Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Өвлийн өвгөнтэй шинэ жилийн үдэш

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар жил бүрийн шинэ жилээр өвлийн өвгөнд хувирч, олон зуун багачууд, албан байгууллагын шинэ жилийн үдэшлэг, цэнгүүнд баяр хөөр нэмсээр гуч гаруй жилийн нүүрийг үзэж буй. Өвлийн өвгөний нэг өдөр хэрхэн өнгөрдгийг “Танай өнжье” булангаараа сонирхуулахаар түүнтэй хамт шинэ жилд явлаа.

Товлосон газартаа уулзацгаалаа. “Бөмбөгөр”-ийн ард байрлах “Хархорум” гэх үйлчилгээний төвийн хоёрдугаар давхарт байрлах ресторанд нэгэн байгууллага шинэ жилээ тэмдэглэж байлаа. Уг баярт Н.Нэргүйбаатар гуай өвлийн өвгөн болж оролцоно. Н.Нэргүйбаатар гуайгаас “Ямар байгууллагын шинэ жил юм бол” гэж асуувал “Ах нь мэддэггүй шүү дээ. Олон байгууллага, хамт олны шинэ жилд уригддаг болохоор нэр усыг нь ер цээжилдэггүй юм. Тэнд төдөн цагаас ирээрэй гэж манай менежер залуу хэлнэ. Тэнд нь очиж өвгөн болчихоод л дараагийн газар руугаа явчихдаг юм” гэлээ.

Энэ удаад тэрээр Монголын дугуйн спортын холбооны шинэ жилд өвлийн өвгөнөөр уригджээ. Үйлчилгээний төвийн тавдугаар давхарт шинэ жилд оролцох хамтлаг, дуучид, хөтлөгч нарт гаргаж өгсөн өрөө байна.

Хөтлөгч залуу орж ирээд “Өвлийн өвөө, би тан руу залгаад хувцсаа өмсөөрэй гэж хэлнэ. Тэгээд дуудна шүү” гэчихээд гараад явчихав. Н.Нэргүйбаатар гуай “Зарим байгууллагын шинэ жилийн номер нь ихдээд би дундуур нь гялс орчих санаатай хүлээнэ ээ. Хааяа ч гайгүй байдаг юм” гэлээ.

Н.Нэргүйбаатар гуай олон цасан охидтой байжээ. Энэ жилээс “Peace dance” студийн бүжигчид цасан охинд нь болсон байна. Тэрээр “Би олон цасан охин сольсоон. Харин сүүлийн хэдэн өдөр энэ хэдэн охидтойгоо тууштай явж байна шүү. Цэцэрлэг дээр бол жаахан жаахан юмнууд цасан охид болно. Бүжиглээд байгаа нь мэдэгдэхгүй, шуураад байгаа нь мэдэгдэхгүй, эгдүүтэй гэж. Шуурга шуурлаа шүү гэхээр эргэж байгаа бололтой л байдаг юм. Дуурийн театрын хэдэн охид байна. Харин одоо эд маань орчин үеийн цасан охин юм даг уу даа” хэмээн инээв. Н.Нэргүйбаатар гуай номер болох хүртэл сонин хачин, хуучны сонирхолтой явдлуудаасаа ярьж өгье гэлээ. Цасан охид өвлийн өвгөний яриаг шимтэн сонсохоор ойртон сууна.

Гавьяат жүжигчин маань гуч орчим настайгаасаа л өвлийн өвгөний дүрд хувилсаар иржээ. “Шинэ жил” гэж Монголын анхны шинэ жилийн баярын тухай кино бий. Тэр үеэс л манайхан Оросын Дед мороз буюу өвлийн өвгөний тухай төсөөлөлтэй болж, Монголд шинэ жилийн баяр гэх тэмдэглэлт өдрүүд бий болсон гэж үздэг аж. Дед мороз бол тундра, цас мөсний орноос ойн ан амьтан, цас мөс дагуулсаар хүүхэд багачууд дээр ирдэг хийсвэр дүр. Н.Нэргүйбаатар гуайгаас “Та ямар ан амьтад дагуулж ирдэг вэ” гэвэл “Амьтан дагуулахаа больсон. Амьтад нь алга болчихсон. Хүмүүс ан амьтнаа хайрлахгүй, алж хядсаар байгаад дуусгачихсан юм уу, хаашаа юм” гэж хошигноно.

Шинэ жилийн баяраар хоёр он солигдох торгон мөчид өвлийн өвгөн ирж, хоёр оныг солилцуулж, сүлд модны наадамд нь баяр жаргал бэлгэдэж, ерөөл дэвшүүлнэ. Ингэж л шинэ жилийн баяр жинхэнэ утгаараа өрнөнө. Гэтэл өвлийн өвгөнгүй шинэ жил нэг л гундуу байдаг. Хэдэн хүн хурал хийж байгаа юм шиг үг хэлээд л бэлэг гардуулж алга ташна. Тэгээд ширээнийхээ ард сууцгааж уувал ууж, идчихээд яваад өгнө. Тэр чинь шинэ жил мөн үү. Ерөөсөө л ийм том ялгаа байдаг юм гэж өвлийн өвгөн Н.Нэргүйбаатар гуай ярилаа.

Цасан охид хувцсаа солихоор өөр өрөө рүү явчихлаа. Баярт дуугаа өргөхөөр ирсэн хамтлагийн залуус гадуур хувцсаа тайлчихаад шинэ жил рүү явчихав.

Н.Нэргүйбаатар гуай том гэгчийн улаан цүнхээ онгойлгоод өвлийн өвгөний малгай, дээл, нөмрөг, сахал зэргээ гаргаж ирлээ. Бас монгол гутал. Бүгдийг нь дэлгэж тавиад нямбайлан зэхнэ.

Гавьяат маань “Өвлийн өвгөнгүй шинэ жилийн баяраар даргын үзэмжээр хэдэн хүнийг шагнана. Зарим нь намайг шагнах болов уу гэж горьдоно. Гэтэл өвлийн өвгөн шинэ жилд нь орж ирж байна гэдэг шагнуулсан болон шагнуулаагүй бүх хүнд том шагнал, урам болдог. Өвлийн өвгөнийг хараад том хүмүүс хүүхэд шиг баярладаг юм. Бүгд өвлийн өвгөнтэй хамт зураг авахуулах гээд л. Тийм сайхан байдаг юм” хэмээн өвлийн өвгөнтэй шинэ жил тэмдэглэхийн сайхныг ярив. “Хэдэн дуучин ирж дуулж болно. Ямар ч баяраар дуулж л байдаг. Харин өвлийн өвгөн ганцхан шинэ жилээр л орж ирдэг. Түүгээрээ л өвлийн өвгөний утга учир аугаа их” гэлээ. Өвлийн өвгөн цэнхэр нөмрөгөө намируулаад шинэ жилийн баяр болж байгаа танхимд орж ирэхэд хүн бүрийн баярын нүд гялалзаад, өвлийн өвгөнөөс бэлэг авах эсэх нь ч хамаагүй бүгд “Өвөө, өвөө” хэмээн угтана. Энэ мөч л өвлийн өвгөн болохын хамгийн сайхан хэсэг нь гэнэ.

Шинэ жилийн баярт өвлийн өвгөн буцах нь бяцхан гуниг төрүүлдэг. Харин Н.Нэргүйбаатар “Өвлийн өвгөн буцахдаа хуран цугласан хүмүүсийг гуниглуулж буцаж байгаа бол муу өвгөний шинж” гэв.

Өвлийн өвгөн “Дахиад олон хүүхдэд бэлэг гардуулна, очих газар олон, олон хүүхэд хүлээж байгаа, за миний хүүхдүүд наадам цэнгэлээ үргэлжлүүлээрэй, энэ л торгон мөчид наргиж, цэнгэж дуу хуураа өргөж, бүжиг наадмаа хийгээрэй” гэж их аятайхан хэлж уур амьсгалыг нь унагаахгүйгээр, сэтгэлийг нь өргөчихөөд явах ёстой гэнэ. Хүн үгээр урамшиж, үгээр амьдардгийн нэгэн том жишээ нь энэ гэлээ.

Дөчөөд жил кинонд дуу оруулчихсан болохоор Н.Нэргүйбаатар гуайн дуу хоолой ард түмний чихэнд хоногшсон билээ. Байгууллагуудын шинэ жил дээр очоод “Сайн байцгаана уу, миний хүүхдүүд” гээд л мэндлэнгүүт бүгд түүнийг таниад алган ташин баярлаж, хөөр баяр болдог гэнэ. Н.Нэргүйбаатар гуай сарлагийн савгаар хийсэн сахал, хөмсөг зэргээ гаргаж ирээд янзаллаа. Тэрээр гэрийн бүрээсээр хийсэн дээлтэй олон жил явсан гэнэ. Өнөөх нь ихэд муудаж, хуучрахаар нь Гантулга гэдэг шавь нь багшдаа одоо өмсч байгаа энэ дээлийг нь оёулж өгчээ. Тэрээр дээл, малгайгаа янзлах зуураа “Хүмүүсийн баяр дээр баяр нэмэх гэж л ах нь ингэж явдаг юм даа” хэмээнэ. Түүнийг ийн ярих зуур өрөөнд шинэ жилийн баяраасаа хоцорсон нөхөд орж ирж хувцсаа солив. Хувцсаа солих зуураа Н.Нэргүйбаатар гуайн яриаг сонирхон чихээ тавьж, ярьсан зүйлд нь дагаж инээнэ. Баяртаа нэлээд түрүүлж ирээд сэтгэл нь хөдлөөд хэд гурван хундага архи тогтоосон залуус орж ирээд “Өвөө биднийгээ уучлаарай”, “Өвөө бэлгээ авъя”, “Чанга, чанга ярьж анхаарлыг тань сарниулсан бол өвөө минь уучлаарай” гэв. Н.Нэргүйбаатар гуай өвлийн өвгөний хувцсаа өмсчихлөө. Харин сахлаа байзнаж байгаад зүүнэ гэв. Сахал зүүгээд удаан суухаар түвэгтэй, их ядардаг гэнэ. Нэг өдөр гурав, дөрвөн шинэ жилд оролцчихоор орой нь маш их ядарчихсан байдаг гэсэн. “Арванхоёрдугаар сар гараад л цагаан дээл, шар бүс, цэнхэр нөмрөг, том малгай чирч аваад л явж өгнө дөө” хэмээн хуучлав. Н.Нэргүйбаатар гуайг жил бүр урьдаг байгууллагууд байдаг гэнэ. Өмнөх жилүүдийг бодвол энэ шинэ жилээр өвлийн өвгөний захиалга харьцангуй бага байгаа аж.

Хамт олон байгууллагаараа захиалга өгөхөөс гадна хувь хүмүүс гэр орондоо өвлийн өвгөн урьж, үр хүүхэд, ач зээ нартаа бэлэг барих дуртай гэнэ.

Цэцэрлэгүүдээр их явна. Хэдхэн хоногийн өмнө “Титэм” хотхоны цэцэрлэгт ой дөнгөж өнгөрч байгаа хүүхдүүдтэй ангид уригджээ. Цагаан, үс сахалтай, цагаан дээлтэй өвгөнийг орж ирэнгүүт өнөө яслийн хүүхдүүд гайхаж, өвөр дээрээ суулгаад зураг авахуулах гэтэл бүгд уйлаад бөөн уйлаан болжээ. “Юун хүүхдүүдийг баярлуулах, жинхэнэ баларч байгаа юм чинь” гэж хөглөснөө ярилаа.

Радиогийн нэвтрүүлэгч Ганбаатар нэг удаа гэртээ урьжээ. Өвлийн өвгөний хувцсаа орцонд нь өмсчихөөд гэрт нь ороод л “Цасан цагаан орны…” гээд л нэг их сүрхий бэлэг гардуулах санаатай шүлэглээд эхэлж. Тэгтэл дэгдийтэл зогсч байсан гурав дөрвөн жаалхан амьтны хамгийн отгон, ой гарантай нь юун бэлэг сэлт авах ухаан жолоогүй өрөө рүүгээ зугтаад орчихжээ.

Хүүхдүүд тэр дундаа гурав, дөрвөн настай хүүхдүүд өвлийн өвгөнийг байдаг гэдэгт хамгийн их итгэдэг юм байна. Тийм ч болохоор тэр үү төдий насны хүүхдүүд дээр өвлийн өвгөн болоод очихоор чин сэтгэлээсээ хүлээж авдаг юм байна. Өвөр дээр нь суугаад, ер салахгүй. Өвлийн өвгөнийг жинхэнэ гээд итгэчихсэн багачууд өвлийн өвгөнд үнсүүлэх биш өөрсдөө үнсэх гэж дайрна. Жаалууд өвөр дээрээс нь буухгүй, бүр бэлэгний чихэрнээсээ илүүчилнэ. За өвөө нь ингээд буцъя даа гэхээр бүгд дагаж уйлна. Н.Нэргүйбаатар гуай “Өвлийн өвгөн болно гэдэг чинь ийм л сонин ажил юм даа. Би үүнийг тоглоом наадам гэж боддоггүй. Хүмүүсийг баярлуулдаг буянтай хамгийн том ажлын нэг юм байгаа юм” гэнэ.

Айлуудаар уригдаж шинэ жилийн баяр дээр баяр нэмээд явж байхад ная, ерэн настай буурайнууд тааралддаг аж. “Миний хүү өвлийн өвгөн ааваасаа ирж бэлгээ ав” гэхээр өнөө настай хүмүүс “Хүүе яадаг билээ” гэж хүүхэд шиг баярлаад л гялс ирж бэлгээ авч, үнсүүлдэг гэнэ.

Өвлийн өвгөн гэдэг чинь мөнхийн өвгөн. Тийм болохоор нялх балчраас эхлүүлээд ная, ер гарсан ахмадууд хүртэл хүндэлж, бэлэг горьддог юм шүү дээ гэв. Айлд очоод хүүхдүүдэд нь бэлэг гардуулчихаад шууд гарна. Тэгэхгүй бол хоол унд, архи дарс болно. Хүүхдүүд нь жинхэнээсээ гэрт нь өвлийн өвгөн ирчихлээ гэж итгэж байхад нь сахлаа духдуулчихаад л бууз үмхэлж суугаа харагдвал ямар байх вэ. Тэгээд дээр нь дарс залгилж харагдвал тэрэн шиг муухай юм үгүй учир өвлийн өвгөн болсон үедээ ганц хундагыг ч болтугай тогтоохоос зайлсхийдэг болжээ. Яагаад гэвэл өвлийн өвгөн гэдэг бол хүн бүрийн хувьд хүүхэд байхаасаа тэсэн ядан хүлээдэг ганц хүн нь шүү дээ. Тэгэхээр хүүхэд, том хүн гэлтгүй бүгдэд өвлийн өвгөн муухай харагдаж болохгүй гэдэг дээр Н.Нэргүйбаатар гуай хатуу байр суурьтай нэгэн аж. Өвлийн өвгөний нэрийг муу юмтай ерөөсөө холбож болохгүй шүү гэж хожим хойчийнхоо өвгөдөд захия гэлээ. Түүнтэй ийн ярилцаж суутал цасан охид бүжихэд бэлэн болчихсон орж ирэв. Доор хоёрдугаар давхарт шинэ жил ид дундаа орж байгаа бололтой дуу хөгжим цангинана. Бөмбөрийн нүргээнт дуу сонстоно. Өвийн өвгөн, цасан охид хэдийнэ бэлэн болчихсон. Хөтлөгчийг гар утсаар ярьж дохио өгөхийг хүлээнэ. Цасан охид ерөнхийдөө чөлөөт хэв маягийн бүжиг бүжиглэдэг гэнэ. Толины өмнө зогсч бүжгийн хөдөлгөөнөө давтана. “Мундаг жүжигчний хамт шинэ жилд оролцож байгаадаа баярладаг” гэж байлаа. Тэд “Бид хуучны цэмбийсэн цасан охидоос хувцаслалт, бүжгийн хөдөлгөөнөөрөө арай өөр л дөө. Арай шоу тал руугаа. Биднийг залуус, залуу үеийнхэн их таатай хүлээж авдаг” гэж өөрсдийгөө тодорхойлов.

Н.Нэргүйбаатар гуай сахлаа зүүгээд өрвийж сөрвийсөн хэсгүүдийг нь хоёр талдаа наалттай туузаар наалаа. Хөмсгөө ч наав. Хөмсөгнийхөө сүүл хэсгийг малгайндаа тогтоох аж. Дөрвөлжин жижиг толиндоо нүүр хөмсөг, сахал, малгайгаа тольдож засч янзална.

Нэгэн хэсэг манайхан шинэ жилийн баяр гэхээр учиргүй л архи дарс эргүүлж яагаа ч үгүй байхад халамцдаг байв. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал бага багаар үгүй болсоор байгаа нь өвлийн өвгөнд мэдрэгдэх болсныг сонирхуулав. Саяхан нэлээд хэдэн байгууллагын шинэ жилд очиход арга хэмжээ нь дундаа орчихоод байхад ирсэн зочид нь ширээн дээрх сархдаа дуусгаагүй, зарим нь хундагандаа уруулаа хүргээгүй юм болов уу гэмээр эрүүл саруул харагдаж. Ширээн дээрх шар айрагнаас жаахан амссан болоод л сууж байгаа нь харагдсан гэнэ.

Хөтлөгч залуу утасдаж байна. Нэг номерийн дараа өвлийн өвгөн орж ирээрэй. Гурван давхрын шатан дээр цасан охидтойгоо байж бай гэлээ. Ингээд бүгд өрөөнөөс гарч зогсч бай гэсэн газарт нь очлоо. Тэгтэл хөтлөгч зарлаж байна, өвлийн өвгөнөө урьж байна гээд. Н.Нэргүйбаатар гуай гараа далласаар цасан охидоо дагуулаад ороод явчихлаа. Хүн бүр алга ташин, “Өвлийн өвөө” гэж хашгирч, баярлацгааж байгаа нь илт. Бүгд босч алга ташин өвгөнөө хүлээж авлаа.

Өвлийн өвгөн

… Цасан цагаан орны

Мөсөн туйлын өвгөн би

Цасан охиноо дагуулсаар

Цайдам хөндийн холыг туулж

Цастай өвлийн жаврыг сөрсөөр

Мөнх жаргал дэлгэрсэн

Монгол оронд ирлээ

Өвгөн буурал аав нь

Өдөр хоногийг товлосоор

Хүүхдүүд та нартайгаа уулзах

Хүсэлт өдрийг хүлээсээр

Цасан охиноо дагуулсаар

Цан хүүргээ савсуулсаар

Хоёр оны босгон дээр

Холын тэртээгээс ирлээ хэмээн мэндчилж улиран одож буй ондоо тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдад гарын бэлэг гардуулав. Цасан охид шинэ жилийн дууны попури аянд бүжлээ. Н.Нэргүйбаатар гуайн дуу хоолойг бүгд таньж, түүний ялимгүй хошигносон ярианд бүгд хөгжилдөн инээх аж. Ингээд өвлийн өвөө дараа дараагийн олон газраар орно, олон хүүхэд багачуулд бэлэг өгнө, наадам цэнгээнээ үргэлжлүүлээрэй гээд бүгдэд эрүүл энхийг хүсээд шинэ жилээс гарч ирлээ. Түүнийг гаран гартал бүгд алга ташин баярлацгаав.

Нэг байгууллагын шинэ жилд өвлийн өвгөн болж арван минут хэртэй саатахын тулд бараг гурав дөрвөн цагийн өмнөөс ийн бэлдэж, явдал суудал болдог юм байна. Хүнийг хэдхэн хором баярлуулахын тулд яасан их цаг зав, хөдөлмөр зарцуулдаг юм бэ гэсэн бодол төрж байлаа. Тэрээр өрөөндөө орж ирээд өвлийн өвгөний хувцсаа тайлаад цүнхлэв. Нүүрнийх нь хөлс бурзайж, шанааг нь дагаад урсчээ. Алчуур гаргаж ирж арчина.

Ингэж олны үр хүүхэд, түмэн хүнийг баярлуулж явдаг мөртлөө өөрийнхөө үр, хүүхдэд өвлийн өвгөний дүрээр бэлэг гардуулна гэдэг тун ховор гэнэ. Зээ нартаа нэг удаа бэлэг өгөх гэж баахан л юм болж. Шинэ жил гарахаас өмнө бэлэг өгчихье гэж их л хичээсэн ч замын хөдөлгөөний түгжээнд гацаад арайчүү 31-нд он солигдохоос өмнө гэртээ орж байжээ. Харин зээ нараа цэцэрлэгт байхад нь өвлийн өвөөгийн үүргийг нь нэр төртэй биелүүлдэг байсан гэдэг шүү.

Н.Нэргүйбаатар гуай хүүхэд ахуйнхаа нэгэн шинэ жилээр болсон явдлыг дурслаа. Тэр үед өвлийн өвгөн болж байгаа хүнд одооных шиг жинхэнэ гэмээр сахал, үс байдаггүй байж. Сахал, дээлний хормой зэргээ хөвөнгөөр л аргална. Сургуулийнх нь зааланд өвлийн өвгөн цасан охидтойгоо ороод ирэв гэнэ. Хүүхдүүд баярлаад л. Цасан охид нь бенгалийн гал барьчихсан. Өвгөн “Амар сайн уу” гээд л спортын заалыг нар зөв тойроод явж байв. Тэгтэл өнөө бенгалын гал нь өвлийн өвгөний хормойнд наасан хөвөнтэй авалцаад тэр хавиар л нэл утаа хиншүү гарчээ. Өвлийн өвгөний хормойноос гал дүрэлзээд, өвгөн хурдалж давхиад. Хүүхдүүд барьж авах гэсэн ч гүйцдэггүй гэнэ. Арай гэж дарж авч галыг нь унтраасан аж. Тэгтэл өвлийн өвгөний нэг гуя нь түлэгдчихсэн байж.

Н.Нэргүйбаатар гуай “Надад бас нэг иймэрхүү юм тохиолдож билээ. Шарын голд шинэ жилд оролцоод явж байлаа. Тэгтэл арай л урт нөмрөг таарчихсан юм. Цасан охид миний хойно явж байгаад нөмрөг дээр гишгээд би золтой л савж унасангүй. Хүмүүс сандраад л хөгтэй юм болж билээ” гэлээ. Өвлийн өвгөн болж байгаа хүмүүс хувцас хунартаа сайн анхаарч, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг туршлагатай өвлийн өвгөний хувьд зөвлөж байлаа.

Н.Нэргүйбаатар гуайд хөдөө орон нутгаас утасдаж өвлийн өвгөн болох урилга ирүүлнэ. Эрдэнэт, Дархан гээд л аймаг, хотуудаас захиалга ирдэг юм байна. Хөдөө орон нутаг руу явахаар бол гурав, дөрөв хоногийн өмнөөс бэлдэж цаг нараа тохируулдаг гэсэн.

Ийн Н.Нэргүйбаатар гуай Монголын дугуйн спортын холбооны шинэ жилд өвлийн өвгөн нь болчихоод хамаг зүйлсээ цүнхлээд гарлаа. Тэрээр “Би энэ улаан цүнхэндээ өвлийн өвгөний дээл, малгайгаа цүнхлээд хичнээн ч жил алхаж байна гэж бодно. Яах вэ, амьтан хүн баярлуулж явбал боллоо шүү” гэнэ. Зарим захиалга ихтэй үед олон байгууллагын шинэ жилд оролцчихоод гараад ирэхээр авто унаа зогсчихсон байх нь бий. Уг нь хүссэн хүн бүрийн баярт очиж өвлийн өвгөний бэлэг гардуулмаар л байдаг юм. Даанч хотын замын түгжрэл шинэ жилээр оргилдоо хүрдэг болохоор сүүлийн жилүүдэд өдөрт гурваас илүү шинэ жилд оролцохоо байсан гэсээр өвлийн өвгөн Н.Нэргүйбаатар гуай хөлсний тэрэгт суугаад гэр рүүгээ одсон юм.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *