Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг сумын төвөөс хойд зүгт 23 км-т орших Хар үзүүр хэмээх газарт газар наймдугаар сарын 1-ний 17:00-18:00 цагийн хооронд аадар бороо оржээ. Аадрын улмаас малчин Б-ийн 80 орчим бог мал үерийн усанд өртөж хорогдсон тухай мэдээллийг наймдугаар сарын 4-ний 22:21 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Урьдчилсан байдлаар үерт тус сумын харьяат малчин Б-ийн 80 орчим бог мал өртөж хорогдсон бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг наймдугаар сарын 5-ны өдөр очиж нөхцөл байдалтай танилцаж, хорогдсон малын сэг, зэмийг устгах ажлыг зохион байгуулах тухай мэдээллийг Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.