Үнэ өсөхөд бид дургүй. Бид ч юу байхав, хүн төрөлхтөн дургүй. Уул нь миний юмны үнэ өсөх сайхан боловч бусдынх зэрэгцээд явчихдаг нь муухай. Шударга зарчим дандаа сайхан байдаггүй аж.
Хорвоогийн баян газруудад юм нь үнэтэй, ядуурахын хэрээр хямд. Баяжих тусам инфляци нөмөрч, ядуурахын хэрээр эдийн засаг сайжран, юмны үнэ хямдарч байгаа юм огт биш гэнэ. Хүн ард нь баяжихын хэрээр бараа үйлчилгээг хэдээр л бол хэдээр авах чадалтай болж, ядуурах тутам худалдан авах чадвар буурдагтай холбоотой гэдэг. Худалдан авах чадварыг дагаад үнэ унана. Баян газарт талх таван доллараар зарж болох ч бослого самуунд идэгдсэн оронд таван центээр борлуулж чадвал их юм.
Үнэ бол зөвшилцөл дээр тогтдог гэж судлаач хэлдэг. Манайхан “Яг хэдэд өгөх юм бэ”, “наймаа наанатай цаанатай” гэдэг нь үнэ тогтоох хэлцлийн хэллэг. Худалдагч юмаа хамгийн өндөр үнээр өгөх санаатай, худалдан авагч хамгийн доод үнээр салгачих бодолтой. Энэ хоёр сонирхлын уулзвар дээр үнэ тогтдог гэсэн (Тус бичлэгт “гэсэн”, “гэнэ лээ” гэхчилэнгийн үгийг олноор хэрэглэж байгаа нь их учиртай. Баяжих бүх аргыг мэддэг гэдэгтээ итгэлтэй ч тэр нь өөртөө хэрэг болдоггүй нөхдийнхөө сэтгэлийн амгаланг бодолцсон нь тэр).
Харин манай зөвшилцөл их өвөрмөц. Үнэ өсөхөөр хөөрөөд давхихгүй боловч худалдан авалтаа багасгахгүй. Үнэ бусад оронтой адилхан өсөвч худалдан авалтад удаан нөлөөлнө. Манай эдийн засаг бусад олон орноос доогуур атлаа юмны үнэ заримдаа Америк, Японоос илүү. Манайд байр авдаг үнээр Америкт байшин авч болох жишээний.
Манайхан үнэ хэд ч байсан зөвшөөрдөгт хамаг учир байна. Энэ нь манайхан эдийн засагчдаа оролцуулаад тэнэг маанаг, худалдан авалтын гаж донтойд байгаа юм биш…Нээрээ, биш шиг байгаа юм гэсэн нь дээр байх.
Бид мянганы түүхтэй нүүдэлчин ард түмэн. Яруу найрагт бахархалтай гардагчлан “Алтай Хянганы завсарт атар аялаг баялаг орон”-той бөгөөд “дөрвөн цагийн улиралд дураараа нүүх” амьдралтай. Ингэж явах жаргалтай боловч бараа үйлчилгээний систем, тогтцод бэрхшээлтэй.
Бараа таваараар хангах байнгын тогтоц үгүй тул монгол хүн хэзээд наймаа хийхэд бэлэн. “Наймаа таарвал өгнө” гэсэн хэллэг юугаа ч, хэзээ ч зарахыг үгүйсгэхгүй гэсэн санаа. Ийм учраас унаж яваа морио, зууж очсон гаансаа сэтгэлд таарсан юмаар солиход хэзээд бэлхэн.
Энд бас нэг дүрэм үйлчилнэ. “Одоо л зарахгүй бол хэзээ ч зарж чадахгүй, одоо л авахгүй бол дахиад хаанаас ч олохгүй”. Үнэхээр тийм. Алтай хангайн ар шилд тааралдсан, сэтгэл татам гаанс зуусан эр маргааш арван давааны чинадад одсон байна. Дараагийн тийм зочин-худалдаачин хэзээ ирэхийг манай хөгжмийн зохиолч Балхжавын хэлдгээр таашгүй. Унаж яваа моринд нь боломжийн үнэ хаяад байсан явуулын хүн эргэж ирэх эсэхийг бурхан ч хэлшгүй. Тийм учраас нүүдэлчдийн зах зээлийн дүрэмд “Эсвэл одоо. Эсвэл хэзээ ч биш” хэмээн бичигдэж.
Социализмын үед хоршооны агент гэж байв. Манайд Английн тагнуулын “агент 007” ажиллаж байсан хэрэг биш. Жаахан цай, тамхи ганзагалаад нүүдэлчин ард түмнийг хайж олон үйлчилдэг социалист худалдааны тогтцын хэсэг. Ирдэг бараа нь аанай л ховор хомс. Сумын хоршоонд ирсэн ганц мотоциклийг азтай ганц нь л аваад хойтон болохыг хүлээнэ. Хоёр халуун савыг хоншоортой хоёр нь л гардана. Ийм болохоор ардын засгийн жилүүдэд “олдсон дээр нь ав” гэдэг монгол худалдааны дүрэм төдий л өөрчлөгдсөнгүй. Харин энэ системд юмны үнийг төрөөс тогтоож өгнө. Улсын худалдааны хохирол хэнд ч хамаагүй, төрийн мөнгө “ёо гэхгүй нь сайхан” тул олон жил хатуу түүнээ мөрдөж. Манай брэнд маркаараа биш үнээрээ нэрлэгдэн “11.20-ийн чихэр”, “18-ын торго”, “48-ын чихэр” гэхчилэнгээр алдаршиж байв.
Бидэнд нийтлэг байсан “Таалагдсан бараагаа тааралдсан газарт нь ав, эс тэгвэл үүрд хожимдоно” гэдэг худалдааны зарчим 1990-ээд оныг хүртэл олигтой өөрчлөгдсөнгүй. Зах зээлд орж, үнэ чөлөөтэй хөдлөх болов. Бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хязгааргүй олон сонголтын өмнө ирэв. Харин “одоо эсвэл хэзээ ч үгүй” гэсэн худалдан авалтын зарчим маань тийм амар арилж өгсөнгүй. Үүнийг дагаад “монгол хүнд юмыг хэдээр ч зарж болно” гэдгийг хүний өөрийнгүй ойлгож. Хэдээр ч зарсан авдаг үйлчлүүлэгч байгааг мэдсээр байж үнээ буулгах маанаг ховор.
Өнөөдрийн дэлхийн жишгээс давсан, бидний худалдан авах чадвараас хэтийдсэн “монгол үнэ”, монгол маягийн зөвшлийн нууц энд байгаа. Бид бусдаас муу учраас ингэж байгаа юм биш, туулсан зам, төлөвшсөн орчин нь ийм дадал сэтгэлгээ бий болгосон хэрэг. Мэдэхгүйдээ ингээд байгаа юм биш, юм худалдан авах бүрийд бидний өвөг дээдсийн үеэс өдийг хүртэл мянган жил дагасан үл үзэгдэх зөвлөх “Хэд ч байсан хамаагүй ав. Дахиад олдоо ч уу, үгүй ч үү” гэж шивэгнээд байх аж.
Дээр нь биднийг мөнгөө хайрладаггүй, үнэтэй юм их авдаг гэж гадныхан шүүмжилдэг. Энэ нь ч бас бидний буруу биш бөгөөд оршин амьдарч ирсэн ахуйгаас маань их хамааралтай. Бидний сайн мэдэх “Нүгэл буян” киноны ламбугайг санаж байна уу? Тэр лам сүрэгчингээ дарамталдаг хэсэг бий дээ. Яагаав, чи миний буяныг аривжуулж чадахгүй бол би хатуу юм болгоод далд хийчихнэ шүү гэж ирээд л айлган сүрдүүлдэг дээ. Энэ нь орчин үеийнхээр бол хөрөнгө юугаа мөнгө юм уу, үнэт цаас болгоод банкинд хадгалуулахтай дүйх санаа юм.
Хэдийгээр цаасан мөнгө хэрэглэсэн үндэстний нэг гэж манай өвөг дээдсийг өрнийн аялагчид тэмдэглэсэн байдаг ч гэсэн өөрснөө мөнгөн тэмдэгтэд төдий л итгэлгүй хандаж иржээ. Ханшийн өөрчлөлт зэрэг нь “найдваргүй эд” гэсэн сэтгэгдэл төрүүлсэн ч байж магад. Харин сайхан хөөрөг, сайн морь, үнэтэй гаанс зэрэг нь үргэлж үнэ цэнээ хадгална.
Монголчуудын үнэтэй гаанс хөөрөг сэлтэд дуртай, эдийн засгийн чадавхиа үл тоомсорлон тэдгээрийг авах бодолтой зэрэг нь нэг талаасаа тансаг хэрэглээнд дуртайн жишээ боловч нөгөө талаас хөрөнгө хадгалах хэлбэр нь байж иржээ.
Өнөө цагт бид банктай, төлбөрийн карттай болсон ч гэсэн сэтгэл зүрхэнд минь зуунаас зуун дамжин ирсэн хөрөнгө хадгалах арга нь үйлчилсээр байгаа бөлгөө. Тэр үл үзэгдэх зөвлөх “Үүнийг ав. Одоо л ав” гэж зөвлөсөөр…
2014 оны гуравдугаар сарын 27
One reply on “Үзэгдээгүй үнэ”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru