Categories
мэдээ цаг-үе

Үүлэн чөлөөний наран буюу суут Пушкин

Ариун гараар бүтэшгүй хөшөө дурсгалаа босгов би

Ард түмний мөр түүний зүг балрахгүй зурайна

Айн дагахгүй тэргүүнээр тэр хөшөө минь сүндэрлэж

Александрын дурсгалын баганаас ч өндөр байна

Үгүй, би үхэхгүй сэтгэл санаа минь амьдаараа

Үнс чандраас минь салж, зохиолд минь лав үлдэнэ

Нарт энэ хорвоод яруу найрагч байгаа цагт

Намайг тэд хэзээд дурсана

Нэлэнхүй орших хэлтэн, талын найз халимаг ч тэр

Өөрийн зохиол бүтээлээр сайн сэтгэлийг оргилуулан

Өршөөлгүй дорд олныг энэрээч гэснээрээ би

Өргөн түмний хайрыг хүлээнэ

Тэнгэрийн зарлигийг Муза минь дуулгавартай дагаарай

Тэмцэлдэж зэрэг нэхэлгүй бас гуталгүй яваарай

Тэрслэн гүтгэх долигонон магтахыг бүү ойшоогоорой

Тэнэг мулгуу хүмүүстэй бүү маргаарай.

Энэ бол агуу суут Пушкины “Хөшөө дурсгалаа босгов, би” гэдэг шүлэг. Дунд сургуулийн уран зохиолын хичээл дээр энэ шүлэг яагаад ч юм ер бусын гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэгээд өөрийн сонирхлоор хичээлийн хөтөлбөрөөс гадуур А.С.Пушкины тухай хэр хэмжээндээ л судалсан юмдаг. Ямартаа ч нэг л мэдэхэд орчуулагдсан бүтээлүүдийг нь яаж ийгээд уншчихсан байв. Түүнийг Оросын утга зохиолыг үндэслэгч хэмээн өргөмжилдөг. Манайхаар бол агуу их Д.Нацагдорж гэсэн үг л дээ.

А.С.Пушкины аав нь сурвалжит газрын эзэн, харин эхийн талын өвөө нь Их Пётр хааны бэлэг болон ирсэн этиоп үндэстэн боол байж. Пушкин 1811 онд Петербургт нээгдсэн лицей сургуульд авга ахынхаа дэмээр орж зургаан жил суралцаад Гадаад яаманд ажиллахаар хуваарилагджээ. Пушкин бусдаасаа айхавтар гоц гойд ялгарсан сурлагатай ч байсангүй. Гэвч яруу найрагт маш дуртай, энэ тал дээр айхавтар авьяастайг нь бүх багш нар нь хүлээн зөвшөөрдөг байжээ. Пушкин 1820 онд алдартай романтик, хайр дурлалын “Руслан Людмила хоёр” гэдэг найраглалаа бичлээ.

Уг найраглал нь түүнд багагүй алдар нэр авчрав. Гэсэн ч мань эрийн шүлгүүд нэлээд улстөржсөн аястай болж, түүнийхээ “шанг” ч хүртэн цөллөгт хүртэл явлаа. Түүний бичсэн “Эрх чөлөөний магтуу” зэрэг шүлгүүд нь хаант засгийн эсрэг чиглэсэн тэрс шүлгүүд гэгдэн I Александрын зарлигаар Сибирьт цөлөгдөх дөхсөн ч Карамзин зэрэг хүмүүсийн тусаар Оросын өмнөд рүү нутаг заагджээ. Ийн нутаг заагдан Кишиневт хоёр жил амьдрахдаа Кавказ, Крымээр хэрэн аялж, “Кавказад олзлогдогсод”, “Бахчисарайн оргилолт булаг” зэрэг шилдэг найраглалуудаа бичжээ. Тэдгээр найраглалууд нь тунчиг өндрөөр үнэлэгдэн нэр алдрын өндөр оргилын бэлд түүнийг авчирсан ажгуу.

Пушкин уг нь 1823 онд Одесса руу нүүж суурьшсан хэдий ч төд удалгүй бас л хаант засагтай тэрсэлдсэн гэгдэж умард Орост байх Михайловское тосгонд дахин цөлөгдлөө. Уг тосгонд түүний эцэг, эх амьдардаг байв. Ийнхүү явсаар 1826 онд I Николай хааны өршөөлөөр Петербургт буцан ирлээ. Гэсэн хэдий ч засгийн газрынхаа хатуу хяналтад амьдарсаар. Ингэж хяналтад амьдрах шалтгаан нь 1825 онд гарсан “Декабристуудын хуйвалдаан”-ы дараа Орос оронд бий болсон улс төрийн нөхцөл байдлын улмаас бичсэн зохиолуудтай нь холбоотой байв.

Түүний Одесст өнгөрөөсөн цаг үе ихээхэн уйтгар гунигтай, шаналантай байсан гэдэг. Тэндхийн амбан захирагчтай таарч тохирохгүй, дээрээс нь нэрмээс болоод эхнэрээ Пушкинтай харддаг, өөрт нь зориулан өөдгүй шүлэг бичсэн зэрэг шалтгаар хаандаа хов зөөж мань хүнийг ажилгүй болгоод зогсохгүй бүр Михайловское тосгон руу цөлүүлж дөнгөсөн байгаа юм. Харин цөллөгт гуниг дүүрэн амьдарч байхад нь зэргэлдээх тосгонд нь А.П.Керн гэгч хатагтай ирсэн нь Пушкины сэтгэл санааг өргөөд зогсохгүй хатагтайд зориулсан алдартай шүлгээ ч бичжээ.

“Агшин зуурын үзэгдэл мэт

Аргагүй сайхны суу мэт

Анхил чамайгаа олж үзсэн

Алтан хормыг би дурсдаг

Итгэлээ барсан гунигаар дүүрч

Идтэй шуугианд зүдрэн байвч

Ялгуун дууг чинь удтал сонсож

Янагийн царайг чинь зүүдэндээ баясдаг

Он жилүүд түүнийг минь баллаж

Оч нь бадарсан эрмэлзэл минь замхраад

Одноос тунгалаг чинийхээ царай

Онцын эелдэг дууг чинь мартав

Ариун тэнгэр, хөгжил ч үгүй

Амьдрал, дурлал, нулимс ч үгүй

Алан тамлагч харанхуйн дунд

Алжаалтай өдрүүд минь өнгөрсөөр байна

Царсхийх үзэгдэл мэт

Сайхан бүхний суу мэт

Сэргээгч чи минь дахин үзэгдэж

Сэтгэл зүрх минь амьдарч эхэллээ

Ариун тэнгэрийн хөгжил орж

Амьдрал, дурлал, нулимсыг үзэж

Амраг зүрх минь баясгалангаар цохиж

Ашдын сэрэл намайг хөгжөөж байна” гэх шүлэг билээ. Тэрээр 1830 онд аавынхаа эдлэнд “Евгений Онегин” романаа бичиж дууслаа. А.С.Пушкины бүтээлүүдэд Вольтерын хошигнол, Байрон, Шекспирийн уянгалаг шинж чанарын нөлөө багагүй ажиглагддаг гэж судлаачид үздэг. Түүний зарим бүтээлүүд дуурь болон тоглогдож үзэгчдийн хүртээл болсон байдаг. Михайл Глинкагийн “Руслан Людмила хоёр” (1842 он), Пётр Чайковскийн “Евгений Онегин (1879), “Гилбэрийн хатан” (1890), Модест Мусоргскийн “Борис Годунов” (1874), Николай Римский-Корсаковын “Салтан хааны үлгэр” (1900) зэргийг дурдаж болох юм. Түүний

• “Руслан Людмила хоёр”

• “Кавказад олзлогдогсод”

• “Бахчисарайн оргилолт булаг”

• “Цыган”

• “Полтава”

• “Бяцхан эмгэнэл”

• “Борис Годунов”

• “Салтан хааны үлгэр”

• “Алтан тахианы үлгэр”

• “Алтан загасны үлгэр”

• “Евгений Онегин”

• “Зэс морьтой хөшөө”

• “Гилбэрийн хатан”

• “Пугачёвын бослогын түүх”

• “Хурандаагийн охин” гээд олон алдартай бүтээлүүдийг дурдаж болох юм.

Пушкин 1831 онд Наталья Гончарова хэмээх үзэсгэлэн төгс бүсгүйтэй гэрлэв. Харамсалтай нь 1837 оны нэгдүгээр сарын 27-нд тэрээр эхнэрт нь санаархагч франц язгууртан Жорж Дантес гэгчтэй дуэль хийж, уг тулаанд авсан шархаа даалгүй хоёр хоногийн дараа амьсгал хураасан юм. Энэхүү үйл явдлын шуугиан дуулианаас айгсад зөвхөн ойр дотны хүмүүсийг нь л оролцуулсан оршуулгыг ихэд нууц байдлаар зохион байгуулж, Михайловское тосгоны ойролцоо орших Успенскийн дацангийн оршуулгын газарт хөдөөлүүлжээ. Тэрээр ердөө 38-хан жил амьдарсан боловч уран зохиолын ертөнцөд өөрийн ул мөрийг тодоос тод үлдээсэн үүлэн чөлөөний нар байсан билээ.


One reply on “Үүлэн чөлөөний наран буюу суут Пушкин”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *