Categories
мэдээ нийгэм

Уурхайчин залуус цусаа бэлэглэлээ

Зуны саруудад амралтын улиралтай давхцаад цус цусан бүтээгдэхүүний хомсдолд ордог үе. Энэ үед Бороо гоулд ХХК нийт ажилчид албан хаагчидаа донорын эгнээнд хамруулах, цус бэлэглэх үйл ажиллагааг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг Бороогийн уурхай дээр эхний өдөр  46 уурхайчин цусаа бэлэглээд байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дэд захирал Т.Алимаа

Цусаа бэлэглэх үйл ажиллагаа өөрөө их өргөн хүрээтэй ажил байдаг. Энэ бол эрүүл мэндийн болон тэр дундаа дан ганц цус сэлбэлтийн албаны ажил биш юм. Үүнд манай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаатай уялдуулж зохион байгуулдаг.  Энэ жишгээр Бороо Гоулд ХХК нь иргэний болон нийгмийн хариуцлагаа ухамсарлан алсын цус цуглуулах ажлыг хамгийн анх зохион байгуулж байсан. Удалгүй бусад  олон компани, хамт олон цус болон цусан бүтээгдэхүүн цуглуулж эхэлсэн. Үүнд байгуулагын удирдлагын хандлага их чухал ач холбогдолтой гэдэг нь мэдрэгдсэн. Энэ дашрамд танай байгууллагын цусаа бэлэглэсэн ажилчид болон байнгын донорууддаа энэхүү буянтай ажилд идэвхтэй оролцсонд эмчлүүлэгчидийнхээ өмнөөс талархал илэрхийлмээр байна. 

Хүний цус, цусан бүтээгдэхүүн нь эмчилгээнд шаардагддаг амьд эс организм юм. Үүнийгээ бусдад өгье гэсэн чин сэтгэлтэй ч ажлын нөхцөлөөс шалтгаалан тэр бүр өгөх боломжгүй хамт олон байвал манай явуулын бригад ажлын байран дээр нь очоод цус цуглуулж авч болно.

Хэрэгцээ нь улам ихээр нэмэгдэж байгаа энэ үед байгууллага хамт олон  цус бэлэглэх аяныг жилдээ 1-2 удаа зохион байгуулж байвал их хэрэгтэй байна. Ер нь бол 17-60 насны  ямар ч эрүүл хүн сайн дураараа цусаа бэлэглэхэд эрүүл мэндэд нь хохирол учирдаггүй гэдэг нь батлагдсан тул иргэд цусаа бэлэглэх аянд улам их идэвх чармайлттай хамрагдах хэрэгтэй байна. Ер нь бол төвөөс алслагдсан газраас цус цуглуулах ажлыг байнга зохион байгуулж байна. Хамгийн алсдаа гэхэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг уул уурхайн компаниас цус цуглуулж  байсан.Цусан бүтээгдэхүүний тээвэрлэх зориулалтын нөхцөлийг бүрдүүлж чадвал төвөөс алслагдмал газруудаас цус цуглуулж болдог.

Бороогийн боловсруулах үйлдвэрийн ашиглалтын  хэлтсийн ажилтан П.Наранзул


Цусаа хоёр дахь жилдээ өгч донорын эгнээнд  элсэн орж байгаадаа тун их баяртай байна.  Миний энэ цус гурван хүний амь аварна. Цаашдаа цусаа байнга өгч байна гэж бодож байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *