Categories
мэдээ цаг-үе

Өөрийгөө шүүж, өөрийгөө торгодог гольфчдын нэг өдөр

Дэлхийн гольфийн түүх 1700-гаад оны үеэс эхэлдэг юм билээ. Шотландчууд анх спортын энэ төрлийг үүсгэж, хөгжүүлсэн гэдэг. Тэр цагаас хойш гольф олимпийн нэгэн төрөл болтлоо хөгжиж чаджээ. Харин манайд энэ спорт хожуу дэлгэрсэн. Монголын анхны гольфчдыг УИХ-ын гишүүн асан, хуульч Ц.Мөнх-Оргил, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, “Өнөөдөр” сонины үүсгэн байгуулагч Ц.Балдорж агсан, Ч.Буд нар тэргүүлдэг. Тухайн үед Монголд гольфийн талбай байгаагүй бөгөөд энэ эрхмүүд гадаадад очиж тоглодог байжээ. Харин өнөөдөр манай улсад тогтмол үйл ажиллагаа явуулж буй гольфийн дөрвөн талбай бий. Зуны улиралд эдгээр талбай дээр тэмцээн уралдаан байнга болж байгаа. Энэ жилийн тухайд гольфчид анхны албан ёсны тэмцээнээ өнгөрсөн бямба гаригт хийлээ. “Скай ресорт”-ын “Mount Bogd” талбайд болсон улирлын нээлтийн тэмцээнээс “Танайд өнжье” булангийнхаа энэ удаагийн дугаарыг бэлтгэв.

Гольфийн тэмцээнүүд голдуу өглөө эрт эхэлдэг ажээ. 9, 10 цагаас хойш эхэлнэ гэж барагтай бол байхгүй. Хагас сайн өдрийн тэмцээн энэ жишгийн дагуу өглөө 8.30 цагт эхэллээ. Тамирчид тэмцээн эхлэхээс өмнө цаг гаруйн өмнө ирдэг ажээ. Эрт ирээд хувцсаа сольж өмсөнө, бие халаалтаа хийнэ. Гэхдээ бусад спортынхон шиг гүйж харайгаад хөлсөө урсгаад байхгүй. Ерөнхийдөө гар, хөлийнхөө булчинг суллаад сунгалтын дасгал хийнэ. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод хэд гурван удаа босч суугаад дараа нь сунгалтын дасгалаа хийдэг ажээ. Гольфчид ерөнхийдөө ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээл дээр хийдэг сунгалтын дасгалтай төстэй байдлаар биеэ халаагаад талбай руу явлаа. Талбайн наахна талд мөн бие халаах хэсэг бий. Тэнд сагс дүүрэн бөмбөг хол, ойрын зайд цохиж биеэ халаагаад тэмцээн эхлэхэд бэлэн болов. Хувцасны тухайд гэвэл тодорхой стандарттай. Талбайд гарч буй тоглогч заавал ч үгүй босоо захтай цамц өмсөнө. Мөн жинсэн өмд өмсч болохгүй. Даавуун өмд юм уу шорттой тоглоно. Хэрэв шорт өмсч байгаа бол цагаан оймстой талбайд гарахыг зөвшөөрөхгүй. Харин өмдтэй тохиолдолд оймсны өнгө ямар ч байж болдог гэсэн. Пүүзний тухайд уландаа арзгартайг сонгоно. Гэхдээ хөлбөмбөгчнийх шиг том, том арзгартай ч биш. Өвсийг сэндийчихгүйн тулд маш нарийн арзгар, тэгсэн мөртлөө бөмбөг цохих үед халтирахгүй, газарт бага зэрэг шигддэг гутал өмсдөг ажээ.

Энэ удаагийн тэмцээнд 40 гаруй тамирчин оролцлоо. Олон тамирчинтай тул хоёр хуваагдан талбайгаа тойрч тоглохоор болов. Ингээд гурав, гурваараа нийлээд тоглолтоо эхлүүлсэн юм. Гольфийн талбай 18 нүхтэй. Хэрэв 18 нүхэнд нийт 72 цохилтоор бөмбөгөө оруулж чадвал маш том амжилт. Дэлхийн мэргэжлийн тамирчид иймэрхүү маягаар тоглодог. Гэхдээ сүүлийн үед сонирхогчдын дунд 72, тэр бүү хэл хасах оноотойгоор буюу 72-оос бага цохиж тэмцээнээ дуусгаж буй тамирчин олон болж байгаа гэнэ. Манай тамирчдын тухайд дунджаар 78 цохиж байгаа гэх судалгаа бий. Гэхдээ энэ тоо жил ирэх тусам улам багасч байгаа юм байна. Үүгээр ч зогсохгүй хоёр жилийн өмнө манай шилдэг тамирчдын нэг Д.Өлзийдэлгэр Тэрэлж дэх гольфийн талбайд болсон тэмцээний үеэр 72 цохиж том амжилтын эзэн болжээ. Түүний энэ тэмцээнийг гольфчид өнөө хэр дурсан ярьдаг юм билээ. Дэлхийн мэргэжлийн гольфчдын дээд амжилт -6 буюу 66 цохилт байгаа гэсэн.

Тэмцээн эхлэхийн өмнө тамирчид хоорондоо элдэв зүйл ярилцан инээлдэж байсан бол яг тоглож эхлэх үедээ ерөнхийдөө дуугаа хураачихдаг ажээ. Ялангуяа нэгийгээ бөмбөг цохих үед чанга ярих бүү хэл дуугарах ч үгүй. Бас илүү дутуу хөдөлгөөн хийхгүй. Яг л өөрөө цохих гэж буй мэт анхааралтай, чимээгүй ажиглана. Учир нь бөмбөг цохих гэж буй хүн анхаарлаа дээд цэгтээ төвлөрүүлж буй учраас түүнд саад болж болохгүй. Харин цохисон хойно нь бөмбөгийг харж байгаад “Суу, суу, суу. Суу л даа” гэхчилэн сэтгэл хөдлөлөө гаргаж байв. Суу гэж байгаа нь бөмбөг хүрэх ёстой замаасаа хэтрээд явчихвал зогс гэж байгаа утгатай. Мэдээж хэрэг нэг нүхнээс нөгөө рүү хүрэх замд янз бүрийн саад бэрхшээл бий. Жаахан буруу цохичихвол ус руу яваад орчихно, эсвэл элс, чулуу, өндөр бутан дунд ч орчихож магадгүй. Тэр бүх саадыг тооцоолон цохих хэрэгтэй. Тиймээс гольфчид бөмбөгөө харж байгаад дотроо бодож буй бүхнээ ил гаргана. Эвгүй саад руу орох гээд байвал наанаас нь “Суу” гэхээс гадна, “Одоо жаахан эргэчих” гэхчилэн аргадсан өнгөөр ярина. Ер нь цохисон бөмбөгөө яг л амьтай мэт санан ярьж сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг ажээ. Гурван хүн хамтдаа тоглож байвал бүгдээрээ цохиж дуусаад хамт хөдөлнө. Ингэхдээ нэг нь сайн цохивол “Өө мундаг. Маш сайхан цохилоо” гэхчилэн урамшуулсаар дараагийн цэг рүүгээ явдаг юм байна. Тус талбай элс, хайрган саадаас гадна усан саадтай. Дээрх саадуудыг зориудаар бий болгож олон улсын стандартын дагуу барьжээ. Ингэхдээ таван ч хиймэл нуур хийсэн гэсэн. Уг хиймэл нууранд нь усны шувууд ирж, буцдаг болоод хоёр жил болж байгаа гэнэ. Өнгөрсөн жил хоёр хун зусаад буцсан бол энэ жил хэдэн ангир ирчихсэн байна лээ.

Ийн тоглоход тэдэнд caddie охидууд тусална. Caddie гэдэг нь нэг ёсондоо туслах гэсэн үг. Тэд нэг, нэг гольфчныг дагаж явах бөгөөд цохиурыг нь ойртуулж өгөх, бөмбөгөө хамт хайх гэх мэтээр тоглогчдыг цагаа хэмнэхэд тусалдаг ажээ. Гольфчид нэг тоглолтод 14 цохиур хэрэглэдэг. Хол ойр, хөөргөж эсвэл намхан цохихоос хамаарч цохиураа сонгодог юм байна. Заримдаа зайгаа тааруулаад цохих үед гэнэт салхилаад элс, эсвэл битүү хайрган дунд бөмбөгөө оруулчихна. Тиймэрхүү саад гольфчдоос тоглолтын ур чадвар ихээхэн шаарддаг ажээ. Энэ мэтээр бөмбөгөө цохиж явсаар 18 нүхийг дуусгана. 18 нүхийг хамгийн цөөн цохилтоор дуусгасан хүн хожих ёстой. Гэхдээ тэдний тоглолтыг хэн ч шүүхгүй. Ер нь дэлхий дээрх шүүгчгүй, өөрөө өөртөө торгууль ноогдуулдаг ганц спорт ч байж мэдэх юм. Учир нь гольфийн талбайд шүүгч байдаггүй. Тамирчид өөрөө өөрсдийгөө шүүгээд явна. Бас өөртөө торгууль оногдуулдаг гэдгийг сонсоод өөрийн эрхгүй инээд хүрч “Тэгвэл өндөр бооцоотой тэмцээнд түрүүлэх амархан юм биш үү” гээд хэлчихсэн чинь буруудав. Бүгд л энэ нөхөр чинь юу яриад байна аа гэх хачин харцаар ширтээд “Гольфчдод худлаа ярина гэх ойлголт байдаггүй” гэж товчхон тайлбарлав. Хэрэв худлаа хэлбэл, нэгдүгээрт, хамт тоглож буй нөхөд нь анзаарна. Тэгснээр дараа түүнтэй хамт тоглох хүн олдохгүй. За яахав гээд бусдыгаа хуурлаа гэж бодоход өөрөө өөрийгөө хуурсан нь насан туршид нь бодогдоод бараг л сэтгэлийн тамд унадаг бололтой юм. Ер нь гольф гэдэг хамгийн өндөр ёс зүйтэй спортын нэг юм билээ. Талбай дээр гарсан л бол бие биедээ хүндэтгэлтэй хандан хараал хэлж огт болохгүй, маргалдана гэсэн ойлголт байхгүй. Бусад спортын төрлүүд шиг талбай дээр гарсан л бол хоорондоо ширүүн өрсөлдөнө гэж байхгүй. Ингээд бодохоор уйтгартай ч юм шиг. Гэхдээ яг өөрөө тоглоод, спортоо мэдрээд явбал тун сонирхолтой байдаг гэсэн.

Гольфийг баячуудын, бас хөгшчүүдийн спорт гэх нь бий. Гэвч талбай дээр тоглож буй гольфчдын дунд залуу хүн олон байв. Хорь нэлээн гарч гучин нас дөнгөж өнгөрч яваа болов уу гэмээрнасныхан дийлэнх нь ажээ. Тэд өөрсдийнхөө сонирхлоор уг спортоор хичээллэж эхэлсэн юм байна. Тиймээс хөгшчүүдийн сонирхдог спорт гэж хэлж болохооргүй юм билээ. Харин баячуудын спорт гэдэг ойлголтын тухайд талбайн үнэлгээнээс хамаардаг байж магадгүй юм. Учир нь “Mount Bogd” талбайд 18 нүхэнд нэг удаа тоглоход ажлын өдөр 165 мянга, амралтын өдөр 195 мянган төгрөг төлнө. Энэ бол ганцхан удаа тоглох үнэ. Хэрэв байнга тоглож эхэлбэл сар, улирлын багцад хамрагдаж болох юм билээ. 40 удаа тоглох эрхээ нэг дор авбал нэг тоглолтын үнэ 132 мянган төгрөг болж хямдардаг гэсэн. Мөн Монголын гольфийн холбооны гишүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг гэж байлаа. Цохиурын тухайд брэндээсээ хамаараад харилцан адилгүй үнэтэй. Гэхдээ шинээр гольф сонирхож буй хүмүүс ахмад тамирчдынхаа хэрэглэж байсан хуучин цохиурыг голдуу авдаг ажээ. Ахмадууд хуучин цохиураа 100-200 ам.доллараар залуучууддаа өгнө. Гэхдээ ихэнх нь “Энэ спортоор уйгагүй хичээллээрэй, амжилт хүсье” гээд мөнгө төгрөг гэлгүйгээр бэлэглэчихдэг гэсэн. Мөн тус талбайн хамт олон 12-26 настай хүүхэд, залууст үнэ төлбөргүйгээр зургаан долоо хоногийн гольфийн хичээл явуулдаг ажээ. Уг сургалтад хүссэн хүүхэд бүр хамрагдах боломжтой. Мөн эмэгтэйчүүдэд цагийн 10-20 мянган төгрөгөөр хичээл заадаг гэсэн. Ингээд бодохоор зөвхөн баячуудын спорт гэж ойлгож болохгүй юм. Ер нь гольфоор хичээллэхийн ач тус их. Хүүхэд, залуус энэ спортоор багаасаа хичээллэвэл аливаа асуудалд нухацтай ханддаг болдог гэнэ. Ялангуяа яаран шийдвэр гаргахгүйгээр, асуудлыг өргөн цар хүрээнд сэтгэж байж шийдвэр гаргах хүмүүжлийг гольф өгдөг ажээ. Мөн ёс зүйн асар өндөр боловсрол олгодог гэсэн. Тийм болохоор Харвардын сургуулийн хичээлийн хөтөлбөрт гольф багтдаг юм байна. Түүнчлэн нэгэнт тоглоом эхэлсэн л бол цаг агаар, хувийн асуудал яаж ч өрнөсөн бай тоглолтоо заавал дуусгадаг. Энэ чанар нь эхлүүлсэн ажлынхаа ард гарах зарчмыг суулгадаг онцлогтой. Эрүүл мэнд талаасаа цэвэр агаарт, байгалийн сайханд дөрвөөс таван цаг алхдаг болохоор тэр хэрээр хөдөлгөөний дутагдал, стрессээс ангижирдаг гэж байлаа.

Эндхийн гольфийн талбайд сүүлийн хоёр жил нэг асуудал үүсдэг болжээ. Тэр нь хэрээ. Тамирчид бөмбөгөө 300-400 метрийн зайд цохьчихоод араас нь алхаж байх хооронд бөмбөгийг нь хэрээ зуугаад явчихдаг болжээ. Хэрээ бөмбөгийг өөр шувууны өндөг байна гэж андуурдаг бололтой. Нэгэнт зуугаад явчихсан бөмбөгийг буцааж олж ирнэ гэж байхгүй учраас шинэ бөмбөгөөр тоглолтоо эхлүүлдэг гэсэн. Уг нь тоглоомын дүрэмд тоглолтод орсон бөмбөгийг гараараа, эсхүл өөр ямар нэгэн байдлаар хөдөлгөж болдоггүй ч гэлээ нэгэнт өөрсдийнх нь буруугаас болоогүй тул шинэ бөмбөгөө багцаалдаж тавьж байгаад тоглоомоо үргэлжлүүлдэг гэнэ. Ийн тамирчидтай гольфийн ертөнцийн талаар ярилцаж явсаар 18 нүхээ дуусгав. Эхэлсэн газраа буюу гольфчдын байрладаг газар иртэл тамирчдын түрүүч тэмцээнээ дуусгаад цугларч байв. Бүгдийнх нь амжилтыг томоо гээчийн самбар дээр тэмдэглэдэг аж. Тэндээсээ хэн, ямархуу амжилттай байсныг харж болно. Дагаж явсан гурван тамирчин маань өөрсдийнхөө оноог бичсэн цаасаа өгтөл бөөн шуугиан, алга ташилт болоод явчихав. Яав гээд анзаартал энэ өдөр Монголын гольфийн түүхэн дэх сонин тохиолдлын нэг болжээ. Учир нь Ч.Даваахүү гэж тамирчин 13 дугаар нүхийг ганцхан цохилтоор дуусгажээ. Энэ амжилтыг “Hole in 1” гэж нэрлэдэг юм байна. Ийм тохиолдол гольфийн тэмцээнд маш ховор тохиолддог ажээ. Бүр 10 мянган цохилтод ганц удаа тохиох тун ховор боломж юм байна. Тиймээс гольфчид үүнийг сонсоод бөөн баяр болж байв. Дашням, балжиннямтай өдөр гэдэг шиг өнөөдөр гольфчдын хувьд Даваахүүтэй өдөр болж байна гэлцээд л. Тэрээр 170 гаруй метрийн зайнаас нүхээ чиглүүлээд цохитол бөмбөг их ойрхон буучих шиг болжээ. Тэгээд хараад л байж, гэтэл туслагч охидын нэг нь бөмбөг алга болчихлоо гэж орилсон гэнэ. Ингээд яваад очтол бөмбөг нүхэнд орсон байжээ. Тэрээр “Ёстой аз од минь гийсэн өдөр байна. Ганц цохилтоор оруулна гэж огт төсөөлөөгүй. Өөрийнхөө хэмжээнд цохитол нүхэнд орчихсон байж” хэмээж байв. Түүний хувьд сүүлийн таван жил гольфоор хичээллэж байгаа юм байна. Таван жилийн дараа ийм амжилт үзүүлсэндээ маш их баярлаж байна гэдгийг хэлж байв. Угаасаа иймэрхүү тохиолдол манай гольфчдын дунд тун цөөхөн тохиолддог гэсэн. Тиймээс томоохон ивээн тэтгэгчтэй буюу “Monnis cup”, “Nissan cup”, “Range rover cup” зэрэг тэмцээний үеэр “Hole in 1” буюу ганцхан цохилтоор нүхэнд оруулсан тамирчныг борлуулж буй автомашинаараа байлдаг гэсэн. Гэхдээ одоогоор тийм тохиолдол гараагүй байгаа ажээ.

Дэлхий даяар 60-70 сая гаруй гольфчин байдаг гэнэ. Манайд тогтмол тоглодог 70-80 хүн байдаг. Ажлынхаа зав чөлөөгөөр тоглодгийг нь нэмбэл 100 давах юм билээ. Мөн эмэгтэй тамирчид бий. Тэд “Монголын эмэгтэй гольфчдын холбоо”-той. Уг холбоонд 40 гаруй хүн гишүүнчлэлтэй гэсэн. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол тогтмол тоглоод байж чадахгүй ч гэлээ жилдээ нэг удаа улсын аварга шалгаруулах тэмцээнээ хийчихнэ. Мөн холбооных нь зүгээс дэмжээд гадаад, дотоодын тэмцээнд явуулдаг гэсэн. Одоогоор сүйдтэй амжилт гаргаагүй байгаа ч гэлээ улсынхаа нэрийг гаргаад, туршлага судлаад, дараагийн үеэ бэлтгээд явж байдаг ажээ. Харин “Монголын гольфийн холбоо”-ныхон эмэгтэйчүүдээ бодвол жил бүр 20-30 тэмцээнийг ивээн тэтгэгчидтэйгээ хамтран зохион байгуулдаг юм байна.

Хоёр жилийн өмнө Азийн гольфийн холбооны ерөнхийлөгч нар манай улсад иржээ. Тэд “Скай ресорт”-ын талбайтай танилцаад олон улсын стандарт хангасныг сайшаан магтжээ. Нэгэнт ийм талбайтай болсон учир 2019 онд олон улсын тэмцээн зохион байгуулъя гэж ярилцаад явсан байна. Тэд Монголыг зорин ирсэн нь учиртай гэсэн. Яагаад гэвэл гольф өндөр хөгжсөн Азийн орнуудад улирлын хамгийн идэвхтэй үе гэгддэг зургаа, долоо, наймдугаар сард хэт их халуун байдаг учраас тоглоход төвөгтэй байдаг гэнэ. Харин тэр үед Монголд ирж тогловол цаг агаар тун аятай сайхан байх ажээ. Тиймээс Азийн гольфийн холбооныхон тамирчдаа зуны гурван сард Монгол руу явуулах, манайд олон улсын чанартай тэмцээн уралдаан хийх боломжийг судалж байгаа юм байна.

Ийн гольфийн спортын сонин хачин, тамирчдын баримталдаг дүрэм журамтай танилцаж нэг өдрийг өнгөрөөлөө. Ямартай ч гольфчид бусдыг хүндлэх, аливаа асуудалд нухацтай хандах, шулуун шударга байх гэхчилэн ёс зүйн асар өндөр шаардлагыг өөрсдөдөө тавьдаг ажээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *