Categories
мэдээ цаг-үе

​“Үүлний машин”

НАСА борооны үүл үйлдвэрлэж байгаа тухай мэдээ дэлхий нийтийн анхаарлыг дахин татлаа. Энэ талаар BBC “НАСА-гийн хамгийн шилдэг төхөөрөмж “Hydrogen” борооны үүл гаргаж байна” гэж мэдээлж, сурвалжлагч нь хиймлээр гаргасан үүлнээс дуслах бороонд баярлан норж байгаа бичлэг ч байна. Харин үүнд NASA няцаасан байр суурь илэрхийлж “Ташаа мэдээлэл вирус шиг тарсаар байгаад харамсч байна” гэсэн тайлбар хийж байгаа юм. Харин ажиглагчид “Сүүлийн 12 жилийн турш НАСА үүл үйлдвэрлэдэг машин бүтээсэн тухай мэдээлэл тарсаар байгаа. Мэдээллийн сүлжээнд үүл үйлдвэрлэж байгаа тухай, тэр үүлнээс нь бороо орж байгааг харуулсан адил төстэй олон зуун мэдээлэл байна. Үүнд НАСА албан ёсны тайлбар хийх нь зүйтэй” гэсэн шаардлагыг тавьжээ.

НАСА Миссисипи дэх “Стеннис” сансрын төвд RS-25 хөдөлгүүрээ туршиж байгаа бөгөөд туршилтын үеэр асар их хэмжээний манан дэгдэж, улмаар агаарт хөөрч хуралджээ. Хуралдсан үүлнээс бороо дусалсныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “НАСА борооны үүл үйлдвэрлэж байна” гэх шуугианыг дэгдээсэн юм байна. Сансрын олон дахин ашигладаг хөдөлгүүрүүдийг “Стеннис” төвд олон жилийн өмнөөс ингэж туршсаар иржээ. НАСА-гийн хэвлэлийн мэдээнд “2015 оны нэгдүгээр сараас SLS пуужинд ашиглах RS-25 хөдөлгүүрийг туршиж байна. Нэг удаагийн туршилт 50-113 секунд үргэлжилдэг. Томоохон мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байгаа бичлэг бол A-1 туршилтын талбайд хийсэн гурав дахь туршилт байсан. RS-25 хөдөлгүүрийн яндангаас өндөр даралтаар усны уур гадагшилдаг. Учир нь хөдөлгүүр шингэн устөрөгч болон шингэн хүчилтөрөгчийг шатаадаг.

Пуужингийн хөдөлгүүрийн тестийн явцад гарсан уурыг л олон нийт ташаа хүлээн авч “Үүлний машин” зохиосон мэтээр буруу ойлгосон байх талтай. Гэхдээ цахилгаан станцаас гардаг уур зэргээс үүл үүсгэж болох боломж бий” гэжээ. Тэд үүлний машин байхыг үгүйсгэхгүй байгаа ч уур үүсгэх замаар үүл бүрэлдүүлж бороо оруулах боломжтой гэдгийг мөн үгүйсгэхгүй байгаа юм. Хэрвээ үүлний машин, үүлний үйлдвэртэй болчихвол том зургаар харахад дэлхийг тэр чигээр нь хамраад байгаа цөлжилт, хуурайшилт ор мөргүй болж, ган тайлагдаж, дэлхий эргээд хэдэн зуун мянган жилийн өмнөх ногоон төрхөндөө орох боломж бүрдэнэ. Харин улс орныхоо хэмжээнд харахад гантай, түймэртэй нутгуудад үүлний машинаар үүл бий болгох зарчмаар асуудлаа шийдэж говийн бүс нутаг, цөлжилттэй газруудаа ногооруулах боломжтой болно.

Цаг уурын инженер, үүл судлаач Х.Хангайсайханаас “Үүлний машин”-ы талаар тодруулсан юм. Тэрээр “Үүлний машин гэж үнэхээр бий болчихсон юм бол тэрэн шиг сайхан мэдээ хаа байх вэ. Төсөөлье л дөө. Үүлний машинтай болчихоод үүл үүсгэж, бороо оруулна гэвэл тун амаргүй. Үүл болгосноос бороо ордоггүй. Борооны үүл үүсгэнэ гэдэг маш хэцүү. Хэрвээ үнэхээр тийм машинтай болчихлоо гэвэл 10-30 км газар нутагт нэг удаа бороо оруулах боломжтой. Усны уурны газарт байгааг манан, тэнгэрт байгааг үүл гэж хэлж болно. Зохиомлоор манан үүсгэлээ гэхэд тэр нь дээш хөөрөөд доод мандлын үүлс болно. Ууршсан уур дээш хөөрөөд агаарын хэм хасах руу ороход усан дусал нь өтгөрнө. Дахин дээшлэх тусам агаарын хэм хөрч хасах 10-20 хэм болоход мөсөн талст үүснэ. Ингээд холимог бүтэцтэй үүл болно. Дахин агаарын хэм хөрөхөд усан талст нь багасч мөсөн талст нь нэмэгддэг. Үүл болгоноос бороо орохгүй. Давхраат үүл, борооны бөөн үүлнээс ахиу хэмжээний бороо ордог бол өндрийн бөөн үүлнээс бороо хаялаад л өнгөрдөг. Харин давхраат бөөн үүлнээс бага хэмжээний тунадас унадаг” гэлээ. Архангай, Өвөрхангайд бороо орлоо гэхэд тэр борооны үүл агаарын урсгалаар 8-10 цагийн дараа Төв аймгийн нутаг дээр ирж бороо орно гэсэн үг. Харин үүлний машинаар бороо оруулахад ойролцоогоор 100 км тойрог дотор бороо орно гэж тооцвол тийм холоос үүл “үйлдвэр”-лээд байх шаардлагагүй юм байна.

Манайхны хувьд үүлэнд зориудаар нөлөөллөө гэж яриад байдаг. Гэтэл тэдний хувьд борооны бэлэн үүлэнд л нөлөөлөөд байдаг сул талтай юм байна. Угтаа бол бороо орох үүлээ шинжиж олоод эртнээс үйлчлэх ёстой. Харин хөгжиж байгаа үүлэнд зориудаар нөлөөлбөл тэрэн шиг аюул байдаггүй гэнэ. Учир нь манайд энэ тал дээр алдаа гаргаж, нэг хавар зүүн аймгуудад их хэмжээний цас гэнэт унаж адуу сууриараа даруулж байсан гашуун тохиолдол байдаг аж. Мөндрийн үүлийг задлах гэхээсээ илүүтэй хуралдахаас нь өмнө судалж, бүрэлдэх явцад нь задлах нь хамгийн зөв байдаг гэнэ.

Зориудаар гаргаж байгаа буюу “Үүлний машин” гэх төхөөрөмжөөр уур гаргахад тэр нь цэвэр усны уур байх бөгөөд доод мандлын үүлс болж тогтоно. Үүлний бүтцийг харж шинжээд бороо орохоор бол нүүрсхүчлийн хий буюу хуурай мөс, иодот мөнгөний найрлага бүхий бодисыг цацаж үйлчилснээр, тухайн үүлэнд тархсан реагентийн тоосонцрууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулснаар бороо оруулах боломжтой. Ингэхээр хэрвээ үнэхээр л “Үүлний машин”-тай болсон бол “үйлдвэрлэсэн” үүл болгоноос нь бороо орох боломжгүй бөгөөд зориудаар нөлөөлөхөд 100-гаас 20 тохиолдолд нь аз таарна гэж таамаглажээ.

Харин Африк, Сахарын цөлд үүл бий болгоод бороо оруулна гэвэл нэлээд дээш хөөргөж байж сая нэг бороо оруулах боломжтой юм байна.

Д.САРУУЛ

НАСА “Бид үүл үйлдвэрлээгүй. Хөдөлгүүрээ шалгаж байсан юм” гэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *