Categories
мэдээ цаг-үе

​Өвчиндөө шаналаад хэвтэж буй бөхөнгийн эврийг хуга татаж аваад явсан байжээ

-ХУУЛЬ БУСААР БӨХӨНГИЙН ЭВЭР ТҮҮГЧДЭЭС БОЛЖ МЯЛЗАН ӨВЧИН МАЛД ХАЛДВАРЛАХ АЮУЛ НҮҮРЛЭЭД БАЙНА-

Дэлхийд нэн ховорт ордог монгол бөхөнгийн сүрэг өнгөрсөн сараас эхлэн халдварт өвчний улмаас үхэж, үрэгдэх болсон. Үхсэн монгол бөхөнгийн сэг, зэмээс Мэргэжлийн хяналтын газрынхан дээж аван Улсын төв лабораторид шинжлүүлэхэд бог малын мялзан өвчний вирус илэрсэн билээ. Ховд, Говь-Алтай аймгийн есөн сумын нутагт нийт 1000 гаруй бөхөн мялзан өвчний улмаас үхээд байгааг холбогдох газрынхан мэдэгдээд байна. Говь-Алтай, Ховд онцгой комиссын алба хаагчид монгол бөхөнгийн сэг зэмийг устгаж ариутгах, бөхөнгийн тархалт нутгуудыг тогтоон хяналт хийх зэргээр ажиллаж байгаа аж. Харин халдварт мялзан өвчнөөр үхэж үрэгдээд байгаа бөхөнгийн эврийг хулгайлах болсон гэдгийг цагдаагийн албан хаагчид онцолж байв.
Гоц халдварт мялзан өвчнөөр үхэж үрэгдээд байгаа бөхөнгийн эврийг хууль бусаар авч, ченжүүдэд өндөр үнээр худалдаалдаг сүлжээ бий болоод байгаа гэнэ. Энэ нь бусад аймгийн малд мялзан өвчин тараах эрсдэл бий болоод байгааг Говь-Алтай, Ховд аймгийн мэргэжлийн хяналтын хэлтсээс анхааруулж байна. Хууль бусаар бөхөнгийн эвэр авч байгаа талаар Ховд аймгийн иргэн С.Батдоржтой холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн үед бөхөн халдварт мялзан өвчнөөр өвчилж, хэдэн зуугаараа үхэж байгаа. Говь-Алтай аймгийн Шаргын говьд монгол бөхөнгийн цөм сүрэг байгаа биз дээ?
-Ховд аймагт 560 гаруй бөхөн хорогдоод байгаа. Эдгээр үхсэн бөхөнгийн сэг зэмийг цуглуулж хэсэг хэсгээр нь овоолоод байна. Одоогоор Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт монгол бөхөнгийн цөм сүрэг байгаа. Гэтэл цөм сүрэг байгаа газраас холгүйхэн буюу нэг давааны цаана мялзан өвчнөөр бөхөн үхэж байна. Хэрэв өвчин цаашаа тархах юм бол монгол бөхөн тэр чигтээ устаж үгүй болох аюул нүүрлээд байна. Нутгийн иргэд онцгой комиссын алба хаагчид өвчтэй бөхөн, хар сүүлтийг цөм сүрэг байгаа газарт ойртлуулахгүй байх арга хэмжээг авч байгаа.
-Мялзан өвчнөөр үхсэн бөхөнгийн эврийг нутгийн иргэд болон амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс хууль бусаар авсан гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөх боломж байна уу?
-Хамгийн санаа зовоосон асуудал болоод байна. Манай Ховд аймгийн нутагт гэхэд үхсэн бөхөнгийн сэг зэмийг овоолж орхиод байгаа. Нүх ухаж ариутгал халдваргүйтэл хийх гэхээр улсаас ирэх санхүүжилтийн мөнгө ороогүй байна. Тэгээд сэг зэмийг хэд хэдэн газар овоолоод орхисон. Гэтэл бөхөнгийн эвэр хууль бусаар худалдаж авдаг. Хилээр гаргаж борлуулдаг ченжүүд гараад ирсэн. Ченжүүдэд нутгийн иргэд болон амар хялбар аргаар мөнгө олох сонирхолтой хүмүүс өвчтэй бөхөнгийн эвэр аваачиж өгөөд байна. Бүр сэг зэм байгаа газарт очоод бүх эврийг нь мулталж аваад явчихсан байна лээ. Мөн үхлээ хүлээгээд өвчиндөө шаналаад хэвтэж байгаа бөхөнгийн эврийг хуга татаж аваад явсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн. Үүнээс болоод хүмүүсийн гутал, хувцаст нян тээгдэж ирээд малд халдварлах боломж бүрдээд байна. Мялзан өвчин нь цусаар дамжиж халдварладаг бөгөөд үхсэн бөхөнгийн эвэр огтолж авснаар тухайн хүн амь насаа алдах эрсдэлтэй. Үүнээс болоод өөр аймаг сумын нутагт мялзан өвчний халдвар тээгдэж очоод малд халдвар тараах эрсдэл бий болоод байна гэв.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 78 ШИРХЭГ БӨХӨНГИЙН ЭВЭР АВЧ ЯВААД БАРИГДЖЭЭ
Бөхөнгийн эвэр хууль бусаар олж авсан, худалдан борлуулсан хэргийг албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй Э нь бөхөнгийн 78 ширхэг эврийг бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэн яваад баригдсан байна. Хэргийг Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн албаныхан илрүүлэн шалгаж байгаа гэнэ. Мөн Ховд аймагт бөхөнгийн эвэр ченжүүдэд худалдаалахаар авч явсан хоёр ч хэрэг шалгагдаж байгаа аж.
БӨХӨНГИЙН ЭВЭРТ МЯЛЗАН ТӨСТ ӨВЧНИЙ НЯН ХАЛДСАН БАЙДАГ ГЭВ
Улмаар Ховд аймгийн бог малуудыг вакцинжуулсан байдаг. Гэтэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр энэ өвчин салаа туурайтан нэн ховор бөхөн гэх амьтанд халдаж эхэлжээ. Учир нь мялзан төст өвчний вирусийн тархалт өвөл их байдаг гэнэ. Халдвар авсан тохиолдолд богино хугацаанд амьсгаадан чацга алдан үхдэг байна. Тиймээс мялзан төст өвчнийг дэлхийн гоц халдварт өвчинд тооцдог аж. Тус халдварыг зөвхөн вакцин хийж зогсоодог юм байна. Одоогоос жил гаруйн өмнө Казахстан улсад соргог бөхөнг мялзан өвчнөөр өвчлөхөд тэд унтуулдаг сумаар буудаж вакцин хийсэн байдаг гэнэ. Харин манай улсад уг боломж нөхцөл бүрдээгүй байдаг аж. Тухайлбал, хуульдаа ан амьтнаа вакцинжуулна гэж заагаагүй учраас хамаагүй зэрлэг амьтанд хүрч болохгүй байгаа талаар мэргэжилтнүүд яриад байна. Одоогоор манай оронд халдвар аваад амьсгаадаж байгаа бөхөнг устгаж тусгайлан ухсан нүхэнд хийж хор цацаад булж байгаа аж. ингэснээр вирус нь хорондоо шингэн арилдаг байна. Харамсалтай нь сүүлийн үед үхсэн бөхөнгийн сэг зэмийг булж устган, халдваргүйжүүлэлт хийж байх явцад зарим иргэд бөхөнгийн эврийг нь огтолж авах явдал газар авч байгаа нь аюултай гэдгийг мэргэжилтнүүд сануулсан юм. Учир нь БНХАУ-ын иргэд бөхөнгийн эврийг эмийн журмаар сэрүүн, халууныг буулгахад ашигладаг байна. Тиймээс зарим иргэд бөхөнгийн нэг ширхэг эврийг 25 мянган төгрөгөөр худалдаж урд хөрш рүү хууль бусаар давуулах нь нэмэгдсэн байна. Харин мэргэжлийн байгууллагынхан мялзан өвчин цусаар дамжиж халдварладаг учраас үхсэн бөхөнгийн эвэр огтолж авснаар амь насаа ч алдах эрсдэлтэй хэмээн тайлбарлаж байгаа.
Бөхөнгийн биеэр мялзан өвчний халдвар тархан үхэж байгаа учраас эврийг нь салгасан ч халдвар нь байдаг аж. Энэ нь хүнд мялзан өвчин халдварлах магадлал өндөр байгааг сэрэмжлүүлж байна. Цаашлаад бөхөнгийн эврийг тээвэрлэн өөр нутаг руу зөөвөрлөх нь бусад салаа туурайтай амьтанд халдвар үүсгэх эрсдэлтэй хэмээн тайлбарлаж байна. Сэрэмжлүүлэхэд улаан номонд орсон нэн ховор амьтныг хууль бусаар агнаж, худалдаалж, тээвэрлэсэн тохиолдолд тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлдэг аж.

Б.УРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *