Categories
гадаад мэдээ

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн улс орнуудад цас их орж байна

ЯПОНЫ АМАМИ ОШИМА АРАЛД 115 ЖИЛИЙН ДАРАА ЦАС ОРОВ

Өнөөдөр Японы Амами-Ошима аралд 115 жилийн дараа цас оржээ. Энэ арал бол дулаан уур амьсгалтай газар юм. Мөн Япон улсын баруун болон өмнөд нутгаар урьд өмнө байгаагүйгээр хүйтэрч, таван хүн амиа алдсан талаар Regnum.ru-д мэдээлсэн байна. Халтиргаа гулгааны улмаас 100 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Тус улсын Цаг уур судлалын хүрээлэнгийн мэдээгээр Хокурику, Тохоку зэрэг бүс нутгаар өнгөрсөн хоногт 80 см хүртэл зузаан цас орсон байна. Зүүн хойд хэсэгт орших Фукушима мужид цасны зузаан 152 см-т хүрсэн бол Хирошима мужийн зарим хэсэгт 137 см зузаан байгаа аж.

Цаг уурын шинжээчдийн мэдээлснээр Японы далайн эрэг хавийн бүс нутгаар цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж. Окинава, Амами арлын орчимд хүчтэй салхины улмаас далайн давалгаа ширүүсэхийг ч анхааруулжээ. Цаг агаарын байдалтай холбоотойгоор Японы “Ниппон Эйрвейс”, “Жэпэн Эйрлайнс” зэрэг компани дотоодын 286 нислэгээ цуцалсан байна. Халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гарахаас сэргийлж хурдны замуудыг түр хаагаад байгаа аж.

ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ИРГЭДДЭЭ ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖЭЭ

Тайваньд мөн огцом хүйтэрсний улмаас 85 хүн амиа алдаад байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тус бүс нутагт сүүлийн 43 жилийн хугацаанд хамгийн их хүйтэрсэн нь энэ болоод байгаа юм. Гаосюн хотод 65-93 насны 16 хүн нас барсан нь огцом хүйтэрсний улмаас зүрх нь ачааллаа дийлээгүйгээс болсон байна. Иймд Тайванийн эмч нар иргэддээ шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй бай гэж зөвлөж байгаа аж.

ЧЭЖҮД 30 ЖИЛД ОРООГҮЙ ИХ ЦАС ОРСНООС ОЛОН ЗУУН НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ

Харин ВВС агентлагаас мэдээлснээр Өмнөд Солонгосын Чэжү аралд сүүлийн 30 жилд ороогүй их цас оржээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас Чэжү арлын 600 орчим нислэг цуцлагдаад байгаа юм байна.

ХОНКОНГТ 60 ЖИЛ БОЛООГҮЙ ХҮЙТЭН ӨВӨЛ БОЛЖ БАЙНА

Үүний зэрэгцээ Хонгконгод сүүлийн 60 жил болоогүй хамгийн хүйтэн өвөл болж байна. Түүнчлэн Хятадын Гуанжоу хотноо 1929 оноос хойш анх удаа цас орсон талаар “Weibo” сайтад мэдээлжээ.

АМЕРИКТ ЦАС ИХ ОРСНООС ГУРВАН ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХОХИРОЛ УЧРАВ

АНУ-д ч цас ихээр орсон нь гамшиг тарьж байна. Тухайлбал АНУ-ын зүүн эргээр болсон цасан шуурганы нийт хохирлыг олон улсын Moody`s агентлагийн шинжээчид гурван тэрбум ам.доллар гэж үнэлсэн талаар “CBS News” мэдээлж байна. Америкийн зүүн эргийн нутгаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхэлсэн цасан шуурга 1900 оноос хойшхи хамгийн хүчтэйд орж байгаа юм. 85 сая хүн амьдарч байгаа энэ нутгуудад шуурганы улмаас нийтийн тээвэр, галт тэрэгний хөдөлгөөн зогсч, 37 хүн амь насаа алдаад байна. Шуурганы улмаас худалдаа, үйлчилгээ зоогийн газар, тээврийн компаниуд маш их алдагдал хүлээж байгаагаас гадна агаарын тээврийн арилжааны компаниуд 13 мянган нислэгээ хойшлуулжээ.

Манай хойд хөршид ч цас их орж багагүй хүндрэл учруулж байна. Эдгээр байгалийн үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *