Categories
мэдээ нийгэм

Өөрчлөлтөд хэн нээлттэй, бүтээлч хандана, түүнд боломж нээгдэнэ

Монголын Залуучуудын холбооноос Next Stop ёслол хүндэтгэлийн наадмын нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарын шилдэгээр тодорсон эрхэмүүдийн “Оны залуу” лекцийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Шилжилтийн 25 жилийн Эдийн засаг, бизнесийн ТОП залуугаар шалгарсан М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргалыг төлөөлөн Группийн Ерөнхийлөгч Ж.Од “25 жил: Өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт илтгэлийг танилцууллаа.

“25 жил: Өнгөрсөн ба ирээдүй” илтгэлд өнгөрсөн 25 жилд олсон амжилт, гаргасан алдаа оноог цэгнэж дүгнээд зогсохгүй ирэх 25 жилд М-Си-Эс Группийн төдийгүй нийт монголчуудын өмнө тулгарах шинэ сорилт, боломжууд юу байхыг төсөөлж, түүнд хэрхэн бэлтгэх, юунд анхаарч, ямар зорилго, тэмүүлэлтэй байх талаар бодлоо илэрхийлсэн байна.

1990-ээд оны эхэн үе бол хямрал ид газар авсан, дотоодын нийт бүтээгдэхүүний уналт доод цэгтээ хүрч нэг тэрбум доллараас бага болсон, инфляци жилд 250 хувьд хүрсэн, аж үйлдвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц зэрэг эдийн засгийн гол салбарууд гүнзгий хямралд өртсөн цаг үе. Ийм л хүнд хэцүү үеэс эхтэй шилжилтийн хэмээн тодорхойлсон 20 гаруй жилд монголчууд эдийн засгаа 10 дахин тэлж, хувийн өмчгүй шахам байсан социалист тогтолцооноос өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 шахам хувийг бүрдүүлж буй хувийн хэвшил гэсэн маш том салбартай болж, хувийн хэвшил нь улс орныхоо эдийн засгийн ачааны хүндийг үүрэх тэнхээтэй болж чадсан нь өнгөрсөн 25 жилийн ололт юм.

Тэгвэл хурдацтай хөгжиж буй энэ цаг үед технологийн хөгжил даяаршлыг дараагийн шатанд аваачиж, хүн төрөлхтний түүхэнд урд өмнө нь байгаагүй том хувьсал өөрчлөлтийг авчирч байна.

Дижитал эрин үед интернэт сүлжээ бидний өмнө гурван сая биш олон тэрбум хүнтэй асар том дэлхийн зах зээлийг нээж өгч байна. Ирэх жилүүдэд өөрчлөлтийн үр шимийг эдийн засагтаа шингээхийн тулд ирээдүйд уул уурхай, аялал жуулчлал, органик хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэн ажлын байр бий болгож, гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нэвтрүүлбэл өнгөрсөн 25 жилд эдийн засгаа 10 дахин өсгөж чадсан шиг ирэх 25 жилд дахиад 10 дахин өсгөх бүрэн боломжтой юм. “Улам бүр хурдасч буй хувьсал, өөрчлөлтөд хэн нээлттэй, бүтээлчээр хандаж чадна, түүнд боломж нээгдэх болно” гэдгийг онцолж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *