Categories
мэдээ спорт

Өсвөрийн сумочид шилдгүүдээ тодруулна

“Wanpaku Sumo-2017” тэмцээнийг Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит болгон зургадугаар сарын 10-ны өдөр зохион байгуулна.

Японд 33 дахь жилдээ, Монголд дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Wanpaku sumo” Өсвөрийн хүүхдийн сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг JCI Централ салбар байгууллага, Монголын сүмо бөхийн холбоотой хамтран Япон Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэй явуулдаг уламжлалтай.

Энэ жил Жэй Си Ай 2017 АСПАК буюу Ази Номхон далайн чуулган болон Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохиож байгаа гэдгээрээ онцлогтой. Энэхүү тэмцээн нь хүүхэд залуучуудыг спортод дур сонирхолтой болгох, тэсвэр хатуужил, хүмүүжлийн зөв нөлөө үзүүлж, зорилгодоо хүрэхэд бяр чадал бүхнийг шийдэхгүй гэдгийг ойлгуулах, бие биенээ хүндлэн хайрлах зан чанарыг эзэмшүүлэхад зорилготой юм.

Тэмцээн 7-8 нас, 9-10 , 10-11 нас, 11-12 нас гэсэн дөрвөн насны ангиллаар шилдгүүдээ тодруулна. Гурван насны ангиллын ялагч хүүхдүүд /7-8 нас хамаарахгүй/ Япон Улсад зохион байгуулах сүүлчийн шатны тэмцээнд оролцох эрхтэй болж, зардлыг JCI Централ байгууллагаас 100 хувь даах юм.

JCI Централ байгууллагаас 2014 оны тавдугаар сарын 23-24-нд нь JCI Токио, Монголын сүмо бөхийн холбоо, Зориг сантай хамтран Улаанбаатар хотод 198 хүүхэд, багачуудын дунд анхны тэмцээнээ амжилттай зохион байгуулсан.
Улмаар 2014 оны наймдугаар сарын 03-нд Токио хотод зохион байгуулсан “Wanpaku Sumo” Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээнд анх удаа монгол хүүхдүүд оролцсон. Япон улсын 40 мянга гаруй хүүхдээс шалгарч, Токио хотноо болсон эцсийн шатны тэмцээнд 396 хүүхэдтэй эр зориг, ур чадвараа дайчлан барилдаж Б.Баярболд гуравдугаар байр эзэлж “Сэкивакэ” цолоор шагнуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *