Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өвгөн нам “дотоож”-оо солих осолтой гэж үзэв

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай шуугиан нийгмийг донсолгож байна. Хүчингийн хэрэгт холбогдсон түүнийг сошиал сүлжээгээр элдвээр хочилж байгаа. Монголчуудын дунд хэдийнээ “Гандааш” гэж цоллуулах болсон Д.Гантулга гишүүний тохогдсон асуудлыг бид эерүүгээр “дотоожны хэрэг” гэе. Зуун жилийн настай өвгөн нам олны өмнө “дотоож”-оо солих осолтой гэж үзэв бололтой. Өвгөн нам байтугай өтөл настай хүн дотоожоо сольсон ч цаанаас нь юу гялалзах билээ, хэн мэдхэв.

Монгол ардын нам Д.Гантулгыгаа солихгүй гүрийсээр байгаад өнгөрөх өнгөндөө орлоо. Энэ асуудал 2020 оны сонгуулийн үеэр тэдэнд хасах оноо авчрах нь ойлгомжтой. Сонгуулийн кампанит ажлын үеэр өрсөлдөгч намууд хар пиар цацаж, нийгэмд ч нэлээд хэл ам дэгдэнэ байх. Гэхдээ Д.Гантулга гишүүнийг татаад нөхөн сонгууль явуулах нь бүр ч эрсдэлтэй гэж МАН харсан бололтой. Хэрэв нөхөн сонгууль боллоо гэхэд Хэнтий аймгийн тойрогт үсэргэнэ. Энд МАХН-ын дарга Н.Энхбаярыг дийлэх хүн байтугай чөтгөр ч одоохондоо алга. Яагаад гэвэл Хэнтий аймаг Н.Энхбаярын ээжийнх нь нутаг. Тиймээс хэнтийчүүд нутгийн хүүгээ уухайлан дэмжих нь гарцаагүй. Естой л нэг гар дамжуулан бөмбөрүүлнэ дээ. Нөхөн сонгууль зарлагдаад Н.Энхбаяр нэр дэвшлээ гэж бодоход Хэнтийн ард түмэн “Нутгийн хүү минь шоронд сууж хэлмэгдсэн юм байгаа. Шинэ Үндсэн хууль батлуулах гэж зүтгэж яваа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж, газрын доорх баялгийг бидэнд авч өгөх хүн юм шүү дээ” гээд л сүйд болцгооно. Ингээд Н.Энхбаяр үнэмлэхгүй ялалтаар УИХ-д ороод ирнэ. Үүний горыг эрх баригчид л амсана. Өвгөн нам “дотоож”-оо сольж маягласан биш парламентад дийлдэхгүй дайсантай учирна.

Одоогийн сөрөг хүчний мангуунуудын дэргэд парламентад сөрөг хүчин яаж ажилладгийг бие, хэл, үйлдэл, ухаанаараа үзүүлсэн шиг үзүүлэх хүн бол Н.Энхбаяр. Тэрбээр энэ Их хурлын бүрэн эрхт хугацааны үлдэж байгаа хоёр жилд өвгөн намыг хагалгаад зогсохгүй гишүүдийнх нь тэн хагасыг өөртөө элсүүлчихсэн байж ч мэднэ. Гэтэл өнөөдрийн сөрөг хүчин ч дээ, чааваас. Намынх нь гишүүдийг хоморголон баривчилж, улс төрийн ял тулгаж байхад “Хаваржилт ямар байна” гээд асуугаад сууж байх юм. Ийм хүмүүсийг мангуунууд гэхээс ч яахав дээ. Үнэндээ хаваржилтын нөхцөл байдлыг ажаад суух нь сөрөг хүчний хийдэг ажил биш. Тэд ингэж дэмий зуйрганаж байхын оронд эрх баригчдад ташуур өгөөд, ард түмний индэр болсон сөрөг хүчнийхээ дуу хоолойг цуурайтуулж баймаар юм. Харин Н.Энхбаяр гараад ирвэл МАН-ыг нэг өдөр, минут ч зүгээр суулгахгүй. Ийм дайсантай байснаас “дотоож”-тойгоо үлдсэн нь дээр гэж өвгөн нам үзэв бололтой.

А.ЗОЛБОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *