Categories
мэдээ нийгэм

Усанд осолдох эрсдэл их байгааг сануулж байна

Онцгой байдлын албанаас ойрын үед дуу цахилгаантай бороо орохыг сэрэмжлүүлж байна. Үер усны аюулаас сэрэмжилж, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулав.

Дорнод аймгийн Баян-Уул сумын тавдугаар багт шинэ баригдаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн барилгын дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 10:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 10:32 цагт очиж 50 минут ажиллаж унтраажээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт 14 дүгээр байрны суурийн давхарт хог шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагч нар 36 минут ажиллаж унтраасан байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 15:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 4.5 км зам туулан 15:45 цагт очиж 1 цаг 10 минут ажиллаж унтраав.

Эрэн хайх, аврах ажиллагаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Цагаан-Эрэг багт оршин суугч иргэн А /34 настай, эрэгтэй/ зургадугаар сарын наймны өдрийн 18:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон гэх дуудлага зургадугаар сарын 13-ны өдрийн 08:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Тиймээс 14-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон. Зургадугаар сарын 18-ны өдөр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж өгөх хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас дахин гаргасан байна. Зургадугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нар “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч мөн л үр дүнд хүрсэнгүй. Аймгийн Цагдаагийн газартай зөвшилцөж зургадугаар сарын 20-ны өдрийн 09:30 цагт зогсоосон аж.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Баяннуур багийн “Аукей-Арал” гэдэг газар иргэн Ж /46 настай, эрэгтэй/ зургадугаар сарын 14-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон дуудлагыг зургадугаар сарын 15-ны өдрийн 00:10 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, 1 завь, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг хийлээ. Зургадугаар сарын 20-ны өдрийн байдлаар тус сумын хоёрдугаар багийн “Улиастай” гэдэг газраас зүүн тийш “Краз тохой” гэдэг газар хүртэл 8 км-т “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байна.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Хурандаа тохой” гэдэг газар Баяндун сумын харъяат иргэн Б /33 настай, эрэгтэй/ зургадугаар 19-ний өдрийн 18:00 цагт “Онон” голын усанд орж байгаад осолджээ. Уг дуудлагыг зургадугаар сарын 19-ний өдрийн 18:10 цагт хүлээн авав. Аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, тус сум дах Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн таван алба хаагч, ар гэрийн 13 хүн, нийт 34 хүн, 7 автомашинтай осолдсон газраас 200 метрийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Зургадугаар сарын 20-ны өдрийн 21:40 цагт түр зогсоогоод өнөөдөр 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Долоод багийн “Хөмөлтэйн гүүр” гэдэг газар “Хэрлэн” голд загасчилж явсан Дорноговь аймгийн харъяат иргэн Х /24 настай, эрэгтэй/ зургадугаар сарын 17-ны өдрийн 00:14 цагт хамт явсан 3 хүнээс салж алга болсон гэх дуудлагыг зургадугаар сарын 17-ны өдрийн 01:26 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, тус сум дах Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 11 хүн, 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг хийсэн ч үр дүнд хүрээгүй байна. Зургадугаар сарын 18-ны өдрийн 20:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж ажиллагааг түр зогсоов. Зургадугаар сарын 20-ны өдрийн 20:40 цагт тухайн иргэний цогцос тус багийн “Хөмөлтэйн гүүр” гэдэг газар “Хэрлэн” голын усны мандал дээр гарч ирснийг аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай зургадугаар сарын 20-ны өдрийн 22:00 цагт Дэлгэрхаан сумын чиглэлд явж зургадугаар сарын 21-ний өдрийн 01:40 цагт очиж мөн өдрийн 07:30 цагт уснаас гаргаж тус аймаг дах Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *