Categories
мэдээ улс-төр

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжсэнгүй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2018.06.13/ хуралдаанаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатанд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын хүний нөөц, түүний чадавхийг бэхжүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, шилжүүлэх ажлыг дэс дараатай, тогтвортой, тодорхой үе шаттай хийж төвлөрлийг сааруулах үйл явцыг эрчимжүүлэх шаардлага байсаар байгаа аж.

Иймд төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг боловсруулжээ.

Орон нутагт мэргэжлийн байгууллагын удирлагыг томилохдоо дээд шатны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга нь томилж байх зарчмыг баримтлан дараах өөрчлөлтийг оруулахаар төсөлд тусгажээ.

Ингэхдээ Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхийбайгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлөхөөр тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, хуулийг өөрчилснөөр улсын хэмжээнд цаг уурын мэргэжлийн хэчнээн хүний асуудал яригдах вэ хэмээн тодруулсан.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, тус газар нийтдээ 1893 хүнтэй ажиллаж байгаа гэлээ. Нийт 316 суманд 1-5 хүнтэй нэгж ажиллаж байгаа бөгөөд нэгжийн албан хаагчийг тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлөх болбол 1500-1600 хүний асуудал яригдана гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар төвлөрлийг сааруулах зарчмыг дэмжиж байгаа ч цаг уурын байгууллагын хувьд онцлогтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Сүүлийн үед газрын доройтол цөлжилт эрчимтэй явагдаж, нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдэн, 774 булаг шанд, 263 гол горхи ширгэсэн гэсэн тоо гараад байгаа энэ үед цаг уурын мэргэжлийн байгууллагыг илүү бэхжүүлж, төрийн бодлогоор дэмжиж байж тулгараад байгаа асуудлыг шийднэ хэмээлээ. 94 жилийн түүхтэй цаг уурын байгууллагын хувьд боловсон хүчнээ бэлтгэхэд ихээхэн цаг хугацаа орсон гэдгийг гишүүд онцлоод олон улсын түвшинд ойртож яваа, өвөрмөц онцлогтой, улсын хэмжээнд цаг уурын мэдээ бэлтгэдэг энэ байгууллагыг хөндөлгүй орхих нь зүйтэй гэж үзэж байна хэмээсэн.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь боловсруулалтын шаардлага хангахгүй байгаа учир төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн горимын саналыг гаргасан бөгөөд тэрхүү горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *