Categories
арын-нүүр булангууд мэдээ

Үс унахаас хэрхэн сэргийлэх вэ?

Үс их хэмжээгээр унах хэд хэдэн шалтгаан байдаг аж. Тухайлбал, ямар нэгэн өвчнөөр өвдсөн, мэс ажилбар хийлгэсний дараа үс гэнэт ихээр унадаг. Үүнийг тухайн хүний сэтгэл зүй болоод биеийн хямралтай холбож түр зуурын хэмээн үзэх нь бий. Мөн бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн эсвэл буурсан, эр эм бэлгийн гормоны тэнцвэр алдагдсан зэрэгт үс их хэмжээгээр унадаг байна. Хүүхэд төрүүлснээс хойш гурван сарын дараагаар үс унаад эхлэх нь бүсгүйчүүдэд элбэг тохиолддог. Энэ нь гормоны өөрчлөлттэй холбоотой гэдгийг эрдэмтэд судалжээ. Эрчүүдийн үс халзрах байдлыг удамшлын шинжтэй гэж үздэг. Эмэгтэйчүүдэд ч үс халзрах байдал илэрнэ.

Хальстай төмс, наранцэцгийн үр, бурам, маалингын үр, үхрийн мах, сам хорхой зэргийг хүнсэндээ хэрэглэвэл үс унахаас сэргийлдэг. Цайраар баялаг бүтээгдэхүүн болох хушга, яргай загас, бүйлс нь мөн л сэргийлэх үйлчилгээтэй. Гэмтэлтэй үсийг крантны усаар шууд угаахгүй байхыг мэргэжлийн үсчин, гоо сайханчид зөвлөдөг. Крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг учир хуурайшиж өнгөө амархан алддаг гэнэ. Хар цайны ханд үсний өнгийг сэргээдэг. Охид бүсгүйчүүд гэрийн нөхцөлд нэг ширхэг өндгийг дөрвөн халбага коньяк юм уу, ликёртой хольж хутгаад үсэндээ түрхэн, өнгөлөг сэвсгэр болгодог арга бий.

Унаж буй үсийг ганга өвсний ханд болоод халгайгаар угаах нь сайн гэдгийг бид мэднэ. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөж буйгаар үсээ угаасны дараа мушгиж болохгүй аж. Мушгилт нь үсийг хугарамтгай болгодог байна. Намирсан хөвсгөр байдлыг алдагдуулдаг учир нойтон үед нь самнаж болдоггүй. Үсэндээ хими хийлгэх, сэнс, хайч, индүү хэрэглэх зэргээс аль болох татгалзах хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй биз.

Ө.МАНЛАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *