Categories
мэдээ улс-төр

Уул уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.3 орчим их наяд төгрөгт хүрчээ

Уул уурхайн сайд Р.Жигжид “Сайдын цаг” уулзалтад оролцо. Тэрбээр УИХ-аар баталсан хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Ашигт малтмалын тухай хуульднэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Засгийн газраас тогтоосон талбайд шинээр олгож эхэлжээ. Нийт нутаг дэвсгэрийн 19,9 хувь буюу 31 сая га талбайг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж тогтоогоод тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэнэ.

2015 онд шинээр 48 уурхай, баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтанд орж Улсын комисст хүлээн авчээ. Эдгээр уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 6000 шахам ажлын байр бий болж, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.3 орчим их наяд төгрөгт хүрсэн байна.

Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд 2015 оны 12 дугаар сарын 16-нд гарын үсэг зурж, олон улсын нэр хүнд бүхий 15 банк, санхүүгийн байгууллага Оюутолгой төсөлд 4.4 тэрбум ам.долларын зээл олгохоор боллоо. Ингэснээр Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжтой болж байна гэж сайд хэллээ.

Эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй үед алтны олборлолт, тушаалтыг дэмжихээр олон чухал арга хэмжээг авч байна гэж сайд хэллээ. Монголбанкинд тушаасан алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгосноор Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж энэ оны 11 сарын байдлаар алт олборлогчид 13.9 тн алт тушаагаад байна. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгөнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах 256 тэрбум хүртэлх төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгох, санхүүжилтийн эх үүсвэрийн үндсэн төлбөрийн 50 хүртэл хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргах тухай Засгийн газрын 311 дүгээр тогтоол гарч, Монголбанк, Сангийн яам, Уул уурхайн яам хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү зээлийг олгож эхэлснээр ирэх онд Монголбанкинд тушаах алтны хэмжээ 20 орчим тоннд хүрэх боломж бүрдэх юм.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 94 хувийг ОХУ-аас, 2 хувийг БНХАУ-аас, 2 хувийг БНСУ-аас, үлдсэн хувийг Литва, Сингапур зэрэг бусад улсаас импортолж байна. Бүтээгдэхүүний 54 хувийг дизелийн түлш, 36 хувийг автобензин, 1 хувийг онгоцны түлш, 9 хувийг хий, тос, мазут зэрэг бусад төрлийн бүтээгдэхүүнүүд эзэлж байна. Засгийн газрын 2015 оны 438 дугаар тогтоолоор нефть бүтээгдэхүүний онцгой албан татварын хэмжээг боомтоор нь ялгавартай тогтоосноор баруун таван аймаг, зүүн гурван аймагт нефть бүтээгдэхүүний жижиглэн худалдаалах үнийг 180-400 төгрөгөөр буулгаж чадлаа гэж Уул уурхайн сайд хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *