох багасгах шаардлага тулгарч байна. Бүр цаашилбал үндэсний аюулгүй байдалтай холбоотой, нууцын зэрэглэлд байгаа мэдээллээс бусдыг ил тод болгох ёстой. Нийтэд хамаарах бүх асуудлаар чөлөөтэй мэдээлэл авах, бүр шаардах эрх бидэнд бий.
-Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдрийг тохиолдуулж өнөөдөр НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын талаар хэлэлцэж байна. Энэ талаарх мэдээллийг хүргэхгүй юу?
-Хүний мэдэх эрх гэдэг нь заяагдмал эрх юм. Гэтэл өнөөдөр иргэд дэлхий дахинд бий болоод байгаа тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар хангалттай мэдээлэлгүй байна. Тэдний эрүүл мэндийг дэмжих, тэдэнд чанартай боловсрол олгох, ядуурлыг устгах, тэгш эрхийг бий болгох талаар хүмүүс мэдээлэл, мэдлэггүй байгаа учраас өөрийнхөө эрхийг хэрэгжүүлж чадахгүй. Мэдэхгүй учраас хэрэгжихгүй. Тийм болохоор өнөөдөр энэ сэдвүүдээр хэлэлцэж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
-Тодорхой жишээн дээр тайлбарлаад өгөхгүй юу?
-Тогтвортой хөгжлийн зорилтод багтдаг ядуурлыг устгах талаар эхний илтгэл тавигдлаа. Сүүлийн жилүүдэд манай улсад ядуурлыг бууруулах мянга гаруй төсөл хөтөлбөр хэрэгжсэн боловч хөрсөн дээрээ бууж иргэдэд хүрч чадаагүй байна. Энэ бол иргэд энэ талаар ямар ч мэдлэг мэдээлэлгүй байдагтай холбоотой. Үүнээс гадна эдгээр төсөл хөтөлбөрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх зөв гаргалгааг гаргаж чадахгүй байгаатай холбоотой болов уу. Мөн цэвэр усны хангамжийн асуудал яригдаж байна. Иргэд өөрсдийгөө ямар бохир ус хэрэглэж буйгаа, яагаад цэвэр усаар хангагдах ёстой, дэлхийд болон монголд ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар олон зүйлийг мэдэх эрхтэй. Мэдсэний үндсэн дээр шаардах эрхтэй. Цэвэр усны хэрэглээг цаашид 2030 он хүртэл нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого барьж, яаж хэрэгжүүлэх ёстой талаар хүн ард нь мэдэхгүй бол хэрэгжихгүй.
-Мэдээлэл олж авах, мэдээлэлтэй байх эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй ямар асуудал байна?
-Тухайн хүнээс бус нийгмээс хамаарч эрх нь хэрэгжих байдлууд байдаг. Бид үүнийг орхигдуулдаг. Энэ бол үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн нэгт зааснаар “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэдийнхээ өмнө хариуцах тухай бий. Энэ үүргийг баталгаатай эдлүүлэх нөхцөлөөр хангах талаар олон улсын гэрээ конвенцээр Засгийн газарт үүрэг өгсөн байдаг. Тэгэхээр иргэд төр засгаас шаардах хэрэгтэй. Мэдээлэл, мэдлэгтэй байж шаардах эрхтэй. Чанартай боловсрол авахын тулд ийм ийм зүйл хийх хэрэгтэй байна гэж шаардах ёстой.