Categories
мэдээ цаг-үе

“Өүлэн эх” цогцолборт гурван тэрбум төгрөг зарцуулжээ

Цонжин болдогийн Чингэс хааны  морьт хөшөөний замын эсрэг тал буюу зүүн урагшаа Өүлэн хатны 13 метр гаруй өндөр хөшөө наадмын өмнөхөн сүндэрлэсэн. Боржин чулуун хаалгатай томоо гэгчийн хашаанд  энэ хөшөөнөөс гадна өчнөөн бүтээн байгуулалт өрнөж байна. Энд “Сайхан Булган” компани аялал жуулчлалын цогцолбор барихаар гурван жилийн өмнө ажлаа эхэлжээ. “Өүлэн эх” цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг сурвалжлахаар Цонжинболдогийг зорилоо. Хашааны боржин чулуун хаалган дээр Чингис хааны “Төрүүлж өсгөсөн ачтаны сууг тэнгэрт дуулгаж дэлхийд дуурсгая” гэсэн үгийг сийлжээ. Хаалганы орой хэсэгт байрлуулсан соёмбоны хоёр талд хар, цагаан тугны орой, гурван цагийн галыг мөн л боржин  чулуугаар урласан нь содон шийдэл болжээ. 

Биднийг очиход хөшөөт цогцолбор болон замын ажил ид өрнөж байв. “Сайхан Булган” компанийн захирал А.Лхамжав ч байж таарлаа. Аялал жуулчлалын цогцолбортоо одоогоор гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Дахиад арваад тэрбумын хөрөнгө зарж байж аялал жуулчлалын цогцолбор иж бүрнээрээ сүндэрлэх аж. Эхлээд Өүлэн хатны хөшөөг сонирхов. Хөшөө тун нарийн хийцтэй нь хатны ээмэг, бөгжийг харахад л илт юм. Шүрэн хэлхээтэй ногоон өнгийн унждаг ээмэг нь чулуугаар урласан гэмээргүй гоёмсог, шүр бүр нь ялгарч харагдана. Хөшөөг бүхэлд нь саарал боржингоор урлажээ. Хөшөөний доод хэсгийг усан, уулан, үүлэн хээгээр чимэглэжээ.  

А.Лхамжав захирал “Монгол хатны ийм хөшөө одоогоор дэлхийн хаана ч байхгүй. Өүлэн хатан аян дайнаас буцан ирж буй хүүгээ угтаж байгаа бэлгэдлээр бүтээсэн юм. Газрын байрлал нь яг таарсан байгаа биз” гэж сонирхуулав. Нээрээ л Чингэсийн морьт хөшөөний өмнөхөн сүндэрлэсэн Өүлэн хатны хөшөөг  хэн ч хүүгээ угтаж байгаа ижий гэж харахаар юм билээ. Замын аль ч талаас харсан Өүлэн эхийн хөшөө нүдэнд тусч байна лээ. “Женко тур”-ийн морьтой Чингэс хааны хөшөөтэй зохиомж, утга агуулгаараа нэгдэж чадсан бүтээл болжээ. А.Лхамжав  “Өүлэн ээжийн царайг тухайн үеийн хүмүүсийн царайны хэлбэрийг судалж байж гаргасан. Боржин чулуун хаалга болон энэ хөшөөг Энхтайван захиралтай Үүдэн чулуу компанийнхан бүтээсэн юм. Саяхан над руу ярьж байна лээ. Өүлэн хатны хөшөөг урласан бүтээлчээ төрийн шагналд нэр дэвшүүлэх гэж байгаа гэнэ. Их мундаг залуус. Өүлэн ээжийн хөшөөг сэтгэлд тултал урлаж өгсөн дөө. Чулууны урлаг Монголд хэр түвшинд хөгжсөнийг жинхэнэ утгаар нь харуулсан бүтээл болсон. Чулуугаар урлуулсан нь учиртай. Чулуу гэдэг хэдэн мянган жил болсон ч байгальтайгаа цуг оршсоор байдаг эд. Нэгэнт л мөнхийн бүтээл хийж үлдээе гэж зорьсон учраас боржин чулуугаар хийе гэж шийдсэн”  хэмээн яриагаа үргэлжлүүлэв. Өүлэн хатны хөшөөг шүншиглэсэн гэнэ. Шүншиглэсэн болохоор тэр үү ирж мөргөх хүмүүс их байгаа аж. Цогцолборын ажил дуусаагүй ч энд хүний хөл татардаггүй бололтой. 

 Хатны хөшөөний өмнө хэсэгт есөн хатны дүртэй ханан хөшөөг суурилуулжээ. Яг монголчилвол хавтгай хөшөө гэдэг аж. Компанийнхан боржин чулуун шигтгэмэл хөшөө гэж тайлбарласан.  Чулуун дээр хатдын дүрийг товойлгон сийлж урласан энэ хөшөөнд Алунгоо, Бөртэ,  Дөргөн, Огул Хаймиш, Мандухай, Ану зэрэг хатдын дүрийг мөнхөлжээ. Хатдын хөшөөг СУИС-ийн багш Нямхүү урлажээ. Хатад судлалаар нэлээд ажилласан учраас хатдын зураг бүр тухайн цаг үеийнхээ онцлогийг илэрхийлсэн агуулгатай болж чадсан гэнэ. Дөргөн хатны хэсэг дээр гэхэд л Христийн сүмийг товойлгон сийлжээ. Дөрвөн хүү нь бүгдээрээ хаан болсон Сорхугтани хатныг гэхэд л дөрвөн хүүтэйгээ зогсч байгаагаар урлажээ. Алунгоогийн дүрийг домгийн зохиомжоор бүтээсэн харагдав. Таван хөвгүүндээ эвтэй байхыг багцалсан сумаар үлгэрлэсэн домгийн үйл явдлыг эндээс харж болохоор юм. Хатдын дунд мандаж буй нар, Бөртэ чоно, Гоо марлыг дүрсэлжээ.  

Энэ хөшөөний наана том тулга залах юм байна. Монголын хамгийн том тулга болох гэнэ. Таван бүслүүртэй тулга хийлгэж байгаа нь цаанаа учир агуулгатай юм байна.  Дээр үед ихэс ноёд таван бүслүүртэй тулга, энгийн ардууд гурван бүслүүртэй тулга хэрэглэдэг байж. Тулганы нэг, гурав, тавдугаар бүслүүрийг хас хээгээр чимэх аж. Бүслүүр тус бүр 33 хас хээтэй байх нь. Нийлээд 99 хас хээ болсон нь 99 тэнгэрийг бэлгэдсэн хэрэг юм байна. Хоёр, дөрөвдүгээр бүслүүрийг эврэн хээгээр чимжээ. Их Монголын үеийн хаад ноёдын тулганы бүслүүр эврэн хээтэй байсныг бодолцон энэ хээг сонгожээ. Тулганд мөнхийн гал бадамлуулахаар төлөвлөжээ. 

Ханан хөшөөний наахна боржин чулуугаар тайз хийчихэж. Тайзны өмнө мянга гаруй метр квадрат талбайтай юм. Мөн л тэр чигтээ боржин чулуугаар хийж. Энд шоу, ээжийн баяр, хурим найр гээд олныг хамарсан арга хэмжээнүүдийг зохиож болох юм байна. Төрийн ордны өмнөх шиг морьтой баатрын хөшөөг ч байрлуулах гэнэ. Гэхдээ эмэгтэй баатрууд гэдгээрээ онцлог байх нь. Эскизийг нь гаргасан ч урлах ажлыг хөрөнгө мөнгөний шалтгаанаар түр хойшлуулжээ. Хөшөөт цогцолбор руу боржин чулуун шатаар өгсөж гарахаар юм билээ. Биднийг очих үед шат хийх ажил ид өрнөж байв. 

Хөшөөт цогцолборын наад талд гурван одтой зочид буудал барьж эхэлжээ. Каракас нь бэлэн болчихож. Хөрөнгө мөнгөн дээр асуудал гарсан учраас  барилгын ажил зогсчихоод байгаа юм байна. Зочид буудлын хажууд усан оргилуурын суурь цутгасан харагдав. Зочид буудлын барилгын ажилд гадаадын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байгаа аж. Хоёр ч компани руу мэйл илгээжээ. 

“Сайхан Булган” компанийн хувьд барилгын салбарт бизнес эрхэлдэг аж. Аялал жуулчлалын салбар руу гурван жилийн өмнөөс л оржээ. А.Лхамжав “Би Монголдоо нэг барьцтай юм үлдээе гэж насан туршдаа бодсон хүн л дээ. Туулсан амьдрал, давсан даваа бүхэн минь энэ цогцолборыг бүтээхийн төлөө байжээ гэж бодож сууна. Манайх дөрвөн хүүхэдтэй. Мөнгө төгрөг, алт, эрдэнэс бэлдэж өгснөөс сайхан амьдрах  ухаан, боловсролыг өгье гэдэг зарчмаар хүмүүжүүлсэн. Бүх зүйл нь бэлэн бол амьдралын зорилгогүй болчихно. Амьдралын зорилгогүй хүнд ажиллах, бүтээх хүсэл төрөхгүй шүү дээ. Сүүлийн хэдэн жил хийсэн бизнесийнхээ мөнгөө энэ бүтээн байгуулалтад зориуллаа. Харамсалтай нь энэ хүртэл яваад  хөрөнгө мөнгөний шалтгаанаар  эрч нь сулрах юм шиг байна. Гэхдээ яаж ийж байгаад хийж дуусганаа. Бүх л гарц, боломжийг хайна гэж бодож байна” хэмээн ярилаа. 

Энэ хашаанд босох бас нэг бүтээн байгуулалт нь 21 дарь эхийн номын өргөө гэнэ. Өндөр гэгээн Занабазарын тэг жаягаар Непальд цэвэр алтаар цутгуулах бололтой. Өргөөгөө  барьсны дараа дарь эхүүдээ бүтээх юм байна. Мөнгөтэй эрхмүүд дарь эх бүтээх ажлыг нь ивээн тэтгэх санаа оноогоо хэлээд эхэлжээ.  

Өөр нэг анхаарал татсан том ажлыг “Сайхан Булган” компанийнхан энд хийгээд амжчихаж. Аялал жуулчлалын цогцолбор байрлах 17 га газрын нүүрэн талыг л төмрөөр хашаалжээ.  Хоёр хажуу, хойд хэсэгт нь хайлаас эгнүүлжээ. 11 мянган хайлаас тарьсан гэнэ. Их сайн ургажээ. Өнгөрсөн жил тарьсан хайлааснуудын бараг 90 гаруй хувь нь ургажээ. Зарим хайлаас нь бүр метр гаруй өндөр ургасан харагдав. Тэгэхээр энэ хавь хайлаас модон хашаатай болох нь. Компанийн захирал “Заримдаа ажил бүтэхгүй болохоор сэтгэл тавгүйтэх үе гарна аа. Яг тийм үед ургаж байгаа моддоо харахаар сэтгэл сэргээд л ирдэг юм. Энэ жил тэнгэр хангай хураа харамласангүй. Модод маань үнэхээр сайхан ургалаа” гэж хэлээд инээмсэглэв. 

Хөшөө, зам талбайн ажилд нийтдээ тавь гаруй хүн ажиллаж байна лээ. Гурван одтой зочид буудал, хөшөөт цогцолбор, 21 дарь эхийн номын өргөө, гэр, байшин, хатдын өргөө сүндэрлэх энэ цогцолборт сэргээгдэх эрчим хүч ашиглана гэж “Сайхан Булган” компанийнхан төлөвлөж байгаа юм билээ. Тэд энэ цогцолборын бүтээн байгуулалтад хамтарч ажиллах түншээ хайж байгаа гэнэ.  


Ц.БААСАНСҮРЭН

У.УУГАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *