Categories
мэдээ улс-төр

Өвс тэжээлийн бэлтгэл 31.7 хувьтай хийгдээд байна

Өнөөдөр болох МАН-ын бага хурлыг иргэд сүрхий анзаарах юм шиг байна. Хүмүүс тус намын хэдэн том дарга дээр л анхаарлаа хандуулаад байгаа. Үнэндээ болж өнгөрсөн хэрүүлүүд том намаар нь харвал жижигхэн юм. Энэ жижигхэн хэрүүлд эцсийн цэгийг МАН-ын бага хурлын төлөөлөгч 331 хүн л тавчихна. Тэд бас гүйцэтгэх Засаглалын тэргүүнд хэний нэрийг дэвшүүлэх, Монголын хувь заяаны цулбуурыг хэнд атгуулахыг шийдэх болно. Үүгээрээ тус намын бага хурлын 331 төлөөлөгч их үнэ цэнтэй. Өнөөдөр МАН дотроо хоёр хуваагдаж, эвлэршгүй дайснууд болсон мэт харагдаж байгаа. Хэрэг дээрээ бол худлаа, тийм биш. Монгол Улсыг 20 дугаар зуунд бүтээсэн, 100 жилийн түүхтэй энэ нам хэдхэн сарын хэрүүлээр сөнөнө гэж юу байх вэ. Хагарч бутраад, дуусч байгаа юм шиг харагдуулахыг зорьсон тодорхой хүмүүс, бүлэглэл байхыг үгүйсгэхгүй. Аль ч намд, ямар ч цаг үед хэдэн “том гар” хэлбэр төдий хэрүүл хийж, хэвлэл мэдээллийг ашиглаж л байдаг. Ялангуяа сонгууль бүрийн дараа. Түүн шиг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас жаахан газар авсан хэрүүл боллоо. Ордон дотор суудаг хэдэн хүний шөргөөцөлдөөнийг намын бага хурлын төлөөлөгч 331 хүн тас цохиод л шийдвэрээ гаргана. Басчиг МАН бол дотроо асуудлаа ярьдаг, эрүүл саруул сэтгэлгээтэй гишүүдтэй болчихсон, ядаж л АН-ыг бодвол дүрмийн хүрээндээ жайжигнадаг хүмүүс. Бага хурлын төлөөлөгчдийн хувьд үүсээд байгаа асуудлыг шийдэх эрх мэдэл нь 100 хувь бий. Тэгээд ч “том ах” нар чинь ойрын өдрүүдэд, орой үдшийн цагаар сэм уулзаад, сайдаж муудаад, 100 грамм татаад, хойдох урдахаа яриад өчнөөн юм болсон байлгүй.

Яаж ч бодсон бүтэн 25 жил улс төрийн тогоонд сайн муугаа дуудалцаж өнөөдрийг хүрсэн хүмүүс хоёр тийш харж, хонь чоно болохгүй. Улс төрийн орчны хамгийн том сорилт, гишүүний яс чанарын хамгийн том шалгуур болсон нам сонгуульд ялж, ялагдахын зовлон бэрхшээлийг МАН-ын томчууд бишгүй дээ үзэж туулсан. Хоёр сарын хэрүүл хоёр сар дотроо багтаад төгсөнө. Төгсөхгүй бол сөнөнө. Тийм учраас төгсгөлийг нь энэ удаад намын бага хурлын 331 төлөөлөгч нь шийднэ. Ердөө л энэ. Гэхдээ МАН-ын хувьд энэ цаг дор гарцаа байхгүй удирдан чиглүүлэх хүнээ сонгох хэрэгтэй болжээ. Намдаа хүлээн зөвшөөрөгдсөн, төрийн ажилд цагааширч, хор нь гарсан хүн байх нь мэдээж биз. “Тэр хэн байхыг тэнгэр мэднэ” гээд дээшээ харах бага хурлын төлөөлөгч нэг ч байхгүй нь тодорхой. Учир нь МАН-ын бага хурлын гишүүдийн үзэл бодол нь 100 жилийн замналтай намынхаа төлөвшлийг заавал дагаж байдгаараа АН-аас ялгардаг. Энэ удаагийн намын бага хурал нь урьдынхаас огт өөр, улс төрийн шинэ нөхцөл байдал дунд шийдвэр гаргах болж байна. Хэзээ байсан түүхэндээ МАН өөрсдийн байгуулсан Засгийн газраа өөрсдийн гараар унагачихаад, дахин эмхлэн байгуулахаар Бага хурлаа хийж байлаа даа. Ийм л ээдрээ, гогцоотой цаг үед энэ намын Бага хурлын 331 төлөөлөгчийн зүгээс хэр зэрэг хүлээцтэй, тэвчээртэй, ажил амьдралын туршлагатай, намдаа түшигтэй хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг нь харж дээ. Энэ намд уг нь улс төрийн зуд турхан, зуншлага ногоог хангалттай үзэж туулсан ноён нуруунууд бий л дээ.

П.ХАШЧУЛУУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *