Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд муудаж байна гэв

Өнөөдөр “Холидэй Инн Улаанбаатар” зочид буудалд монголын өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын талаар хурал болов.

“Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” семинарын үеэр мэргэжилтнүүд өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд хурцдаж байгааг онцолж байв. 13-17 насныхны 23 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан, 9.6 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох оролдлого хийжээ.

Монгол Улсын хэмжээнд 450 мянга гаруй өсвөр насны хүүхэд байгаа бөгөөд тэдний эрүүл мэндэд тулгарч буй асуудал их байгааг 2013 онд хийсэн “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны дүн харуулж байна.

Монголын өсвөр насныхны архи, тамхины хэрэглээ 2010 онтой харьцуулахад өссөн дүн

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 2010 оноос хойш 2.5 дахин нэмэгдсэн байна. Үүнд мэдрэлийн ядаргаа-неврозоор болон төрх үйлийн эмгэгээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн дийлэнхийг эзэлж, тоо нь өссөөр байна. Эдгээр хэвтэж эмчлүүлсэн хүүхдүүдээс 15-18 насныхан хамгийн их хувь эзэлж байгаа аж.

Мөн тус төвд цахим тоглоомонд донтож, хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн насны бүтэц нь 11-16 насныхан голчилж, 2015 онд Хүүхдийн сэтгэцийн эмнэлэгт компьютер болон дэлгэцийн донтолттой 41 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн.

“Өсвөр үеийнхэн бол нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах ирээдүйн нөөц, боломж. Тэдний хөгжилд хөрөнгө оруулснаар Монгол Улсын ойрын ирээдүйд эрүүл чийрэг, боловсролтой, амьдрах чадвартай, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх замаар ядуурлыг бууруулах буюу тэгш бус байдал, алагчлах үзэлгүй нийгмийг бий болгоход хувь нэмэр оруулах ач холбогдолтой” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес онцлов.

Тиймээс өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг олон салбарын оролцоотой хэлэлцэх, шийдвэрлэх шинэлэг арга, санаа санаачилгыг дэвшүүлэн гаргах зорилгоор Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас Канадын нэр хүндтэй Ватерлоо, Куинсийн их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Монгол контент” компани зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, өсвөр үеийнхэнтэй өөрсөдтэй нь хамтран “Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь” цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд “Өсвөр үеийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” семинарыг энэ сарын 10-нд, “Эрүүл ирээдүйн төлөө” өсвөр үеийн чуулга уулзалт энэ сарын 18-19-нд, дээрх гурван үйл ажиллагаанаас гарсан “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” нэгдсэн хэлэлцүүлгийг ирэх сард тус тус зохион байгуулах аж.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *