Categories
гадаад мэдээ

В.Путин, Си Жиньпин нарын уулзалтыг олон улсад хэрхэн дүгнэв

ОХУ болон БНХАУ-ын удирдагчдын хамтарсан мэдэгдэл гарсны дараа АНУ-ын долоо хоног тутмын “The Time” сэтгүүл: Орос, Хятад хоёр барууны хориг арга хэмжээг тойрч, худалдаандаа өөрсдийн үндэсний мөнгөн тэмдэгтээ ашиглана гэж ерөнхийлөгч В.Путин Бээжинд хийх айлчлалынхаа өмнө Хятадын төрийн мэдээллийн агентлагт нийтэлсэн нийтлэлдээ бичсэн. НАТО-г өргөжүүлэх асуудлаар өрнөдийн орнуудтай зөрчилдөж байгаа Москваг Бээжин албан ёсоор дэмжих болов. “Энэ хоёр их гүрэн нэгдэж байгаа нь бидний хувьд жинхэнэ хар дарсан зүүд юм. Гэтэл бид төрсөн өдрийн бялуу хуваалцах үед дарс уусан тухай маргалдаж байна. Бид сүйрлээ” гэж британичуудын ихэнх хэсэг үзэж байна. “Москва, Бээжин хоёр хамтын экспансионист амбицын эсрэг эвслээ бэхжүүлж, ардчилал, хүний эрхийн талаарх барууны стандартыг үгүйсгэж байна” гэж “Таймс” сонин тайлбарлав гэсэн байна.

Мөн Английн өдөр тутмын “The Guardien” сонин: Өвлийн олимпийн нээлтийн ёслолын өмнөхөн Бээжинд Хятад, Оросын удирдагчид уулзсан. Одоогоос 50 жилийн өмнө буюу 1972 оны хоёрдугаар сарын 21-нд Ричард Никсон, Мао Зэдун нар гар барьснаар хүйтэн дайны байдлыг өөрчилсөн юм. Тухайн үед ажиглагчид энэхүү айлчлалыг “Дэлхийг өөрчилсөн долоо хоног” гэж нэрлэж байв. Гэсэн хэдий ч уг уулзалтаас хойш хагас зуун жил өнгөрч, энэ удаад Москва, Бээжин хоёр ойртож байна. Си Жиньпин Путин нар 2013 оноос хойш 38 дахь удаагаа уулзав. Уулзалтын үеэр Украины асуудлаарх Оросын байр суурийг дэмжиж буйгаа Си Жиньпин илэрхийлсэн нь Кремль олон улсын тавцанд ганцаардмал биш гэдгийг харуулсан явдал гэж ажиглагчид онцолж байна. Харин Хятадын хувьд АНУ, Их Британи болон бусад улс өвлийн олимпийг дипломат аргаар бойкотолж буй энэ үед Путины айлчлал томоохон дэмжлэг болж байна. Си Жиньпин болон Путины уулзалтад Вашингтон болон барууны бусад улс ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ удаа Кремль Бээжин хоёр 15 гэрээ, хэлэлцээр байгуулсан бөгөөд үүнд дэлхийн гол асуудлууд, тэр дундаа аюулгүй байдлын асуудлаарх Орос, Хятадын нийтлэг үзэл бодлыг тусгасан хамтарсан мэдэгдэл хүртэл багтаж байна. Путиныг Гадаад хэргийн болон Эрчим хүчний сайд, Роснефть компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин зэрэг дипломат болон эрчим хүчний дээд албан тушаалтнууд дагалдан ирсэн. Энэхүү яриа, хэлэлцээний гол сэдэв нь эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагаа байгааг ажиглагчид онцолж байна.

Үүний баталгаа нь Бээжин болон Москва 400 тэрбум ам.долларын 30 жилийн хугацаатай байгалийн хийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Хоёр тал мөн “Сибирийн хүч 2” хийн хоолойн төлөвлөгөөг хэлэлцсэн нь маргаантай байгаа “Хойд урсгал 2” хоолойгоор дамжуулах байсан хийг Хятадын зах зээлд борлуулах боломжийг олгож буй гэдгийг Техас мужийн Остин дахь Гэгээн Эдвардын их сургуулийн профессор Шарил Кросс тодотгожээ. Гэсэн ч хоёр тал тохиролцоод буй хийн хоолой барихад олон жил шаардагдах болно. Хятад, Оросын хоёр талын худалдааны хэмжээ өнгөрсөн онд 147 тэрбум ам.долларт хүрсэн нь барууны хориг арга хэмжээний дараа 2015 онд 68 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад хоёр дахин их юм.

Өнгөрсөн долоо хоногт хоёр орны өндөр албан тушаалын дипломатууд Азийн асуудлаарх зохицуулалтаа эрчимжүүлэхээр тохиролцсон нь барууны орнуудын шахалтад улам бүр ойр дотно харилцаатай байгааг илтгэсэн хамгийн сүүлийн алхам боллоо. Атлантын Зөвлөлийн Хятад судлалын төвийн тэргүүн Дэвид Шуллман “Си Жиньпин, Путин хоёрын харилцаа түүхэн дэх хамгийн сайн харилцаа гэдгийг дахин онцолж, хоёр улс стратеги, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлсээр байх болно” гэжээ. Түүнчлэн Шарил Кросс “Хоёр удирдагч хоёр талын аюулгүй байдал, эдийн засгийн харилцаа холбоо, Америкийн дэлхийн нөлөө болон олон улсын либерал дэг журамд сорилт болж буй дэлхийн аюулгүй байдлын олон асуудлын талаархи нийтлэг үзэл баримтлалтай байгаагаа илэрхийллээ. Ардчилсан улс орнуудын хагарал болон Атлантын далайг дамнасан аюулгүй байдлын эвсэл нь Москва, Бээжин хоёрт ашигтай байх болно. АНУ болон түүний холбоотнууд эдгээр хоёр том гүрнийг ойртуулахгүй байх, Европ, Азийн бүс нутагт Орос, Хятад хоёрын хамтарч буйгаас үүдэх сорилтуудыг хэрхэн даван туулах талаар сайтар бодох ёстой боллоо” гэжээ.

Харин Бээжингийн Жэньминь их сургуулийн олон улсын харилцааны профессор Ши Инхун “Бээжингийн мэдэгдлүүдийг Оросын талыг баримталсан гэж үзэж болох ч зарим нэг томоохон эргэлзээтэй зүйл байна. Жишээ нь, Хятад улс дайн болвол цэргийн хүчээр ОХУ-ыг дэмжинэ гэж огт амлаагүй. Үүний нэгэн адил Путин Тайванийн асуудлаарх Бээжингийн байр суурийг бүрэн дэмжинэ гэсэн ч томоохон мөргөлдөөн гарсан тохиолдолд цэргийн ажиллагаанд оролцох амлалт өгөөгүй” гэв. Мөн дэлхийн улсууд энэхүү өвлийн наадмыг дипломат аргаар бойкотолсон улсууд болон Бээжинд ирсэн улсуудын удирдлага гэж хоёр хуваагдан эсрэг хоёр туйл руу явж байгааг ч судлаачид онцолж байгаа юм гэжээ. Мөн энэхүү уулзалтын дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Орос, Хятадын хамтын ажиллагааг юу гэж бодож байна гэсэн сэтгүүлчийн асуултад “Шинэ юм юу ч алга” гэж хариулсан. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний Аюулгүй байдал хариуцсан туслах Жейк Салливан урьд өдөр нь “Хятад, Оросын хамтарсан мэдэгдэлд Украин гэсэн ганц ч үг байхгүй байгаа нь Хятад улс Оросуудын Украины асуудлаар санал нийлэхгүй байгаа юм байна гэж бодогдуулахад хүргэж байна” гэж мэдэгдсэн билээ. Харин үүний цаад нарийн учир нь нэлээд эртний угшилтай юм. XIX зууны Манж Чин улс Хар тамхины I.II дайнаар Англи, Француудад ялагдах үедээ хааныхаа ангийн эдэлбэр болох хүн суурьшаагүй байсан нийт 1 500 мянган ам. км нутгаа хүч мөхөсдөн оросуудад хоёр гэрээгээр түр ашиглуулахаар болсон юм. Иймээс хэрэв Бээжин Украины газар нутаг болох Крымыг оросууд хүчээр авсныг зөвтгөх аваас энэ нь Монгол Улсын газар нутагтай хэмжээгээр яг адилхан өөрийн нутгаа оросуудад бэлэглэсэнтэй агаар нэг хэрэг болох билээ. Иймээс л Хятад, Оросын хамтарсан мэдэгдэлд Украины тухай ганц ч үг байхгүй байгаа хэрэг төдийгүй энэхүү газар нутгийг хятадууд буцааж аваагүй байхад хоёр хөрш улс жинхэнэ ёсоор найрамдахгүй гэсэн үг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *