Categories
мэдээ цаг-үе

Устөрөгчийн хот болох том амбийцтай Ухань

Хятадын Ухань хотын тухай манайхан дажгүй мэдээлэлтэй байдаг нь тэндхийн их сургуулиудад монгол оюутнууд харьцангуй олноор сурдагтай холбоотой. Уханьд байх Төв Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулийг л гэхэд 300 гаруй монгол оюутан төгссөн бөгөөд өдгөө 50 шахам залуус сурч байна. Эд бүгд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагсад юм.

Ухань хот бол БНХАУ-ын Хубэй мужийн нийслэл нь. Төв Хятадын хүн ам хамгийн нягт суурьшсан хот юм. Ухань хот 30 орчим сая хүн амтай. Хөх мөрөн болон Жиан Хань мөрний эрэг дээр оршдог барууны маягийн том хот. Өдгөө тэнд 30 гаруй хэмийн халуунд дуниартан байгаа. Өвөлдөө -10 градус хүрдэг ч чийглэг газрын уур амьсгалын нөлөөгөөр яс янгинам хүйтэрдэг байна. Ёстой л манай ноолуур, ноосон хувцас, хөнжил аминд ордог гэж байгаа. Хотын дунд бадамлямхуа цэцэглэсэн том том нуурууд цэлэлзэнэ. Зарим нь байгалийн тогтоцоороо байгаа бол зарим нь хүний гараар бүтжээ. Нуурын эрэг дагуу амралт, тоглоомын бүсүүдтэй. Тэнд жижиг завиар салхи татуулан давхиж болно. Арай томхон онгоцонд сууж яаралгүйхэн зугаалангаа усны давлагаанд бүүвэйлэгдэн зоог барьж болно. Эсвэл хөнгөн завиар татуулан бөмбөлгөөр нисч зугаагаа гаргах нь ч байна. Гучин сая хүнийг хөгжил хөөртэй байлгах бүхий л боломж хот дотроо бий. Хоол унд, бэлэг дурсгал, унаа тэрэгний үйлчилгээ ч энэ бүхэнтэйгээ яв цав уялдаатай.
Хубэй мужийн хувьд цахилгаан тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоороо дээгүүр ордог. Өөрийн нэрийн брэндүүдтэй аж. Эдний хийсэн зургаан төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бусад улс орнууд маш дуртай худалдаж авдаг байна. Тухайлбал, энэ муж зөгийн балны экспортоороо 10 жил дараалан улсдаа тэргүүлж байгаагаа гайхуулах дуртай. Мөн сам хорхой, хавч, мөөгний экспортоороо ч улсдаа тэргүүж эхэлжээ. Хонконгийн өндөгний хэрэгцээний 50 хувийг зөвхөн хубэйчүүд нийлүүлдэг. “Angel yeast” нэртэй исгэгч нь дэлхийд алдартай. Дэлхийд экспортоороо гуравт, Азидаа нэгд ордог бүтээгдэхүүн юм. Манай хүнсний дэлгүүрүүдийн органик тасагт ч энэ исгэгч байгаа харагддаг. Мөн олон төрлийн хүнсний ногоо, төрөл бүрийн цайгаараа алдартай нутаг юм. Энэ бүхний төв цэг нь Ухань юм.
Ухань хотыг гурван том дүүрэгт хуваадаг. Их, дээд сургууль, шинжлэх ухааны төвүүд бүхий нэг том дүүрэг байх. Энэ бол Хятадын Цахиурын хөндий гэсэн үг. Сүүлийн жилүүдэд энэ хэсэгтээ маш их хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд их сургуулийн дэргэдэх шинжлэх ухааны судалгааны том төвүүдийн хийсэн шинэ бүтээлүүд аль хэдийнэ амьдралд хэрэгжиж эхэлжээ. Шөнөдөө хотын төв тэр чигтээ янз бүрийн өнгөөр гэрэлтэн анивалзана. Гэрлийн шоу, өнгийн гэрэлтүүлэг бол тэндхийн судалгааны төвийн ажлын нэг нь. Ухань хот нь шинжлэх ухаан болон боловсролын үзүүлэлтээрээ бүх Хятад даяараа гуравдугаар байранд жагсдаг байна. Үндэсний хөгжлийн бүсүүд, шинжлэх ухаан болон боловсролын хөгжлийн дөрвөн хүрээлэн, мөн түүнчлэн нэлээдгүй олон хэвлэлийн инкубатор, 350 гаруй судалгаа шинжилгээний төвүүд, өндөр технологи хэвлэлийн үйлдвэрүүд, мөн 400 мянга хол давсан мэргэжилтэн шинжээч, техникчидтэй. Үндэсний 36 их, дээд сургуулиудаас найман их дээд сургууль нь Ухань хотод байдаг нь энэхүү хотын бас нэгэн бахархал яах аргагүй мөн билээ.
Жижигдүү усан завинд сууж нөгөө эрэгт хүрэх дүүрэг бол баячуудын дүүрэг. Тэнд мөнгө уул овоо шиг байдаг хэмээн ярьдаг нь эртнээс усан боомтоор худалдаа хийж, мөнгө олж байсантай холбоотой. Энэ дүүргийн байшин барилгын хийц загвар огт өөр бөгөөд харваас бэл бэлчинтэй иргэдтэй нь ойлгомжтой.
Гурав дахь нь үйлдвэрлэлийн дүүрэг. Хийж бүтээж, үйлдвэрлэж, экспортлох гээд ажил өрнөж байдаг хэсэг нь.
Ухань хот нь Хятадын есөн муж руу нэвтрэх замтай гэдгээрээ олонд танигдсан. Мөн зам тээврийн гол төв бөгөөд олон арван төмөр зам, авто зам болон хурдны замууд энэ хотоор дайран өнгөрдөг. Ухань нь Төв Хятадын засаг захиргаа, эдийн засаг, санхүү, соёл, боловсрол, зам тээврийн төв хэмээн хүлээн зөвшөөрөгдөж чадсан хот юм. Хотын доторх гүүрэн байгууламж, хот зохион байгуулалт, байшин барилгын хийц донжийг ярих юм биш. Төлөвлөж, тэр төлөвлөгөөгөө яс баримталдаг гэсэн үг. Хүний олноор асар богино хугацаанд хөгжиж, нүд булаах болсон үзэсгэлэнт хот юм.
Хэдхэн сарын өмнө энэ хотынхон дэлхийн чихийг дэлдийлгэх нэг мэдэгдэл хийсэн юм. Тэд устөрөгчийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх замаар бүхэлдээ “устөрөгчийн хот” болно гэж хөгжлийн төлөвлөгөөндөө оруулснаа зарлалаа. Цахиурын хөндий хэмээн нэрлэгдэх их, дээд сургуулиуд, шинжлэх ухааны судалгааны том төвүүдийнхээ тусламжтайгаар Ухань хот ойрын жилүүдэд устөрөгч үйлдвэрлэлийн технологийг улам бүр боловсронгуй болгож, устөрөгчийн дэд бүтцийг сайжруулахаар зорьж байна. Мөн устөрөгчийн эрчим хүчний аж үйлдвэрийн цогцолбор, 20 хүртэлх тооны устөрөгчийн шатахуун түгээх станц барьж байгуулна. Тус хот нь 2025 он гэхэд бүхэлдээ “устөрөгчийн хот” болох, устөрөгчийн түлш үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх 3-5 үйлдвэр барих зорилт тавиад байгаа гэнэ. Эдгээр үйлдвэр нь жилд 100 тэрбум юань буюу 15.63 тэрбум ам.долларын устөрөгчийн түлш үйлдвэрлэх ажээ.
Төсөөлөхөд бэрх мэт санагдах ч тэд таван жилийн дараа үүнийгээ амьдрал дээр баталгаажуулах биз ээ. Учир нь хийхээр зорьсон л бол хэрэгжүүлдэг гэдгийг хотын түүх өөрөө өгүүлэх ажээ.
Ухань хотод ирсэн гадаадын иргэд, оюутнуудын виз авдаг төр захиргааны байгууллагад тус хотын жижигрүүлсэн макетыг байрлуулжээ. “Уул байтлаа морь шиг харагддаг” гээд манай нэг дуу байдаг даа. Түүн шиг макет байтлаа хот шиг сүндэрлэх энэ байгууламжийг харсан хэн ч дуу алдам. Өнөө гурван том дүүрэг нүдэн дээр байшин барилга, зам гүүртэйгээ тодроод ирэх юм. Нэг ч зүйл дутуу орхисонгүй. Бүр дотор нь орж амьдран суумаар барин тавин тод. Тэнд одоогийн хотын бүтэц, зохион байгуулалтаас гадна ирээдүйн төлөвлөгөө ч байна. Ирэх жилүүдэд Уханийнхан газар доогуур гурван давхар хот байгуулахаар төлөвлөсөн нь тэнд тавигджээ. Хүн ам өсөхийн хэрээр техник технологиор зодож, газрын гүнд амьдрал өрнөх нь. Тэд ингэж зорьж, түүнийхээ төлөө ажиллаж байна.
Ухань хотод ирээд сонссон бас нэгэн сонирхолтой зүйл нь иргэн бүрт байдаг онооны тухай юм. Манайд жолооч бүр 10 оноотой, зөрчил гаргавал онооноос нь хасагдаж байдаг дүрэмтэй. Хэрэв 10 оноо дуусвал бид шалгалт өгөөд оноогоо нөхөөд авах боломжтой байдаг. Харин Ухань хотын нэг иргэн 10 000 оноотой байдаг. Ямар нэгэн зөрчил гаргавал онооноос нь хасагддаг бөгөөд түүнийг нөхөж авах тухай ойлголт байхгүй. Хэрэв тухайн хүн хэрэг төвөгт тасралтгүй орсоор оноогоо дуусгавал Ухань хотод амьдрах эрхгүй болдог шийтгэлтэй. Тийм болохоор тэнд хулгай дээрэм гэх мэт гэмт хэрэг бага гардаг. Гэхдээ их хөлийн газар явуулын хүн ихтэй байдаг болохоор жуулчдыг цүнх саваа мэдээтэй яваарай гэж захина.
Тус хот олон хүнтэй гэдгийг үзвэр үйлчилгээний газар, дэлгүүрт ороод шууд мэдэрнэ. Музей үзэхээр дугаарлагсад хэд дахин мушгирч, хэдэн гудамж ороох ч тасралтгүй урагшилсаар нэг их төвөг чирэгдэл болохгүй орчих жишээтэй. Дэлгүүрт өглөөгүүр хөл багатай байснаа өдөр нь олны хөлд дарагдаж, хэдэн давхар том барилга тэр чигээрээ зөгийн үүр мэт дүнгэнэх нь толгой эргэм.
Хятадын 10 том их сургуулийн нэг болох Төв Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуульд зочлох, оюутны байранд нь амьдрах боломж тохиов. Оюутны байранд амьдарсан болохоор тус сургуулийн сургалт, оюутнуудын амьдралтай илүү ойр танилцсан юм. Тус сургуулийн анхны монгол төгсөгчдийн нэг нь Сангийн дэд сайд Х.Булгантуяа юм. Тэрбээр энэ сарын эхээр сургуульдаа айлчилсан бөгөөд Төв Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хүндэт профессор боллоо. Х.Булгантуяа сайд төгссөнөөсөө хойш энэ сургуульдаа монгол оюутнуудаа сургах, тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг тасралтгүй зохион байгуулж, хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаанд түүчээ болсоор явна.
Төв Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургууль бол Хятадын 10 том сургуулийн нэг нь. Тус сургууль нь хотынхоо зүүн хэсэгт хотхон хэлбэртэй орших бөгөөд сургуулийн газар нутгийн хэмжээ манай Дархан хотынхтой дүйцэхээр том. Тиймдээ ч хичээлийн байр хооронд оюутнууд мопедтой жирийлгэнэ. Мопедгүй бол хичээлээсээ хоцорно. Мөн оюутны болон хичээлийн байр хооронд автобус явна. Явган явахаар бол ёстой алхана гэдгийг үзүүлнэ дээ. Дулаан орон болохоор хаанаас нь бол хаанаас нь мод бут, цэцэг навч алаглана. Гудамж, талбайнууд нь гүн ногоон моддоор нягт хүрээлэгдсэн нь аагим халуунд тунчиг нэмэртэй, сэрүү татахгүй ч сүүдэрлэж өгнө. Энэ сургууль Хятадын хамгийн үзэсгэлэнтэй сургууль гэдгээрээ алдартай юм билээ. Дун нуураар хүрээлүүлсэн Луо Жа уулан дээр байгуулагдсан болохоор байгалийн тогтоц нь хараа алдам сайхан. Сургууль оюутнуудынхаа сурах орчинг бүрдүүлээд зогсохгүй аюулгүй байдлыг нь чандлан хамгаалдаг. Сургуулийн хотхон үүд бүртээ харуул хамгаалалттай бөгөөд гадны машиныг нэвтрүүлдэггүй, гадны хүн ч тэр бүр ороод байдаггүй юм билээ.
Мөн хотхон дотроо сургууль тус бүрийн хичээлийн болон оюутны байрууд, номын сан, оюутны хоолны газар, биеийн тамрын талбайнууд, чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгүүд, хэрэглээний зүйлсээ авах дэлгүүр, банк, эмнэлэг, багш, ажилчдын байр гээд бүгд бий. Оюутнууд хоол идэх, хэрэглээний зүйлсээ авах тусгай карттай бөгөөд түүгээрээ хавьгүй хямд үйлчилгээ авна. Оюутны хоолны газрууд маш том. Манайд байх олон үндэстний хоолны газар шиг олон цонхтой. Тэр бүр өөр өөр хоолоор үйлчлэх бөгөөд нэг жижиг таваг хоол 2-10 юанийн үнэтэй. Мөн хотхон доторх дэлгүүрээр картаараа худалдаа хийж болох бөгөөд архи, тамхинаас бусад зүйл худалдан авах боломжтой. Шинэ ирсэн оюутнуудыг эмнэлгийн иж бүрэн шинжилгээнд хамруулж, оношилно. Ингээд л оюутан болж, хичээлдээ чөлөө завгүй гүйлдэх юм.
Ухань хотынхон ундны усаа зөөврийн цэвэр усаар хангах бөгөөд дулаан орон болохоор халаалтын систем байхгүй. Зуны шатам халуунд хүйтнээр үлээж сэрүүцүүлэх кондишн өвөл халуунаар үлээж дулаацуулна. Оюутны байранд тог цахилгаан, ус бүгд тоолууртай бөгөөд үүнийг оюутнууд өөрсдөө төлдөг. Манайхны хувьд жихүүн нойтондуу, өвөл нь хүнд байдаг бололтой. Өвөл бол гэртээ төдийгүй хичээлийн байрандаа гадуур хувцаснаасаа салдаггүй гэсэн. Арваад жилийн өмнө цахилгааны хязгаарлалт хийдэг, дотуур байр нь хуучин бохирдуу байсан бол тэр цаг хэдийнэ ард хоцорчээ. Хуучин байруудаа буулган шинэчилж, цахилгаан таслахаа больсон нь эдийн засаг нь хүчтэй байгаагийн шинж болой.
Төв Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь дэргэдээ мөн л судалгааны хүрээлэнтэй. Хотын захиргаанаас зориуд тус сургуульд зориулан дээрх хүрээлэнг барьж өгсөн байна. Мэдээллийн багтаамжийн судалгаанаас гадна гэрлийн технологийн судалгааг хийдэг гэнэ. Цувны товч мэт жижиг хар зүйлийг асар том багтаамжтай хард диск хэмээн зааж байх жишээтэй. Мөн гэрлээр юу хийж болохыг судалдаг. Жишээлэхэд, пуужингийн эд ангийг гэрлийн технологи ашиглан энд хийдэг гэж байв. Есөн нанометр хурдтай гэрлээр хэвлэх машин гурван сая юанийн үнэтэй гэв. Био анагаах ухааны судалгаа ч энд хийгддэг. Бүтэн биеийн судалгаа, оношлогоо хийдэг ПЭТ машинаас эхлээд сүүлийн үеийн рентген оношийн аппаратын талаар ч тайлбарлаж байв. Яг одоо бол хүний хөгшрөлтийн учир шалтгааныг олохоор судалгаа хийж байгаа гэнэ.
Энэ мэт энгийн хүний төсөөлөмгүй техник, технологийг эндхийн эрдэмтэн судлаачид өдөр бүр ашиглаж, улам гүнзгийрүүлэн төгөлдөршүүлж, амьдралд нэвтрүүлсээр байна. Тэдний ажлын үр дүнд хүн төрөлхтний амьдрал илүү хялбар сонирхолтой болно. Элдэв өвчнийг ялан дийлнэ. Алс хэтдээ сансар огторгуйг эзэмших хүртэл холын зорилготой.

Үргэлжлэл бий…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *