Монгол Улсын Шадар сайдын 2020 оны аравдугаар сарын 8-ны 123 тоот тушаалд “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт технологийн зориулалтаар уур үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагын уурын зууханд 2021 оны тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс түлэхийг хориглоно” хэмээн заасан байдаг. Гэвч “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тус тушаалын хэрэгжилтийг 2022 оны тавдугаар сарын 15 хүртэл буюу нэг жилээр хойшлуулсан.
Улаанбаатар хотод түүхий нүүрс, мидлинг түлж байгаа 100 кВт-аас дээш хүчин чадалтай 256 байршлын 464 уур үйлдвэрлэгч зуух бий. Харин 2022 оны тавдугаар сарын 15-наас эхлэн нийт 73 байршлын 182 уурын зуухны түүхий нүүрсний хэрэглээг зогсоохоор болжээ. Тус 182 зуух нь жилдээ 130 мянган тонн түүхий нүүрс, 68 мянган тонн мидлинг түлдэг байна. Түүхий болон хагас боловсруулсан нүүрсний хэрэглээг зогсоон, айл өрх, аж ахуй нэгжүүдийг төвийн дулаан болон хийн дулаанд холбох, цахилгаанаар дулааны асуудлыг шийдвэрлэх боломжтой аж. Өнөөдрийн байдлаар тус 182 зуухнаас хоёр зуухны түлшний хэрэглээг зогсоожээ.
Харин иргэд, олон нийтээс хамгийн их шүүмжлэл дагуулдаг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Далайхүү” худалдааны төвийн ард байрлах уурын зуухнаас ялгарах утааг багасгах, тухайн бүс орчмын агаарын чанарыг сайжруулахаар туршилт хийж эхэлжээ. Тус уурын зуух нь дээрх 182 зуухны тоонд багтаагүй тул яаралтай арга хэмжээ аван, зуухнаас ялгарах утааны хоруу чанарыг бууруулах технологийн шийдлүүдийг туршиж байгаа юм. Тодруулбал, дээрх зууханд 14 хоногийн өмнөөс мидлинг түлж, утаа шүүгч хуурай шүүлтүүрийг ажиллуулж эхэлжээ. Ингэснээр утааны бохирдол, тоосжилт 10-20 хувиар буурсан байна