Categories
гадаад мэдээ

Уур амьсгалын тухай НҮБ-ын чуулган юу болж өнгөрөв

Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцид элсэн орсон улсууд буюу талуудын 26 дугаар чуулган /COP26/-нд олон нийт бага найдлага тавьж байсан болохоор дэлхийн нүүрсхүчлийн хийг бууруулах тухай зоригтой мэдэгдлүүд ажиглагчдыг гайхшруулж орхив.

“Бага хурлын уур амьсгал таатай болсон. Учир нь нүүрсхүчлийн ялгарлыг тэглэх чиглэлд дорвитой алхмууд хэрэгжүүлэхээр болов. Харин энэхүү зорилтдоо хэзээ хүрэх, тэр үед уур амьсгал ямар болох вэ гэсэн асуудал урган гарч ирж байна” гэж Европын Холбооны уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцээний ахлагч асан Пит Бэттс хэллээ. Түүний ийнхүү сэтгэл хангалуун байгааг дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн дараах мэдэгдлүүдээр тайлбарлаж болох юм.

Английн банкны дарга асан Марк Карни “цэвэр” технологийг дэмжихэд 130 их наяд ам.доллар буюу дэлхийн хувийн хөрөнгийн 40 хувийг хянан зохицуулдаг 450 байгууллагыг нэгтгээд байгаа бөгөөд эдгээр байгууллагууд сэргээгдэх эрчим хүч тэргүүтэй “ногоон” үйл ажиллагааг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Харин шүүмжлэгчид эдгээр санхүүгийн байгууллагууд бас газрын доорх түлшинд хөрөнгө оруулах байх хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа ч энэ бол буурьтай, шинэлэг санал юм.

Дэлхийн 100 гаруй улс ойн хомсдолыг бууруулах амлалт өгч, үүнд 19.2 тэрбум ам.долларыг улсын болон хувийн сангаас зориулахаар болов. Хэдийгээр төстэй санаачилга урьд нь дэвшүүлж байсан ч энэ удаа санхүүжилт өндөртэй байна.

Дэлхийн дулааралд үзүүлэх нөлөөллөөр хоёрт ордог метан хийн ялгарлыг 2030 он гэхэд 30 хувиар бууруулахаар тохиролцлоо. Хэдийгээр ийм хийг хамгийн ихээр ялгаруулдаг Хятад, Орос, Энэтхэгийн хувьд энэхүү үүрэг амлалтад нэгдээгүй ч удахгүй үүнийгээ эргэн харна гэдэгт найдаж байна.

Их Британиар ахлуулсан, Хятад, Энэтхэг, АНУ бүрэлдэхүүнд нь багтсан 40 орон шинэ технологийн зах зээлийг бий болгох стандарт, урамшуулал, дүрэм журмыг шинээр гаргахаар тохиролцов. Жишээлбэл, эдгээр улсууд гангийн тодорхой хувийг нүүрс хэрэглэхгүйгээр үйлдвэрлэх хугацааг товлох болно. Ингэснээр хөрөнгө оруулагчдад шинэлэг технологийн зах зээл бий болох найдварыг төрүүлж, дэлхийн хэмжээнд “цэвэр” технологийн үнийг бууруулах боломжтой.

Өмнөд Африкийг нүүрсний хэрэглээнээсээ татгалзахад Франц, Герман, Их Британи, АНУ, Европын холбоо 8.5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсноос харахад цэвэр эрчим хүч рүү шилжихэд тусламж үзүүлэх шинэ жишиг болж магадгүй байна.

Ерөнхий сайд Нарендра Моди 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилт дэвшүүллээ. Зарим ажиглагчийн хувьд түүнийг 2070 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлаа тэглэхгүй байхаар төлөвлөж байгаад санаа зовниж байгаа ч дэлхий хэмжээнд нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, Энэтхэг эдийн засгийн хувьд ийм алхмыг хийхээс өөр аргагүйд хүрэх хандлагатай байна.

Их Британий томоохон компани, санхүүгийн байгууллагуудын дийлэнх нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтод хэрхэн хүрэхээр төлөвлөж буйгаа танилцуулахаар болж, төлөвлөгөөнүүдийг нь мэргэжилтнүүдийн ажлын хэсэг шалгаж байхаар болжээ.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажил өрнүүлдэг “Christian Aid” хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгч Кат Крамер олон мэдэгдлээс нааштай хандлага ажиглагдаж байгааг онцлоод, “COP” бол зөвшилцлийн үйл явц учраас хэрэгжих санаачилгууд маш чухал гэдгийг онцлов.

Гэхдээ олон нийтийн сэтгэл дундуур байгаа зүйлсийг ч мөн дурдах нь зүйтэй. Энэхүү уулзалтын үеэр Хятад улсыг 2030 он гэхэд хийн ялгарлаа бууруулах зорилтоо ахиулна гэж найдаж байсан ч ийм мэдэгдэл гарсангүй. Гэхдээ тус улс нь бусад орнуудтай харьцуулахад ихэнх тохиолдолд өгсөн амлалтаа давуулан биелүүлдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, Дональд Трамп нарын хэн хэн нь улс орноо Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гаргаж байсан. Харин саяхан Виржини муж улсын захирагчийн сонгуульд Бүгд найрамдах намын нэр дэвшигч сонгогдсон нь Д.Трамп улс төрд эргэн ирж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээнүүдийг дахин орвонгоор нь эргүүлж болзошгүй гэх таамаглал гарахад хүргээд байна.

Цаашид хэлэлцээнд оролцогч талууд дүрэм журмыг цэгцлэх ярвигтай даалгавартай нүүр тулах бөгөөд үүнийг хийж гүйцэтгэснээр улсууд харилцан нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах бие биеийнхээ төлөвлөгөөнд итгэх нөхцөл бүрдэх юм. Мөн ядуу буурай орнуудад санхүүжилт дутмаг байгаа талаар хийгээд дэлхийн дулааралд дасан зохицоход шаардлагатай хөрөнгө мөнгөний талаар цаашид хэлэлцэх ёстой. Гэхдээ өмнөх бага хурлуудтай жишиж харахад үнэхээр сайн эхлэл тавигдлаа гэж үзэж болохоор байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *