Британийн боловсролын сайд асан Жастин Гринингийн BBC сувагт өгсөн ярилцлагын талаар саяхан интернэтэд өргөн хэлэлцүүлэг явуулжээ. Тэрээр “Британийн сургуулиудыг Зөвлөлтийн боловсролын системд шилжүүлж дууслаа” хэмээн мэдэгдсэн нь шуугиан тарьсан юм.
Зөвлөлтийн боловсрол яагаад дэлхийд тэргүүлэх болов гэдэг талаар АНУ-д төвтэй Перегрин академик сервис байгууллагын Монгол дах салбарын захирал В.Алзахгүйтэй ярилцлаа.
-Боловсрол гэдэг хүний амин чухал хэрэглээ болоод байна. Ер нь хүн боловсролыг яагаад эзэмших хэрэгтэй вэ?
-Боловсролын тогтолцоог ерөнхийд нь хоёр хувааж болно. Нэгдүгээрт, академик буюу шинжлэх ухаан давамгайлсан тогтолцоо олон оронд тогтсон. Герман, Франц зэрэг улсуудаас дамжин Зөвлөлт холбоот улс (ОХУ)-д өвлөгдөж ирсэн. Энэ тогтолцоо шинжлэх ухааны суурь боловсролд суурилсан гэж товчоор хэлж болно. Суурь боловсролыг маш сайн өгдөг. Шинжлэх ухаанд тогтож явдаг учир номонд суурилсан гэсэн үг. 1921 оны Ардын хувьсгалын дараагаар манай улс тэр үеийн ЗХУ-ыг дагасан. Монгол Улсад боловсролын тогтолцооны цоо шинэ үе эхэлсэн. Хоёрдугаарт, прагматик сургалтын тогтолцоо буюу сурч байгаа зүйлээ шууд амьдрал дээр хэрэгжүүлээд явдаг сургалт. Шинжлэх ухааны цаад нарийн үндсийг биш тухайн ажлыг хийх аргад суурилсан тогтолцоо гэж хэлж болно. Тиймээс академик тогтолцоотой улс орноос сайн эрдэмтэд төрдөг. Прагматик тогтолцоотой орнуудаас сайн инженер төрдөг. Аль аль нь өөрийн гэсэн давуу талтай.
-Монголын боловсролын систем хэрхэн суурьшиж, төлөвшсөн бэ?
-1921 оноос өмнө нь бол сургалттай байсан. Би тэр үеийн сургалтыг үгүйсгэдэггүй. Яагаад гэвэл Монгол Улс 600 мянга гаруй хүн амтай байсан. түүний 100 гаруй мянга нь лам нар. Лам нарын сайн нь санскрит, түвд хэлтэй. Нэгэнт гадаад хэл дээр ном үзэж зүгширсэн хүмүүс монгол бичгээ ихэнх нь мэддэг байж. Ер нь хүн амын таван хүн тутмын нэг нь гадаад хэлтэй үндэстэн их ховор. Тэр үеэс монголчууд унших, цээжлэх, ой санамж нь хөгжсөн ард түмэн. Түвдийн сургаал номыг маш их цээжилж тогтооно. Лам нар хэдэн арван боть номыг тархи толгойндоо баринтагладаг. Бүтэн сараар ном сөхөж харалгүй уншдаг мэдлэгтэй лам нар олон байсан. Нэгэнт ийм суурьтай учир дараагийн боловсролын тогтолцоог суурилуулахад амархан байж. Тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүд Монгол Улсыг өөрийн боловсролын тогтолцоотой болохыг зөвлөдөг. Өөрийн боловсролын тогтолцоогоо бий болгохдоо манайхаас хэрэгтэй юмаа ав гэдэг шаардлага тавьсан. Түүнээс та нар зөвхөн манай боловсролын системээр яв гэж шахан шаардаагүй. Тиймээс Монгол Улс кирилл үсэгт шилжсэнээс хойш сурах бичиг сайн гаргасан. Агуулгынхаа хувьд ойролцоо явсан. Ямар нэгэн боловсролын тогтолцооноос юуг нь авах ёстой вэ гэхээр гол нь агуулгыг нь авах ёстой. Энэ нь яг тэр боловсролын тогтолцоог хуулна гэсэн үг биш. Ийм учраас 1921-1990 оны хоорондох 70 жилд ЗХУ-ын буюу академик сургалтын тогтолцоонд тулгуурласан үндэсний ерөнхий боловсролын тогтолцоо бүрэн бүрэлдэж, төлөвшсөн гэж үзэж болно. Энэ тогтолцоогоор сурч, боловсорч Монгол Улс өөрөө их, дээд сургуультай, шинжлэх ухааны академитай, өөрийн үндэсний эрдэмтэдтэй, эрдэмтэд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын тогтолцоотой болж чадсан юм.
-Их Британи зэрэг томоохон улс гүрнүүд Зөвлөлтийн боловсролын системийг суурилуулж дууслаа гэж боловсролын сайд асан нь мэдэгджээ. Зөвлөлтийн боловсрол юугаараа онцлог юм бол?
-Дэлхий нийтэд хамгийн их ажигладаж байгаа зүйл даяарчлагдаж байгаа шүү дээ. Даяарчлагдаж байгаагийн ачаар аль улс оронд ямар тогтолцоотой сургалт явж байна гэдгийг мэддэг болсон. Өмнө нь энэ байдал харьцангуй хязгаарлагдмал байсан. Гэтэл Кембирижийн эх орон буюу Их Британи улс өөрийн тогтолцоог илүү академик болгож байна. Тиймээс тэд хуучин ЗХУ-ын сургалтын тогтолцоонд суурилсан боловсролын тогтолцооны шинэчлэл хийсэн. Өөрөөр хэлбэл академик, прагматик тогтолцооны дундаас аль аль нь хосолсон дийлэнх тал нь академик сургалтад суурилсан ийм боловсролын тогтолцооны шинэчлэл хийж байгаа юм байна лээ. Тиймээс Английн боловсролын тогтолцоо ЗХУ-ын хуучин тогтолцоонд шилжлээ гэдэг асуудал сүүлийн үед хүчтэй яригдаад эхэлсэн. Энэ бол хүмүүс, улс үндэстнүүд бие биенээсээ суралцаж, сайн болгоны дундаас өөрийнхөө тогтолцоог сонгож авч байгаагийн тодорхой жишээ.
-Тэгэхээр Монголд аль тогтолцоо нь илүү таарах уу?
– Нэгдүгээрт, хүүхдүүд гадаадын боловсролыг судлаад сайн сурдаг. Хоёрдугаарт, монгол хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт сурч байна. Монгол хүн дэлхийн бүхий л оронд амьдарч байна. 1990 оноос хойш АНУ-д сураад, докторын зэрэг хүртэл сурсан хүүхдүүд зөндөө бий. Японд маш олон монгол хүүхэд сурч байгаа. Үүгээрээ юуг хэлэх гээд байна гэвэл бид аль ч улс орны боловсролын тогтолцоотой танилцсан. Энэ бүх тогтолцооноос улс орнууд өөрсдийн сургалтын тогтолцоогоо сайжруулж, шинэчилж байна. Монгол өмнөх тогтолцоог 70 жил туршсан, туршуулсан. Үүгээр бид баялаг туршлагатай. Үр шимийг хүртсэн. Шинэ тогтолцоотой бид муугүй суралцсан. Судалж ч суралцсан. Үр хүүхдүүд маань ч биеэрээ туулсан. Иймээс Монгол Улсад аль аль нь хослуулсан өөрийн үндэсний сургалтын стандарт байх ёстой. Тэгэхээр юуны өмнө аливаа улс орон ерөнхий боловсролын өөрийн гэсэн сургалтын стандарттай байх ёстой. Энэ нь тусгаар тогтносон улсын том баталгаа болж байдаг. Ямар хэлээр, ямар бичгээр сургалт нь явах ёстой юм. Хүүхэд хэдэн наснаасаа гадаад хэл сурч эхлэх ёстой юм. Гадаадын ямар хэл нь нэгдүгээрт байх ёстой. Аль хэл нь илүү давамгайлсан ач холбогдол өгөх ёстой юм. Хүүхэд ямар уран зохиол уншиж өсөх ёстой, ямар түүхээр хүмүүжих, сургалттай хамт хүмүүжил төлөвшлийг яаж авч явах ёстой гээд энэ бүхэн сургалтын тогтолцоондоо шингэж байж, тухайн улс орон, үндэстний, ард иргэдийн хөгжлийн баталгаа болно. Тэгэхээр үүгээр бид үндэстний хэмжээнд зөвшилцөх ёстой. Нэгдсэн нэг ойлголтод хүрээд, цаашдын хөгжлөө зөв авч явах шаардлагатай юм. Боловсролын гурван том зарчим үйлчлэх ёстой. Нэгдүгээрт, боловсрол, шинжлэх ухаан их консерватив байх ёстой. Уламжлалдаа тулгуурлаж явах ёстой. Үүнийг хамаагүй богино хугацаанд олон хөдөлгөж болохгүй. Хөдөлгөх хортой. Хоёрдугаарт, шинжлэх ухаанч хандах ёстой. Манайд боловсролын тогтолцоог хөдөлгөхгүйгээр доод тал нь тавин жил мөрдөх хэмжээний сургалтын хөтөлбөр, программ боловсруулах хэмжээний боловсон хүчин байгаа. Гуравдугаарт, улс төрөөс ангид байх ёстой. Огт улс төржиж болохгүй салбар бол боловсрол шинжлэх ухааны салбар байдаг. Бид Үндэсний ерөнхий боловсролын стандарттай байх ёстой.
-Үндэсний ерөнхий боловсролын стандартыг яаж хангах уу?
-Одоо бол үндэсний стандартын асуудал яригдахаа больсон. Ялангуяа 1992 оноос хойш. Цөм хөтөлбөр гэдэг зүйл гарч ирсэн. Үндэсний стандартын дотор нь цөм хөтөлбөр нь багтаж байгаа гэж ярьдаг юм байна лээ. Миний бодлоор үндэсний стандарт, стандарт гэдэг үг нь цуг явах ёстой юм. Гадаадын юмыг болохоор европ стандарт, кембирижийн стандарт гээд л байна. Гэтэл Кембириж нь Оросын академик сургалтын тогтолцоо гээд явж байна. Тэгэхээр гадаадын юманд стандарт гэдэг үгийг хэрэглээд байдаг, Монгол Улсын хэмжээнд болохоор огт ярихаа больчихоод байна. Тиймээс Монгол Улс ойрын үед олон жилийн турш тогтвортой мөрдөх үндэсний стандарттай болоосой гэж хүсч байгаа.
-Та тэр ажилд гар бие оролцох уу?
-Би хэлж чадах, хийж чадах зүйл байвал гар бие оролцоно. Яагаад гэвэл би энэ салбарт олон жил ажилласан. Мэргэшсэн гэж хэлж болохоор. Ер нь Монгол Улсын бүхий л салбарт мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой багасчихсан. Мэдэхгүй хүмүүс нь шүүмжлэхдээ сайн байдаг шүү дээ. Би бол Монгол Улсад боловсролын систем тэгтлээ уначихсан гэж огт боддоггүй. Яагаад гэвэл олон үзүүлэлтээр Монголын хүүхдүүд дэлхийн түвшинд ойрхон явдаг.
-1990 оноос хойш боловсролын салбарт шинэчлэлт хийлээ. Сайд дарга нар нь солигдох тоолонд өөр сурах бичиг гардаг ч гэх юмуу. Үүнийг яаж засч залруулах вэ?
-Хүүхдүүдэд хэрэгтэй, хэрэггүй маш их зүйлийг судлуулсан, цээжлүүлсэн байна. Манай сургалтад багш голлож оролцдог болж. Хүүхдийн оролцоог хангадаггүй юм байна. Одоо бид прагматик тогтолцоо руу шилжинэ гэж нэг хэсэг нь үздэг. Нөгөө хэсэг нь хуучин тогтолцоон дээрээ тулгуурлаад цааш нь шинэчлээд явна гэдэг. Ийм үзэл бодлын зөрүүтэй, шинэчилж өөрчлөх гэсэн оролдлогууд олон жилийн туршид хийгдэж байна. Эхний ээлжинд бид хүүхдийн сургуульд орох нас, хэдэн жил сургах уу гэдэг асуудлаар ярилцаад дэлхийн ихэнх оронд байдаг нийтлэг жишгийг сонгосон. Зургаан настайд нь нэгдүгээр ангид элсүүлж оруулаад, арванхоёр жил суралцуулж, ерөнхий боловсрол олгож байгаа. Сурч байгаа зүйлийн агуулгын хувьд академик хуучин боловсролынхоо тогтолцоогоор явъя гэсэн үзэл бодолтой эрдэмтэд бий. Гэтэл энэ тогтолцоо хүүхдийг их зовоодог, маш хүнд гэж нэг хэсэг нь үздэг. Нөгөө талд Оросоос авч байсан бүх зүйлээсээ татгалзах ёстой гэсэн сэтгэгчид Монголд олон байна.
-Маш олон их, дээд сургууль байгаа нь хэр зөв зүйл вэ?
-Боловсролын салбарт хүмүүс их хөрөнгө оруулалт хийсэн юм. Манай улс урд нь долоон дээд сургуультай, нэг их сургуультай, 33 техникумтай, дотооддоо арваад мянган оюутантай, гадаад улсад 5000 гаруй оюутан сурдаг. Нийтдээ 15 мянга гаруй л оюутантай байсан юм. Одоо бол 94 их, дээд сургууль ажиллаж байна. 150 мянган оюутан суралцаж байна. Доктор, магистрын шатанд сурч байгаа оюутнуудаа нэмэх юм бол бараг 160-170 мянган хүн суралцаж байгаа. Хүн өөрийн хүслээр хэрэглээний боловсрол мэдлэг эзэмшиж болно. Огт сурахгүй байснаас сурах нь хамаагүй илүү. Бараг бүх хүн дээд боловсролтой болж байна. Эхний үе шатны ажил хийгдсэн. Яагаад гэвэл 1991 онд анхны хувийн дээд боловсролын байгууллага байгуулагдсан. Одоо бол 150-200 мянган оюутан зэрэг суралцах хэмжээний материаллаг баазыг дээд болон мэргэжлийн боловсролын салбарт бүрдүүлсэн. Одоо шалгарал нь явагдана. Битгий сур л даа. Хичнээн сургуультай байхыг хэрэглэгч л тогтооно шүү дээ. Тиймээс чанаргүй сургуульд битгий сур. Сонголтоо сайн хий. Хүнийг ямар нэгэн хэмжээгээр өөртөө хэрэглээний боловсрол эзэмшсэний төлөө баалж, буруутгаж загнаад хэрэггүй юм л даа. Харин тэр боловсролгүй харанхуй байгаа хэсэгтэйгээ яаж ажиллах уу гэдэг нь чухал.