Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өтгөсөөн өргөсөн Элжигэний Цагаан сар

Цагаан сар. Дэлхийд ийм элгэмслийн, төрт ёсоо хүний мөн чанартай сүлсэн, бас эх байгаль, нүүдэлчин ахуй, эрчимт тэнгэр огторгуйтайгаа амин хүчээр холбогдсон уламжлалт баяр бий гэж үү. Эрэхүйеэ ховор гэж бодно. Үүндээ би монгол хүмүүн болж төрсөндөө баярладгийн адилаар мадаггүй итгэдэг. Мэдээж хүн бүр л хахир өвлийг давж, урин хавартай золгосны тул, басхүү нэг нас нэмж нахиалсны баяр гэх нь зүй.

Олон төрийн нүүр үзлээ гэдэг шиг олон чиг Цагаан сарын нүүр үзжээ. Эдүгээх хотын Цагаан сараас өмнө аймгийн, сумын, бригадын (багийн), геологийн суурингийн, бүр малчны хотны Цагаан саруудаа тэврэн ёсолсоор ирэв. Эдгээрээс хамгийн сэтгэлд мөрөө үлдээж, оргилоо өргөсөн нь

малчны хотны буюу нүүдэл ахуйн гүн дэх Цагаан сар манлай эрхэм ээ!

Миний үзсэн хамгийн анхны Цагаан сар бол Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бахлаг бригадад тохиосон санагдана. Аав Битогтох тус суман дахь Улаан-Уулын геологи хайгуулын экспедицийн жолооч, ээж Зина эмнэлгийн сувилагчаар ажиллана. Шинэ жилээс өөрийг эс мэдэх, казах голдуу сурагчтай нэгдүгээр ангийн хөвгүүн би нэг удаа аавтайгаа дөрвөд айлаар зочиллоо доо. Аавын монгол ахуй, монгол ёс руугаа татагдах тэмүүлэл нь байв уу, эс бөгөөс хүүгээ үндэснийхээ өв уламжлалд ойртуулах гэсэн зорилго байв уу. Одоо санах нь ээ аль аль нь байж дээ. Аав маань ер нь үндэсний үзэлтэй, тухайн үеийн сэхээтнүүдээс ч дээгүүр үнэт зүйлээ дээдэлдэг Элжигэн халхын цөст нэгэн байсан юм. Бяруузана гэдэг айлд аав бид хоёр ЗИЛ-130 машинтай дөрөө мултлав. Тэднийд аав геологийн суурингийн дэлгүүрээс хоёр шил архи, чихэр, еэвэн, торго гээд аар саархан бэлэгтэй очиж байсан санагдана. Ээж бэлтгэн өгдөг байж. Малчны хотонд очих сайхан. Өтөг бууцны үнэр пүнхийгээд л.. Хонь малын майлах дуунд хөрстийн цас ч ханзарч, хүний сэтгэлийн цөн ч түрдэг нь балчир надад Цагаан сартай цуг цээж дүүргэж билээ. Бяруузана гуайн зассан Цагаан сарын тавгийн идээ тун чиг анхаарал татав. Одоогоор гүрмэл гэгддэг боовоор давхарлан тавгийн идээгээ засчээ. Бууз жигнэж, мах чанаад л. Өвчүү тавьсан байсан санагдана. Ааваас асуулаа. “Энэ нөгөө нэгдэлчдийн, малчдын баяр нь болж байгаа юм уу”. Аав хэлж байна. Уг нь Цагаан сар гэдэг юм гээд санаа алдаж билээ. Монгол эрийн тэрхүү санаа алдалтын учир юунд оршин байсныг хожим мэдсэн билээ. Би ааваас “Яагаад Цагаан сар гэдэг байсан юм бэ” хэмээв. Тэр үед би хэдий нэгдүгээр анги ч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс”-ыг уншчихсан додигор уншигч байсан л даа.

Аав “Хаврын эхэн сарын эхний өдөр сар үзэгдэхгүй. Харанхуйг цагаан болгох үүднээс цагаан идээгээ дэлгэж, сүүгээ өргөж, харанхуй сарыг цагаан сар болгож байгаа юм” гэж тайлбарласан. Энэ ойлголт анхны “А” үсэг заасан багшийн мөрдлөг шиг сэтгэл оюунд хадагдаж билээ.

Бяруузана гуайн эхнэр (нэрийг нь мартжээ) их сайхан зантай “Ид, уу” гэж урдуур хойгуур бөндгөнөөд л. Надад бууз, хайлсан тос, чанасан мах нь сонь үл хөдөлгөнө. Зассан тавгийн идээн дунд гүрмэл боовны нэгээхэн хэсэг ихэд

шажигнуулан идэх дур асаана. Би ээжийн хайрсан боовноос яльгүй түлэгдсэн улаануудад нь дуртай. Тавган дахь яг тийм хэсгээс нь хэлтлээд л идээд байв. Аав санаа нь зовж хааяа нударна. Хэрэг бишдэв. Дунд хэсгээсээ эмтлүүлсээр Бяруузана гуайн тавгийн боов нурж орхив. Ааваас илүү дөрвөд айлын тэргүүнээс ихэд айж, одоо ч “Цагаан сар ба хар нулимс” ч жинхэнээрээ боллоо доо гэж зүрх түгшин бодов. Аав “Цагаан сарын тавгийн идээний боов нураачих юм” гэж аашлав. Харин Бяруузана ах баяртай байна. “Өнөөдөр тавгийн идээгээ яг хураах гэж байсан юм. Гурав ч хоночихлоо. Одоо сумын төвд дотуур байранд байгаа хүүхдүүд рүүгээ боож явуулна аа” гэж билээ. Гэм зэмээс ийн мултрав. Харин ч надад тэрхүү тавгийн гүрмэл боовноосоо чамгүйг цаасанд боон бэлэг хүртээв. Эгч

Пүрэвсүрэндээ, ганц хоёр найздаа анхны үзсэн Цагаан сарын хосгүй бэлэгтэй буцах болсон бяцхан зүрх огт өөрөөр цохилж байлаа.

Тун саяхан манай Өндөрхангайн сургуулийн захирлаар олон жил ажилласан, гавьяат багш, түүх судлаач Элжигэний бух овгийн Д.Түмэнжаргал багштайгаа би Элжигэн түмний Цагаан сарын тухай хуучилсан юм. Багш өгүүлрүүн:

-Би Хан Хөхүй нутагтаа, Цагаанхайрхан суманд 1940-өөд оны сүүлээр сургуульд орж 1954 онд долдугаар ангиа төгссөн юм. Тэр үед л Цагаан сар тэмдэглэж буйг биеэр үзсэн дээ. Харин 1950-иад оны сүүлчээс эхлэн Цагаан сарыг тэмдэглэхээ больж зөвхөн нэгдлийн гишүүд тэмдэглэдэг Нэгдэлчдийн өдөр болгосон юм. Тухайн үед Намын төв хорооны нарийн бичгийн дарга Төмөр-Очирын өгүүлэл намын “Үнэн” сонинд гарсан даа. “Хотод гэрээ зарж Цагаан сар тэмдэглэж буй тул хориглох хэрэгтэй байна” гэсэн лут шүүмжлэл гарсан хэрэг. Үүнээс хойш 160-1980-аад онуудад би Малчдын баяр хэмээх Цагаан сарын баярт очихоо ч болив. Угаас албан хаагч биднийг очихыг хориглодог, чөлөө ч өгдөггүй байв. Бага ахуйн Цагаан сар үнэхээр сайхан дурсамжтай. Хот айл бүхэн ендэртэй. Өвөлжөөнийхөө ойр орчмын толгой, бага шиг уул, товгор дээр чулуун овоо босгоно. Манай Элжигэн түмний өрх бүр өглөө эрт цай, тавгийн идээгээ бариад ендэрээ гурав тойрно. Идээгээ өргөөд байгаль дэлхий, тэнгэр хангай, лус савдагтаа гурав мөргөнө. Гэртээ ирэнгүүт өндөр настан айлдаа тавгийн идээгээ бариад эхэлж золгоно. Ахмад настнаа хүндэлж, өтгөсөө дээдлэх нь Элжигэн халхчуудын хувьд нэн онцгой. Мэндлэхдээ “Бие амархан, сүрэг мэнд онд тарган оров уу” гэж эхэлнэ. Харин баяд, дөрвөдүүд “Он гарав уу” гэдгээрээ ялгаатай. Харин “Даага далантай, бяруу булчинтай оров уу” гэхчлэн хэлц мэндийг хэлдэггүй байсан. Элжигэн айл Цагаан сараар “таташ”-аа амтархан иднэ. Дайны дараахь үе учир гурил будаа ховордуухан. Тавгийн идээгээ голдуу дугариг боов, мушгиа боовоор засна. Зүгийн идээгээ хүүхдүүдэд хуваана. Үхэр, адууны махыг хянгар, хаюураар том томоор хавтгайлан зүсч чанана. Тогоонд өөх алагласан таташ мах шар тос нь эргэлдээд дүүрэн байдаг сан. Аягалаад хүүхдүүдэд хүртээнэ. Бурхны идээг зочинд хүртээхгүй. Хонины толгой, сүүл, гургалдай, хонготой шаант чөмөг, дал дөрвөн өндөр чанаж бурханд өргөнө. Ууц бараг тавьдаггүй байсан даа. Цагаан сарын шинийн

нэгнээс хойш гурав хоногийн дараа хураахдаа нэг хэрчим гургалдай, нэг ширхэг хавирга, шаант чөмөгтэй хонгоноос нимгэн зүсч, боов сүүлний хэрчим, хайлмагийн хамт дотуур байранд буй хүүхэд бидэнд илгээнэ. Үүний тэсч ядан хүлээдэг сэн”. Багш ийн өгүүллээ.

Мөнөөх дөрвөд айл яг л ийн хүүхэд рүүгээ Цагаан сарын идээний дээжээ илгээж байж шүү. Түмээ багш бас ингэж дурссан. “Элжигэн халхчууд маань өндөр настандаа завал бэлэг хүртээнэ. Хүргэж өгнө. Үүнийг тасалдуулна гэж ёстой үгүй. Том нүгэлд унана” гэж өгүүлэв. Их эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсан 1206 оны улаан барс жилээс эхлэн намар тэмдэглэдэг Цагаан сарыг хавар ёслох болсон билээ. Өөрөөр хэлбэл, бүгдийн үүтгэл хаврын баяр буюу төр ёсны баяр болгон шинэ утга агуулга, үнэт зүйлээр баяжуулсан тэмдэглэх болсон нь нүүдэлчдийн эзэнт гүрний эв нэгдлийг хангах дээд баяр, аугаа ёслол болж байлаа. Хүүхдэд бэлэг хүртээх, өндөр настанд хишиг хүртээх өдгөөгийн ёс нь Чингис хааны үеэс эхтэй. Их эзэн хаантан анхны Цагаан сараар 88 гавьяатныг шагнаж байв. 1216 оны Цагаан сараар Чингис хаан 60-120 настнуудад улсын сан хөмрөгөөрс шар алт мянган лан, цагаан мөнгө түмэн лан, зотон даавуу арван түмэн хэсгийг гаргах зарлиг буулгаж байсан нь манжийн эзэгнэлийн өдрүүдэд ч, хожмын Богд хаант Монгол Улсын үед ч, Цагаан сарыг хориглох босон социализмын он жилүүдэд ч арилж баларсангүй. 120-иос дээш настныг олбоос Их өтгөс цол олгож надад бараадуул хэмээн их хаантан зарлиглаж байсны ул мөр Их Монгол Улсын үед Хишигтэн цэргийн үүрэг гүйцэтгэж байсан Элжигэн түмэнд уламжилж иржээ гэж болно. Цагаан сарын шинийн нэгний өглөө монголчууд төрийн тэргүүнийхээ орд өргөөний зүг хандан залбирч, төрийнхөө сүлдэнд мөргөн ёсолдог уламжлалыг Хан Хөхүйн Элжигэн халхчууд яв цав дагадаг байж. Миний буурал аав болох хошуу ноёны дагалдан дууч Төмөр өөрийнхөө хүүдээ буюу миний аавд дурсан ярьж байж. Үүнийг аав маань надад өгүүлсэн нь цээжинд өрөмтөн хоцорчээ. Цаг эргэж, 1988 оноос эхлэн Цагаан сарыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх болсон нь миний дунд сургуулийн дунд үед тохион, сонин гойдоор сэтгэл урлан үлдсэн байх юм. Ялангуяа хөдөөний, малчны өвөлжөөн дэх Цагаан сарын баярыг гүйцэх хөөр баяр хаа билээ. Ах дүүсээ мэдэлцэж, өтгөс буурлаа хүндлэх эрэмбэ ёсыг хадгалсаар ирсэн Цагаан сар чухамдаа хот суурингийн мань мэтэст тун амин мөр болдог авч сүүлийн жилүүдэд Ковидын улмаас маш хурдан сарних болсон нь сэтгэл эмзэглүүлнэ. Ерөөс Цагаан сарын шинийн нэгний өглөө бол монгол хүмүүний сэтгэлийн өрхийг татаж, зүрхний уудмыг нь нээдэг, онгойлгодог. Хорвоогийн сайн мууг нугалсаар шинэ өдөр, онтой золгож буйгаа мэдрэх шиг том таашаал үгүй. Хаврын салхи нь энх амгалангийн элч мэт насны бадгуудыг илбэн мэхэлзэнэ. Хаврын анхны бүүдгэр нар нь харц мялааж, илч нь өтгөсийн гарын алга адил таалж, аманд шар тос мэт амтагддаг. Энэ нь хөдөө буйдын Цагаан сарын өглөө илүүтэй мэдрэгдэнэ. Би монгол хүн гэх бахархлыг дөрөө харшуулж, жолоо сунган, ташуурын тас няс хийх дуутай зэрэгцүүлэн өргөдөг юм. Цагаан сар ийм бахтай. Хан Хөхүйн савдаг битүүний орой айл хотлоор тойрон зочилж, ахас ихэсээ хэрхэн өргөж буйг харж болгоодог гэж үздэг тул элбэг дэлбэг, энх мэнх харагдах ёстой гээд хөгшин залуугүй Цагаан сардаа сайтар бэлддэг сэн.

Ховдын багшийн дээд сургуулийг төгсч ирсний дараахан Өндөрхангай сумандаа дөрөв, таван жил мал маллав. Аав ижийн буяныг арвижуулж, тов хийсэн малтай ч болов. Цагаан сараас Цагаан сарын хооронд мал сүрэг минь маанийн үрэл шиг өссөөр байсан билээ. Сумын аварга малчин ч болов. Тэр үед үеэлүүдтэйгээ цас манарган хатирч Цагаан сар тэмдэглэснээ ер мартдаггүй юм. Бид шинийн гурванд Цагаан сарын золголт хийхээр мордоцгоолоо. Манайх тэр үед Өндөрхангай сумын төвөөс урагш холгүйхэн орших Чигжийн голын Улаантолгой гэдэг газарт өвөлжиж байв. Баруун Хөхүй буюу баруун хярын Дэлгэрхайрханаас манай ангийн анд Мишкагийн Загдрагчаа буюу Загаа ирж аавтай золгоод байв. Нөгөө хоёр нь Уушги Дуурх гэдэг газарт өвөлжиж буй аавын дүү Баавгай ахын дунд хүү Батмөнх, Хандхүү эгчийн Баянмөнх нар. Манайд ирж аавтай золгосон хэрэг. Би шинийн 1, 2-нд хонины хишиг өдрүүдээ гүйцээсэн тул ийн мордож буй хэрэг ээ. Бүгд л өөр өөрийн амин хүлэг морьдоо сойсон байлаа. Юутай сайхан байж вэ. Манайхтай цуг өвөлжиж байсан аймгийн заан Ц.Гонгор ах “Залуу байхад ингээд л жавхалздаг сан. Цагаан сарын үеэр хүнд буруу үг хэлэв. Зөв мэндлээрэй” гэж билээ. Цагаан сараар унах морьдынхоо дэл сүүлийг сайхан тэгшхэн засна. Хурдан хүлэг шиг хусуурдан өнгөлнө. Батмөнх хүрэн зээрд, Баянмөнх халтар, Загаа хээр, би цагаан морио хөлөглөн цас манарган дөрөө харшуулаад хатирч явсан минь юутай сайхан байж вэ.

Цагаан саарал морь

Цантай тарган байдаг

Цал буурал эжийдээ

Цагтаа нэг золгоно л

..Нэгэн жингийн хоргой

Нэхүүлэн болоод тоотой

Нэгхэн хэлсэн үг нь

Зүрхний эхэнд уялгатай..

Надаас олон ардын дуу мэдэх тэдний эрдүүхэн бөгөөд уянгалаг хоолойг түрсээр омруу, цээж нь цантсан морьдынхоо хамраас уур савсуулан, дөрөө харшуулан дуулаад хатирууланхан, давхинхан хурд хуваах шиг аатай жаргал ховор шүү. Ялангуяа Цагаан сарын үеэр шүү дээ. Бид тэр хавийн Шар Дорж, Мянгаалаа, Оохио Дандгиа, эрүү Тэрбиш зэрэг нутгийн арав гаруй буурлуудаар дөрөө мултлан хадаг өргөж, нэрмэлд халамцахын зэрэгцээ даалуу тавьж, хөзөр эргүүлж, бүсгүйчүүдийн сайхныг давхар сонжин Цагаан сарын золгуут буюу айл хэсэлтээ хийчихэж байгаа юм. Бургаст шугуйд ч, уудам хөндий, уулын хавцалд ч бидний адил залуус тааралдан, зөрцгөөн, хөр цаснаа дээлээ шуун барилдаад, “Монголын залуус нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой”-г илэрхийлэн эелдгээр тэврэлдэн хоёр тийш Цагаан сарын аянаа үргэлжлүүлнэ. Бас чиг бид хөөрөг барьж, гаанс төхөөрчихсөн дэгжин улс. Ингэж явах зуур бидний нэг хээр барилдаж байгаад гаансаа гээв. Бас нэг нь хөөргөө нэгэн буурлынд мартжээ. Арваад метр орчим газрын цасыг цэвэрлэн гаансаа ч олов. Зориудаар “мартсан” хөөргөө мөнөөх айлаас бид очиж авахдаа хөөрөгний эзэн маань ядарсан нэрийдлээр тэднийд үлдэв. Яагаад гэвэл тэнд цэвэр голшиг элжигэн гэзэгт байсан хэрэг. Манай нутагт хүнтэй суугаагүй бүсгүйг гэзэгт хэмээнэ. Ийм л дурсамжтай Цагаан сар болбоос 1997-1998 оны өвөл юмдаг.

Цагаан сарын Элжигэн ардын айл хэсэх заншлын талаар дээр өгүүлсэн түүх судлаач Д.Түмэнжаргал багш маань мөн өгүүлрүүн.

-Элжигэн халхчуудын Цагаан сарын ёслолд “Шөл уух” гэж байв. Ахмад айл, дотно нөхөд, төрөл садныдаа голдуу эрчүүл нь ирж шөл ууна. Ирэхийг нь хүлээж хонины гуя хадгална. Сайхан өтгөн хар шөл хийж дайлдаг сан. Цагаан сараа хүндэтгэн хот хороогоо цэмцийтэл цэвэрлэн, чулуугаар шугам жирийтэл татчихсан айлд буухад эвгүйхэн мөр гаргах вий гэмээр толигор. Унь, тооно, баганаа хүртэл гялайтал угаасан байхыг хэлэх үү. Хөнжил, үстэй дээл юүгээн салхинд гарган сэргээж, савж орхино. Айлд шөл уух, цай уух үеэрээ даалуу, үйчүүр, бугын хөлөгт тоглоом их тоглоно. Шагай ч харвана. Харин бууз хийх нь ховордуу байж. Дайны дараах үе. Нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөг 1948-1953 оны хооронд зарлачихсан. Ноос, тос, сүүний хатуу нормтой байсан болохоор зарим талаар ховор живэрдүүхэн Цагаан сараа тэмдэглэж байв. Эрэгтэйчүүд Цагаан сараараа цагаан нэхий дээлтэй. Харин эмэгтэйчүүд нь л өнгөлөг дээлтэй байсан юм. Бэлгэнд нэг метр сатин, жигүүн, ховор олдох торгыг дөрөв хуваагаад өгдөг, хошуулддаг. Сэмжин ороомог утсыг өнгө өнгөөс нь ороож бэлэглэдэг байлаа. Харин настангууддаа заавал бэлэг өргөнө. Хол нутагладаг бол хүнээр илгээнэ. Элжигэн халхчуудад энэ заншил огтоос тасарч байгаагүй. Түмээ багш ингэж өгүүлэв. Тийм ээ, Элжигэн түмний Цагаан сар ээл хайраар гэрэлтэж, их өтгөсөөн өргөсөөр ирсэн. Одоо ч гэрэлтнэм. Өдгөө би жил бүрийн Цагаан сарын шиний нэгэнд Д.Урианхай гүрү багшдаа мэхийн золгосоор билээ. Билигтэй!

Битогтохын ЦОГНЭМЭХ /МЗЭ, МСНЭ-ийн шагналт зохиолч сэтгүүлч, яруу найрагч/.

2022.01.26

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *