Categories
мэдээ цаг-үе

Утга зохиолын сургуулийн ангийнхнаа дурсахад

Төгсөлтийн баяр их сонин. Өнөө хүүхдийн баяраар хаанаас ч юм балчир жаахан хүүхдүүд гарч ирээд хотын төвийг дүүргэчихдэг шиг баахан ганган дэгжин царайлаг залуус, охид хөлхөлдөөд эхэлдэг. Хавар хаврын мөнгөн хонх жингэнэсэн энэ намирсан өдрүүдэд оюутан ахуйн бэхэн цэнхэр өдрүүд маань санагддаг юм аа. Манай анги бол Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн 2007 оны сэтгүүл зүйн төгсөлт. Энэ жижигхэн сургууль утга зохиол, сэтгүүл зүйн хүрээлэл дундаа “Монголын Горький” гэгддэг асар нэр хүндтэй. “Болор цом”-ын эзэд, алдар хүндтэй сэтгүүлчид олныг төрүүлсэн буянтай эрдмийн өлгий дөө. Одоо манай сонинд гэхэд энэ сургуулийг төгссөн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга албаны даргаар ажиллаж байна. Мөнхүү Ц.Баасансүрэн, Э.Энхболд, миний бие гээд бүтээгдэхүүнүүд нь байх жишээтэй. Хэвлэлийн байгууллагуудын алинд нь ч яваад ороход төгсөгч тааралдана шүү. Мэдэхгүй нэг нь бол мэдэхгүй ээ. Нэр нь УЗНАДС гэж товчлогдоно. Нэг удаа бие даалт хийгээд хэвлүүлэх гэтэл интернэт кафе ажиллуулдаг хүн “Танайх казах сургууль уу” гэж их нухацтай асуусан юмдаг.

Анх 2007 онд сургуулийнхаа босгыг алхаж байж. Сургуулийн гүйцэтгэх захирлаар Ц.Нацагдулам гэж сайхан эмэгтэй ажилладаг байлаа. Бүх оюутныхаа овог, нэрийг бүтнээр нь мэднэ. Тэрний тэр ээ л гэнэ шүү дээ. Би тэгэхэд бараг хамгийн анх бүтэн овог, нэрээрээ дуудуулж үзсэн байх аа. Хөдөө гадаанаас ирсэн бас ч шүлэг бичдэг барьдаг гээд эрэмшүү, хэнэггүй нөхдөд эрдэм мэдлэг олгохоос гадна амьдралд сургах гэж учирлаж, аргадаж, загнаж өчнөөн юм болдог хүн. Сургуульд бол нэрнээс нь болдогсон уу ихэвчлэн шүлэг ярьсан хүүхдүүд л ирнэ. Шүлгээ хаа хамаагүй уншиж, хүн амьтан алга ташуулсан нөхөд байхад зөвхөн шөнөнийг цагаар хөнжил доороо гэрэл тусгаж биччихээд ганцаараа уншаад далд хийдэг нь байна. Эсвэл ийш тийш харж байгаад их итгэсэн ганц нэг хүнээ нударч байгаад сэмхэн уншуулдаг хүн ч бий. Яруу найраг бол сэтгэлгээний ардчилал билээ. Тиймээс оюутнууд нь их цог золбоотой. Сэтгүүл зүй, багшийн ангийнхан нь гол төлөв шүлэг бичдэг, арван жилдээ янз бүрийн арга хэмжээ хөтөлж байсан, нүүр хагарсан, сэргэлэн оюутнууд байх. Харин нийгмийн ажилтны ангийнхан болохоор заалгадаг хичээлээсээ болдогсон уу, их журамтай, тэгээд ч арван жилдээ тун онц сурч байсан байж магадгүй хүмүүс байдаг байлаа. Ямартай ч тэгж харагдана.

Энэ сургуульд би анх хотын хөөрхөн охидтой юм ярьж, нүүр хагарч үзсэн юм. Харин ангид хотын банди гэж байсангүй. Хөдөөнөөс ирсэн дийлэнх нь бордуу царайтай, арав шахам залуус байх. Миний анх харсан байж болзошгүй нь хар, бор хоёр өөр өнгийн нүдний цэцгийтэй Ж.Эрдэнэтуяа байна. Бид охиддоо зориулж ханын самбар дээр шоглосон шүлэг бичихэд нэг нь “Хар нүдээрээ хайрыгаа, бор нүдээрээ бусдыг хардаг” гэчихсэн байж билээ. Нөхөр хүмүүсийн аргыг жигтэйхэн олно. Нэг нэгэндээ тааруу ханддаг хүмүүс ч дундаа нэг найзтай байвал гарцаагүй тэр л байж таараа. Ориг пүүз энэ тэр гээд надаас тэс өөр сэдвээр ярина шүү дээ. Ц.Эрдэнэцэцэг гэж их гал дөлтэй охин байлаа. Бүх л зүйлийн урд явж байна. Ер нь ангийн охид бол жигтэйхэн царайлаг байсныг нэг удаа нийтэд нь нэг хэлээд хаачихъя. Д.Энхцацрал зохион байгуулалтын асар их авьяастай бол Г.Болортуяад бид бүхий л нийллэг, зугаалганыхаа төсвийг бариулдаг байлаа. Харин Н.Батчимэг арван жилийн сургуулийн захирлын охин. Тэр утгаараа их зарчимлаг зүйлс ярина. Үе үехэн ер санаагүй, тэс өөр өнцгөөс аливаа зүйлд ханддаг байв. Г.Баярцэцэгт мэдэхгүй сэдэв байхгүй. Бүжиглэж байсан л гэнэ, жуулчдад хөтөч хийж байлаа л гэнэ, алт ухахад хүртэл яаж угаадгийг яриад эхэлнэ шүү дээ. Тэр эдүгээ “Өнөөдөр” сонинд сэтгүүлчээр ажиллаж байна. Г.Сарнай, Батжаргал хоёр бол их сонсогч талдаа хүмүүс байж уу даа. Хөвгүүд гэвэл Говьсүмбэр аймгийн Чойрын Г.Батсуурь байна. “За ёстой мөнгө төгрөг гэрээс ирдэггүй чойрч явна” гэх мэтээр Чойрыг нь оруулж хэлбэл дандаа залруулна. “Чойрч гэж яаж байгаа юм баларлаа, хэцүү байна гэж ярь” гэх. Хэнтий аймгаас Д.Бат-Эрдэнэ байна. Аваргатай адил нэртэй. Бүр Өмнөдэлгэрийнх гэж байгаа. Шүлэг нь их уяхан даа. Говь-Алтайгаас Ч.Гэрэлчулуун, Х.Энх-Амгалан, Т.Отгонбаяр нар байна. Гэрэлчулуун өвөө, эмээтэйгээ өссөнөө ихэвчлэн тодотгож хэлээд араас нь “Буурлын буянд” гэх зэргээр хөгшин стильтэй ярьдаг нь санаанд орж байна. Т.Отгонбаяр болохоор “Хөх чоно” гэж ирээд шүлэг хэлнэ. Х.Энх-Амгалан нэг өвсний талаар шүлэг бичиж байж золтой л тэр хочтойгоо үлдчихээгүй. Ц.Хишигдорж Төв аймгийнх. “Би янз бүрийн баахан юм бичихгүй. Шууд л хүмүүст үлдэх бүтээл ганц, хоёрыг туурвина” гэж их учирласан шинжтэй ярина. Тийм ч болохоор уу түүний бүтээлээс миний толгойд үлдээгүй байна. Манай хүн нэг юм бодож байгаа байх аа.

Хоёрдугаар курст ордог жил манай сургууль “Орхон” их сургуультай нэгдэх юм боллоо. Нэг сар нийлээд буцаад салахад манайд байсан Мөнгөнхөлөг багш үлдээд харин “Орхон”-оос Төмөрчулуун гэдэг багштай ирсэн нэг л өөрчлөлт гарсан юм. Харин тэр жилээ “Монголын нууц товчоо” дээд сургууль манайхтай нэгдлээ. Ингээд Г.Энхмарт, Ц.Жаргалцэцэг, Есөн-Эрдэнэ, Саруул гээд охидтой боллоо. Чөлөө авч яваад эргэж ирсэн Х.Энх-Амгалан, Б.Түвшин, Г.Нэргүй нараар бүл нэмэв. Ингээд сургууль дотор хамаг л тэмцээн, уралдаанд түрүүлдэг болж байгаа юм. Урлагийн үзлэгийг зургаан төрлөөр явуулахад тавд нь түрүүлж, нэгд нь хоёрдугаар байрт орох жишээтэй. Спортын наадмууд зохиовол бас л бүх шагнал нь манайх болдог байлаа. Илтгэл, эрдэм шинжилгээний зүйлсийг бол Ц.Жаргалцэцэг гаргаахгүй. Сонин нь энгийн үед үг өдөж ярихад их дотогшоо шинжтэй. Тэгсэн хэрнээ илтгэлийн тэмцээнд болохоор зүгээр оролцоод байх. Гэтэл гойд нүүрэмгий Түвшин, Энхмарт хоёр тийм юмнаас хол байдгийг би гайхдаг л байсан юм.

Зохиолч Ц.Түмэнбаяр, ардын уран зохиолч Ш.Дулмаа багш манайд ур чадварын хичээл ордог байлаа. Мөн Т.Хуантхан, Б.Багуулаа, Ж.Төмөрчөдөр, Г.Гучин-Ес, Г.Хишигбадам гээд багш нараа дурдах хэрэгтэй. Гаднаас М.Билэгсайхан, Батболд, Д.Галбаатар, Ц.Оюунбадрах, А.Пүрэвжанцан гээд мундгууд ирж хичээл заана. Нийгмийн ажилтан, багшийн ангиудад хичээл ордог багш нар олон. Сургуулийн захирал Ш.Цэнд-Аюуш байсхийгээд ардын уран зохиолчдыг авчирч уулзалт хийнэ. Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Д.Цоодол гээд утга зохиолын хөх сүмбэр уулнууд ирж яриа дэлгэнэ. Одоо энэ яруу найргийн наадмуудад манай сургуулийн төгсөгчид болоод оюутнууд дүүрэн. Тэр болгон дээр очиж явжээ.

Хөдөөнөөс ирсэн оюутнууд байр хөлсөлж амьдрах нь элбэг. Хэд хэдээрээ нийлж ч амьдарна. Энэ хэрээр нэг нэгэндээ найз нөхдөөс илүү ах дүүс шиг бололцжээ. Хоолоо хувааж, хамт алхаж, хүсэл мөрөөдлөө ярилцаж явснаа эргээд дурсахад сайхан. Сургууль дээр манай ангийнхан л байнга бөөнөөрөө байж байдаг байлаа. Нэг хэсэг нь гитар тоглож, өөр хэсэг нь шүлэг бичиж, ном уншиж өдрийг өнгөрөөсөн гэгээн цаг саяхан. Сургууль манай ангийнхан цугларахад шуугиан дуутай болж тарахад нь анир гүм болдог байсан байх аа. Өнөөдөр ангийнхан маань ихэнх нь мэргэжлийнхээ салбарт төрөл бүрийн газар ажиллаж байна. Зарим нь өөр мэргэжлээр ажиллаж, нэг хэсэг нь гадагшаа сурахаар морджээ. Бас үр хүүхэд төрүүлээд ирэх маргаашийг өсгөж хүмүүжүүлж яваа нь ч бий. Сүүлийн үед уулзах нь цөөрөх гээд байгаа ангийнхантайгаа ирэх наадмаар сургууль дээрээ уулзах болзоо тавиад бичлэгээ өндөрлөе.

Сургуулийнхаа урлагийн үзлэгт ингэж оролцдог байжээ.

Спортын наадмаар хамаг медалийг нь “түүнэ” шүү дээ.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *